Үеийнхэн дундаа нарийн торгон мэдрэмжээрээ дууг урлан дуулж, хамгийн нандин мэдрэмжүүдийг сонсогчдод хүргэдэг дуучин болох С.Бахат “Ен Кеш” VIP тоглолтоо ON’N, OFF production house-ын тайзнаа тавих гэж байна. Тэрээр гарсан тайз бүртээ амьд хөгжим, амьд хоолойг хослуулан сонсогчиддоо өөрийн уран бүтээлээ толилуулдаг. “Ээждээ” хэмээх сонсогчдын чихэнд чимэг болсон Казакстаны уран бүтээлийг Монгол, Казах хэл дээр коверлон дуулснаар нь сонсогчид түүнийг эчнээ танина. Тэгвэл түүний “амьтай”, хүчтэй дуу хоолойг бие сэтгэлээрээ мэдрэх боломж С.Бахатыг сонсогчдод гуравдугаар сарын 18-нд олдох нь. С.Бахат дан ганц дуучнаар зогсохгүй ая зохиогч билээ. Дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран дуулсан “Сэтгэл харагдана” дууны аяыг өөрөө зохиосон гэхээр ямар торгон мэдрэмжтэйг илэрхийлж байгаа юм. Ингээд С.Бахаттай уран бүтээл болон тоглолотынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Сайхан хаваржиж байна уу, та. Уран бүтээлийн олз өндөр үү?
-Сайхаан. Сайхан хаваржиж байна уу, та. Тоглолтынхоо бэлтгэлийг хийгээд л байж байна даа(инээв).
-“Ен Кеш” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын нэрнээс яриагаа эмхэлье…
-Ен кеш нь дуутай үдэш гэдэг утгатай үг. Тоглолтод маань Казахын ард түмний сэтгэлд хүрсэн уран бүтээлүүд дуулагдах юм. Тэр ч утгаараа бүгдээрээ сэтгэлд хоногшсон, дуртай дуугаа дуулаад нэгэн сайхан үдшийг өнгөрүүлье гэдэг санаа. Нэрний утга санааг дэлгэрүүлбэл ганцаараа биш бүгдээрээ хамт дуулъя гэж байгаа юм.
-Энэ тоглолтод нийтдээ хэдэн уран бүтээлийг сонирхуулах юм бол?
-Тоглолтод нийтдээ 12, 13 казах уран бүтээл дуулагдана. Тоглолтын уур амьсгал ч сайхан болно гэж бодож байна. Урилгаар МУГЖ Ө.Уянга, МУСТА Х.Аягүль, МУСТА А.Түмэн-Өлзий, Маршал хамтлаг, Солэтэй хамтлагийн уран бүтээлчид оролцоно.
-Амьд хөгжимтэй тоглолт гэдэг дуу хөгжим сонирхогчдын сэтгэгдэлд их хүрдэг. Таны тоглолт бусад амьд хөгжимтэй тоглолтуудаас юугаараа онцгой вэ?
– Монгол Казах хэл дээр дуугаа хүргэдэг. Амьд хөгжимтэй казах концерт гэдэг утгаараа ялгарах байх.
-Монгол казак хэл дээр шинэчилж дуулсан дуунууд нь олны таашаалыг нэлээд хүлээдэг. Ковер хийж дуулах даа юун дээр түлхүү анхаардаг вэ?
-Коверлож дуулж байх даа, дууны утга санаа орчуулган дээр илүү түлхүү ажиллахыг хичээдэг. Монгол хэл дээр дуулж байх даа ч Казах дууны хэв маяг нугалааг нь шингээж өгдөг дөө. Дуу хөгжимгүйгээр би өөрийгөө төсөөлөхгүй байх. Тэр ч утгаараа уран бүтээлээ чанартай хийхийг боддог. Тэгээд сонсогчидтойгоо цуг ая дууны сайхныг мэдэрч, тэндээсээ таашаал авдаг даа.
-Амьд хөгжмийн хамтлагийнхаа талаар ярихгүй юу. Ямар жанраар уран бүтээлээ туурвидаг вэ?
-Би амьд хөгжмийн Маршалл хамтлагийн гишүүн. Манай хамтлаг энэ бүрлдэхүүнээрээ дөнгөж нэгдээд уран бүтээлээ эхлүүлж байгаа. Будаг нь ханхалсан шинэхэн хамтлаг гэх үү дээ. Харин миний хувийн уран бүтээлүүд ихэвчлэн поп жанрынх. Монгол Казах аль ч уран бүтээлээ поп урсгалаар дуулдаг. Ер нь дуу хөгжим гэдэг сайхан. Урлагийнхан чинь дэврүүн, оргилуун хүсэл эрмэлзэлтэй, гялалзсан хүмүүс байдаг. Тайзан дээрх нүргээн, тэр хөгжим үнэхээр гайхамшигтай.
-Та өөрийнхөө бага нас, нутаг усынхаа талаар ярихгүй юу?
-Дархан-Уул аймгийн Шарын-гол суманд бага нас минь өнгөрсөн дөө. Шарын голын эргээр л өссөн дөө.
-Их сургуулиа хаана, хэзээ төгсөв өө?
-Шарын голдоо 2008 онд 10 жилээ төгсчихөөд СУИС-д Дуурийн дуулаачаар элссэн. Тэгэхдээ Монгол Улсын гавъяат багш Ерөө багшийн удирдлага дор, Монгол Улсын гавъяат жүжигчин Ганхуяг багшийн удирдлага дор сурсан. Олон сайхан багш нараар хичээл заалгаж явлаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. Тоглолтыг нь заавал очиж үзнээ.
-Баярлалаа. Чамд ч бас амжилт хүсье. Дуутай үдэш дээр минь ирж, үдшийг дуу хөгжимтэй, сайхан өнгөрүүлээрэй.