БНСУ-ын “Asia Today” сонины Ерөнхийлөгч, ноён Ү Жон Сүн /Woo Jong Soon/ “Эрхэт Монгол” группын урилгаар 8 сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв. Уг айлчлалын үеэр “Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүлийн Гүйцэтгэх захирал, хатагтай С.Мөнхзул, БНСУ-ын “Asia Today” сонины Ерөнхийлөгч, ноён Ү Жон Сүн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт талууд сэтгүүл зүйн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвар бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг бий болгоход харилцан дэмжлэг үзүүлэх, сэтгүүлч болон контент солилцох зэрэг олон асуудлууд тусгагдсан юм.
“Asia Today” сонины Ерөнхийлөгч Ү Жон Сүн Монгол Улсад хийж буй ажил хэргийн айлчлал, хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан уулзалтдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “1990 онд Солонгос, Монгол хоёр улс нь дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын гэх мэт бүх салбарт найрамдалт харилцаа өргөжин хөгжиж байгаа. Өнөөдөр Азийн энхтайван ба хөгжил цэцэглэлтийн төлөө бага ч болов хувь нэмэр оруулахын төлөө зорьж ажилладаг “Asia Today” сонины хувьд “Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүл, Zindaa.mn сайттай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь олон улсад хүрээгээ тэлж байгаа онцлох үйл явдал болж буй тул маш их баяртай байна. Цаашид хоёр байгууллага нь харилцан хүндэтгэл, итгэлцэл дээр тулгуурлан олон чухал үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэхийн төлөө нарийн нягт хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн хэллээ.
“Asia Today” сонин нь XXI зуунд Ази тив дэлхийд тэргүүлэх түүхийг нээх, Ази тивийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулдаг Азийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох зорилт тавин ажиллаж байна. Энэтхэгийн Дели, Хятадын Бээжин хотод салбартай. “Asia Today” сонин нь БНСУ-ын хэмжээнд мобайл уншигчийн тоогоор тэргүүлдэг хэвлэлүүдийн нэг бөгөөд онлайн телевиз, мэдээллийн сайт, сэтгүүлээс бүрдсэн томоохон хэвлэл мэдээллийн байгууллага ажээ.
2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй “Asia Today” нь анх онлайн хувилбараар гарч, 2007 оноос эхлэн өдөр тутмын “Asia Today” сонин болон хэвлэгдэж эхэлжээ. Тус сонин 2008 онд хамгийн олон уншигчтай 10 сонины нэг болж, хамгийн их хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн хэрэгслээр шалгарсан төдийгүй 2012 онд англи, хятад хэлээр нийтлэгддэг “AsiaToday” вэб сайтаа нээж байв. 2015 онд “Asia Today” сонин Хамгийн олон уншигч, дэмжигчтэй No.1 өдөр тутмын сонин болж, өдөр тутмын сонинуудын дундаас хамгийн шилдэг онлайн мэдээллийн хэрэгслийн нэг болж, 2017 онд “AsiaToday” хамгийн олон хүн зочилдог сонины сайт болжээ. Түүнчлэн AsiaToday нь Хятадын томоохон портал Baidu-д мэдээгээ нийтэлдэг Солонгосын цор ганц сонин гэдгээрээ онцлог юм.
“AsiaToday” сонин нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, хавдартай хүүхдүүдэд туслах марафон, Сөүл хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн, “AsiaToday Green Construction Awards-2013”, БНСУ-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн баярын тоглолт, Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн тэмцээн зэрэг олон том арга хэмжээг зохион байгуулсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.
“Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүл нь 22 жилийн түүхэн замналтай хэвлэл бөгөөд 1996 онд байгуулагдсан “Зиндаа” сонины 20 жил, 2011 онд байгуулагдсан “Zindaa.mn” сайтын 5 жилийн ойгоор анхны дугаараа эрхлэн гаргаж байв. “Зиндаа” сэтгүүл нь 240-280 нүүрээр 2 сар тутамд хэвлэгддэг нийгэм, соён гэгээрлийн сэтгүүл бөгөөд 2017 онд МСНЭ-ийн шалгаруулалтаар “Монгол Улсын шилдэг сэтгүүл” өргөмжлөл хүртжээ. “Zindaa.mn” сайт нь өргөн мэдээллийн сайт бөгөөд одоогоор мэдээллийн сайтуудын эхний 10-т зүй ёсоор багтаж байгаа болно. “Зиндаа” сонины 22 жилийн ой, “Zindaa.mn” сайтын 7 жилийн ойн дээр ийнхүү Азийн улс орнуудтай хамтран ажиллах санамж бичгийн анхны гараагаа амжилттай эхэллээ.
Монгол Улсын хөгжлийн түүхийг Монгол хүний амжилтын дээдийг урлан бичиж уламжлуулан хадгалуулна гэсэн уриатай тус сэтгүүл Монголын хэвлэл мэдээллийн салбарт хурдацтай хөгжиж яваа чөлөөт хэвлэлийн нэг бөгөөд “Эрхэт Монгол” медиа группийн үйл ажиллагаанд чухал байр суурийг эзэлдэг. Тус хамт олон монголчуудынхаа амжилтын түүхийг дэлхий дахинаа таниулах анхны алхмаа хийж “Asia Today” сонинтой хамтын ажиллагаагаа ийнхүү эхлүүллээ.
Ц.Оюунчимэг
WWW.ZINDAA.MN