Хуралдааны эхэнд Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал Нийслэлийн ИТХ-д танилцууллаа. Нийслэл дэх төрийн аудитын байгууллагаас санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд өөрчлөлтгүй гэсэн дүгнэлт өгсөн байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нийслэлийн төрийн болон тусгай сангууд, аж ахуйн нэгжүүд төрийн байгууллага бүхий нийт 226 байгууллагад аудит хийж, дүнг тусгажээ. 2022 оны хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Тиймээс нийслэлийн байгууллагууд бүх шатандаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстойг М.Эрдэнэжаргал онцоллоо. Мөн өнгөрсөн онд нийслэл хот анх удаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах 420 тэрбум төгрөгийн төсвийг баталсан бөгөөд, үүнд аудит хийж дүгнэлтийг Үндэсний аудитын байгууллагад хүргүүлсэн гэв.
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төр, түүний бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд шийдвэр гарсан. Энэ дагуу 2022 оны нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд санхүүгийн тайлангийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн аудитын явцад илэрсэн зөрчлийг арилгах, цаашид Төрийн хэмнэлтийн тухай хууль болон төсвийн тухай хууль болон холбоотой бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмжилжээ.
Нийслэлээс үнэт цаас гаргаж, арилжаалахыг намын бүлгүүд дэмжлээ
Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан. Нийслэлийн эрхзүйн байдлын хуулийн шинэчлэлээр бонд гаргаж, арилжаалах, хот өөрөө эдийн засгийн эх үүсвэртэй болох боломж бий болсон. Нийслэлийн бондыг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, автозамын сүлжээг өргөтгөх, зам, замын байгууламжийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор гаргахаар төлөвлөж байгаа аж.
Төсөл танилцуулагчийн зүгээс “Бонд гаргаснаар нийслэлийн төсвийн харилцаанд маш том өөрчлөлт авчирна гэж харж байгаа бөгөөд бондын хугацаа, хүү, эргэн төлөлт, хөрөнгө татан төвлөрүүлэх асуудлаар Сангийн яамтай хамтран ажиллана гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр хуулиараа улсын өрийн таазтай шууд хамаарах асуудал учраас төрийн байгууллагуудын хяналт дор Засгийн газар шийдвэрлэнэ. Бондоор санхүүжүүлэх төслийн хувьд Багануур дүүргийн үйлдвэр технологи, Налайх дүүргийн барилгын материал, Эмээлтийн аж үйлдвэрийн парк гэсэн гурван паркийг 50 тэрбумаар төсөвлөж, эхний ээлжид ТЭЗҮ-г бэлдээд байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Шинэ Улаанбаатар баруун терминал, Улаанбаатар ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв, их багтаамжтай авто зогсоол, такси үйлчилгээг хөгжүүлэх төсөл, дөрвөн улирлын хүлэмж зэрэг 2,6 их наяд төгрөгийн Хөгжлийн корпорацын төслүүдийг санхүүжүүлэх боломжтой гэж тооцоолж байна” гэж онцолсон юм.
Уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд зарчмын хувьд асуудлыг дэмжсэн санал дүгнэлт танилцуулж, төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ.
Төлөөлөгч С.Эрдэнэбаяр “Хот анх удаа бонд гаргаж байгаа нь тун чухал. Үнэт цаас гаргаж буй асуудал нь хуулийн олон үе шатыг дамждаг. Учирч буй саад бэрхшээлийг богино хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. Бондын асуудалд улс төрийн оноо авахаас илүү иргэдэд хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, нээлттэй мэдээлэх шаардлагатай” гэв. Төлөөлөгч Г.Гангамөрөн иргэд, аж ахуйн нэгжид ил тод нээлттэй байх зарчмын шаардлага тавьсан бол Төлөөлөгч П.Наранбаяр бондоор санхүүжих төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлэх хэрэгтэй гэв. Мөн Төлөөлөгч Д.Пүрэвдаваа хотуудын туршлагыг судалсан эсэх талаар асууж, судалгаанд суурилах нь чухал болохыг санууллаа.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаан үргэлжилж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ