Иргэдийн санал хүсэлтийн дагуу Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэл дүүргийн Нутгийн захиргааны байгууллагууд болон бусад байгууллагын төлөөлөл иргэдтэй уулзаж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй “Иргэд агаарын бохирдол, нийтийн тээвэр, хог хаягдал, хот байгуулалт, газар олголттой холбоотой асуудлаар цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ асуудлын дагуу иргэдээс санал гомдол гарч байгаа. Иргэдийн санал дээр үндэслэж холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж байна. Налайх дүүрэгт ажлын байр хомс, иргэдийн амьжиргаа доогуур байна. Нийслэл ямар бодлого баримталж дагуул хотуудыг цаашид хөгжүүлэх болон Улаанбаатар хотын төвлөрлийг яаж бууруулах зэрэг асуудалд иргэдийн санал хүсэлтийг авч, хэрэгжилтэд анхаарч байна” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн төлөөлөл санал хүсэлтээ илэрхийллээ. Иргэд:
-Хот тохижилтын парк ашиглалтыг шинэчилж, техникийг сайжруулмаар байна. Налайх дүүргийн хог ачилтын машин муу, ажиллах хүн хүч бага байна. Налайх дүүрэгт барилга байгууламж барихад тохиромжтой газар. Элс, хайрга, тоосго, цементээ ч дүүргээсээ гаргах боломжтой. Гэвч хөгжил удаашралтай байна. 9 давхар хоёр орон сууц барьсан ч өндөр үнэтэй учраас хүмүүс орж чадахгүй байгаа юм. Хуучны хоёр давхар байрыг нурааж орон сууц бариулах саналтай байна.
-Арын гудамжууд гэрэлтүүлэггүй байна. Сайжруулсан түлшийг 14 хоногоор худалдан авах боломжтой болгох зэргээр анхаарахгүй бол хүйтэн өдөр 7 шуудай түлш хүрэлцэхгүй байна. Мөн 17-р ус түгээх байрны автомат төхөөрөмж ихэвчлэн эвдэрчихдэг. Хүүхдүүд ус авах үедээ тогонд цохиулах эрсдэл байгаа учраас анхааралдаа авахыг хүсэж байна. Мөн хорооноос иргэдэд шаардлага тавьж айлуудын хогуудыг ялгаж ангилдаг болгомоор байна.
-Газар авах өргөдлөө өгөх гэхээр хугацаа нь болоогүй гээд газрын алба огт хүлээж авдаггүй. Бага насны хүүхдүүдтэй учраас өөрийн гэсэн зуслангийн газартай болох хүсэлтэй байна. Мөнгөөр зарж байгаа газрууд олдож байгаа ч авах гэхээр хэтэрхий үнэтэй байна. Налайх дүүргийн иргэнийхээ хувьд 0,05 га газар, зуслангийн газраа авах хүсэлтэй байна.
-Налайх дүүргийн иргэд зэвтэй ус хэрэглэж эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Дүүрэг иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаарах хэрэгтэй. Утааны хор уршгаас урьдчилан сэргийлэхэд анхаарч лабораторийнхоо үйл ажиллагааг сэргээж ажиллуулах шаардлагатай байна.
Иргэдийн санал хүсэлтийн талаар Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар “Налайх дүүрэг 40 мянган хүн амтай. Гэр хороололд 7800 өрх байна. Агаар мэдрэгчтэй болгох, хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг шууд төв рүү өгөх үйл ажиллагаа хийгдэж байна. Сүүлийн үед шахмал түлшний нөөц хүрэлцэхгүй байна гэсэн асуудал яригдаж байна. Иргэд 15 хоног, сараар авах хүсэлтэй байгаа ч үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэмжээгээр нь өгөх боломжгүй байгаа юм. Гэхдээ дүүргийн хэмжээнд тодорхой зохицуулалтыг хийж байгаа. Залуучуудын оролцоог идэвхжүүлэх, ямар гаргалгаа шийдэл хүсэж байна гэдэгт цаашид илүү анхаарч ажиллана” гэсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ