Төрийн өндөр дээдсүүд Зөрчлийн тухай хуулийг иргэдийнхээ хэлэх үгийг боох, хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөөг ороолгох “ташуур”-аа болгон ашиглаж байна. Энэ Төрийн захиалгат “ташуур”-ын суранд хичнээн сэтгүүлч ширвүүлээд байгааг ч бид мэднэ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Мураттай дотно харилцаатай байсан гэх эмэгтэй “УИХ-ын гишүүн хүнээс гарамгүй ёс зүйгүй аашилж, өөрийнхөө бие эрхтний элдэв зураг, мессежүүдийг явуулдаг, өөрийнх нь эрх чөлөөнд удаа дараа халдаж, байнга дарамталж байгаа” талаар түүний мессежүүдийг баримтаар хавсаргаж, энэ асуудлаараа хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандсан. Энэ үеэр сэтгүүлч Д.Майцэцэг иргэний хүсэлт, ажил үүргийн дагуу түүний ирүүлсэн эх сурвалжид тулгуурлан мэдээ мэдээлэл бэлтгэсэндээ өнөөдөр буруутан болчихоод байгаа нь үүний нэг тод жишээ юм.
Сэтгүүлч Д.Майцэцэгийг “хүний хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан, задруулсан” гэх хоёр тусдаа зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан боловч мэдээллийг хууль бусаар олж авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хувийн нууц задруулсан гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна. Тодотгож хэлбэл, хуулийн байгууллага шалгаад Д.Майцэцэг тухайн мэдээллийг хууль бусаар олж авсан гэх үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэжээ. Хуулийн дагуу олж авсан мэдээллээ сэтгүүлч өөрийн мэргэжлийн үүргийн дагуу хэвлэн нийтэлж, хуулиар олгогдсон иргэний эрхээ эдэлж энэ асуудлаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хилсээр эрүүгийн хэрэгт шалгагдаж, шүүхээр шийтгэгдэх хэмжээндээ хүрэх нь ардчилсан нийгэмд байж боломгүй, шударга ёсны эсрэг үйл ажиллагаа болж байгааг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн /МСНЭ/ эвлэлээс анхаарч мэдэгдэл гаргасан.
Харин иргэд олон нийт МСНЭ-ийн гаргасан энэхүү мэдэгдлийн хариуд Зөрчлийн хууль нэртэй “ташуур”-ын тухай улам бүр ойлголттой болж, харин зарим нэг нам дамжсан, албан тушаал горилсон авлигачид Монголын сэтгүүл зүйг элдвээр доромжилж бичиж байгаад сэтгүүлчид гомдолтой байна. Тэдний нэг нь Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа авлигын хэргээр яллуулж байсан Ж.Пунцаг гэх этгээд юм. Тэрбээр Монголын сэтгүүл зүй, МСНЭ хэмээх дөрөв дэх засаглалыг элдвээр дайрч доромжилсон зохисгүй үйлдэл үзүүлсэнд сэтгүүлчид эмзэглэж байна. Ингэхдээ Ж.Пунцаг гэх авлигачин нөхөр эмэгтэй хүнтэй зүй бусаар харьцсан УИХ-ын гишүүн Д.Муратыг өмөөрөөд байгааг ч ойлгох юм алга.
Авлигачин Ж.Пунцаг МСНЭ-ийн гаргасан мэдэгдэлд ийм хариу өгч “тусыг усаар” хариулжээ. “Сэтгүүл зүй ч гэж дээ. Зүй нь бол ард түмнийг сайн сайхан бүхнээр гэгээрүүлэх ёстой атал харин ч эсрэгээрээ муу муухай бүхнийг улай үзсэн хэрээ шиг уудлана. Бас дээр нь болоогүй ээ, хүн шантаажилж хэдэн халтар цаас авч амь зогооно” хэмээн мэдэгдлийн дор сэтгэгдэл үлдээжээ. Үүгээрээ тэрбээр Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчдийг дайрч доромжлоод зогсохгүй Монголын сэтгүүл зүйн салбар, нийт сэтгүүлчдийг гүтгэсэн хэрэг өдүүлж байна гэж үзэхэд хүрлээ. Уг нь өөрөө авлига авч, “аавын” хаалга татаад сэтгүүлчдээс удаа дараа тус хүртэж явсан нөхөр шүү дээ. Ж.Пунцагийн санаагаар бол авлигачдын авсан авлигын талаар сэтгүүлч бид огт дуугарахгүй байх ёстой, улмаар шүүх хүчний байгууллагад мэдээлэл хүрч, тэд ял авахгүй байх ёстой байжээ. Ж.Пунцагийнхаар бол сэтгүүлчид нам хамаагүй сүлбэлдэж, албан тушаалын төлөө үхэлдэж явдаг хэн нэгний тухай ч дуу гаргах ёсгүй байж. Монголын сэтгүүл зүйн салбар бол албан тушаалын донтогчид, авлигачдаар амаа бариулчих бүлэг этгээд биш л дээ.
Түүний өдүүлсэн хэргийг сануулбал, Ж.Пунцаг нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ БНХАУ-ын иргэнээс авлига авсан гэх хэрэгт шалгагдан 2015 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял ногдуулж байсныг өдгөө дөрөв дэх засаглал болсон сэтгүүлзүй байтугай Монгол Улсын Төр ч мартаагүй байж таарна.
Нам дамжин сүлбэлдэж, Төрийн албанд удаа дараа шургалж явсан авлигач Ж.Пунцаг нь тухайн үед өдүүлсэн авлигын хэргийнх нь талаар мэдээ мэдээлэл цахим сайтуудад түгэж байх үед өдөр бүр л сэтгүүлчдийг “найз аа, ах аа, эгч ээ энэ мэдээг татаад өгөөч” хэмээн гуйж явсан гуйлтыг биелүүлж явсан нь сэтгүүлч бидний алдаа болж байна. Тэр ч бүү хэл унаж явсан Ж.Пунцагийг өрөвдсөн зарим сэтгүүлчид эерэг талд нь мэдээ мэдээлэл нийтэлж байсан нь засагдахгүй алдаа болжээ. “Өрөвдөхөд өр рүү өшиглөнө” гэгчээр эргээд Монголын сэтгүүл зүйн салбар руу нулимна чинээ санаагүйд л хамаг учир бий. Одоо харцгаа !!!. Ж.Пунцаг өөрт нь тус хүргэж явсан сэтгүүлчдийн эгнээнээс нэг нь өндөр албан тушаалд дарлуулан яллуулахаар улайрч байхад Д.Мурат мэтийг өмөөрч, сэтгүүлчээ өмгөөлсөн Сэтгүүлчдийн байгууллагыг хараан зүхэх нь юуны учир вэ. Эрх ашгийн төлөө хэнтэй ч, юутай ч нэгдэж чадах ийм авлигачдаас хол явах үүрэг сэтгүүлч бидэнд оногдож байгааг Ж.Пунцагийн үйлдлээс харж болно. Төр ч ийм авлигачдаас хол байхаа мэдэх хэрэг биз ээ.
С.Ууганбаяр
www.zindaa.mn