Харүки Мүраками
Нарийн боовны мухлагаас хулгай хийх гэж оролдсоноо эхнэртээ хэлсэн нь зөвдөв үү, буруудав уу гэж би одоо ч эргэлздэг. Гэхдээ энэ нь муухай юм хийсэндээ санаа зовсон хэрэг огт биш. Тэгээд ч буруу сонголт заримдаа сайн юманд хүргэдэг, эсвэл эсрэгээрээ байх нь олонтаа. Би л хувьдаа сонголт гээч зүйлд итгэдэггүй агаад хүн ер нь юуг ч сонгодоггүй, болох ёстой юм л болдог гэж боддог хүн. Ингэж үзвэл ялихгүй дээрмийнхээ талаар эхнэртээ ярьсан минь зүгээр л болоод өнгөрсөн хэрэг юм. Энэ тухай ярья гэж би огт бодоогүй, өөрөө ч тийм явдал болсныг мартчихсан байлаа. Гэхдээ “Нээрээн, тэр гэснээс…” гэж ярьж эхлээд ам алдсан хэрэг бас биш байв.
Мухлагийн тухай ярих үедээ би аймшигтай их өлсөж байсан юм. Шөнийн хоёр цаг болох гэж байхад болсон хэрэг л дээ. Эхнэр бид хоёр зургаан цагийн үед хөнгөхөөн оройн хоол идээд, ес хагасын үед орондоо орсон санагдана. Гэтэл яагаад ч юм шөнө дунд нэгэн зэрэг сэрэв. Хэдэн хормын дараа биднийг өлсгөлөнгийн дайрлага дайрав аа. Эгээ л хуй салхи шиг зүйл гэдэс ходоодонд эрчлээд ирсэн юмдаг. Хөргөгчинд хоол гэчихээр юм үгүй, саладны франц хачир, зургаан лааз шар айраг, хоёр хорчийсон сонгино, ганц хуруу цөцгийн тос, хөргөгчний үнэр дарагч л байлаа. Дэр нийлээд хоёр долоо хоночихсон байж бид хоёр бусад зүйлийг байг гэхэд хоол хүнс базаах тал дээр ч хослон амьдрахын дэгэнд ороогүй байжээ.
Тэр үед би хуулийн пүүсэд ажилладаг байв. Харин эхнэр загварын сургуульд бичиг цаасны ажил хийж байсан санагдана. Би 28-29 настай л байсан байх (хэзээ гэрлэснээ яагаад санахгүй байгаа юм бол доо). Эхнэр харин надаас хоёр жил, найман сарын дүү болохоор 26 орчим настай байж. Хүнс цуглуулна гэдэг тийм насанд бараг л хамгийн сүүлд санаанд ордог зүйл шүү дээ.
Эргээд унтах гэхээр өлсөөд болдоггүй, зүгээр хэвтьюү гэхээр бүр ч хэцүү байсан тул бид орноосоо өндийж, гал тогооны ширээний хоёр талд өөд өөдөөсөө харан зогслоо. Хөргөгчний хаалгыг ээлжлэн хэд ч онголзуулаад доторх зүйлс нь өөрчлөгдсөнгүй. Өнөөх л шар айраг, сонгино, саладны хачир, үнэр дарагч. Сонгиноо цөцгийн тосонд шарж болно. Гээд нэг муу хатсан сонгино ходоод баярлуулахгүй гэдгийг бид хоёр сайн мэдэж байв.
-Үнэртэн дотор шарсан саладны франц хачир зооглох уу, хатагтай? гэж би хошигнов.
Эхнэр маань яг л миний таамагласанчлан тоглоом шоглоом хийх гэсэн оролдлогыг минь үл ойшооно. Ааш занг нь засах гэж би
-Машинаа унаад гаръя. Шөнө ажилладаг хоолны газар хайя. Хурдны замын хажууд байж магадгүй гэж нэмж хэллээ. Түүнд миний санал таалагдсангүй.
-Шөнө дунд болж байхад яаж хоол эрээд явж байх юм бэ? гэж тэр хошуугаа унжууллаа. Манай хүн иймэрхүү зүйлд жаахан хуучинсаг л даа. Хариуд нь би хөнгөхөн санаа алдаад
-Тийм дээ хэмээн үгэнд нь оров.
Тэр үед эхнэрээ иймэрхүү санаа оноо (эсвэл таамаг) хэлэхэд тэр нь чихэнд минь их л хүчтэй цангинан хүрдэг байжээ. Дөнгөж гэрлэсний дараа тийм байдаг ч юм уу. Гэхдээ түүнийг шөнөөр идэх зохисгүй гэж хэлмэгц надад энэ удаагийн өлсгөлөн маш онцгой юм гэсэн сэтгэгдэл төрж билээ. Би ингэж их өлсөх үед дуршлаа дарахад хурдны замын дэргэдэх хоолны газрууд ч нэмэр болохгүй гэдгийг мэдэрч байв. Ийм хачин жигтэй өлсөх мэдрэмжийг яаж ч тайлбарламаар юм. Киноны дүр дүрслэлээр илэрхийлэх гээд үзье л дээ. Эхний кадрт би тэнгисийн тогтуухан уснаа жижигхэн завин дээр хөвж явна. Харин удаахад нь завинаасаа тонгойж, ус руу харахад тэнгисийн ёроол дахь галт уулнаас халуун уур савсаж үзэгдэнэ. Гурав дахь кадрт галт уулын орой тэнгисийн мандалд ойртох ч хэр ойр байгаа нь мэдрэгдэхгүй. Сүүлийн кадрт усны тунгалагаас болж орон зайн мэдрэмжээ хүртэл алдах шиг болно. Гарч хоол идэх тухай эхнэртээ хэлж, түүний татгалзсаны хариуд “Тийм дээ” гэж буулт хийсэн тэр хоёр, гуравхан хормын дотор надад ийм л дүр зураг харагдсан юм. Зигмунд Фройд биш болохоороо би энэ мэдрэмжээ чухам ямар учиртайг бүрэн ухаараагүй ч нэг талаар ямар нэг нууцлаг зүйлийн илчлэлт гэдгийг ойлгож байлаа. Энэ эвлэрэл л намайг эхнэрийнхээ үгийг үг дуугүй хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн байж мэднэ.
Эхнэр гадагш гарахаас татгалзсан тул бидэнд шар айраг уухаас өөр сонголт байсангүй. Тэгээд ч сонгино идэхээс хамаагүй дээр шүү дээ. Эхнэр маань шар айрганд дургүй болохоор хоёрыг нь эхнэр, дөрвийг нь би уухаар болов. Намайг эхнийхийгээ уух зуур гал тогооны тавиуруудыг тэр намрын хэрэм шиг нэгжиж, баахан юм онгичиж онгичиж нэгнийх нь булангаас цөцгийтэй дөрвөн жигнэмэг оллоо. Удаж, зөөлөрсөн байсан ч бид хоёр хоёроор нь, тамшаалан байж идэж орхив. Гэвч нэмэр болсонгүй ээ. Бид хоёрын өлсөх нь Синайн хойг шиг зах хязгааргүй агаад тэнд нь өчүүхэн жаахан жигнэмэг, балга шар айраг ямар ч ул мөр үлдээгээгүй мэт санагдана. Цаг хугацаа шөнийн харанхуйд загасны гэдэс доторх тугалган сум шиг зоогджээ. Би шар айрагны мөнгөлөг лаазан дээрх бичгийг нэг уншиж, бугуйн цагаа нэг харж, хөргөгчний хаалга руу дэмий гөлөрч, өчигдрийн сонинг дуртай дургүй эргүүлж зогсов. Эхнэр маань нам гүмийг эвдэж
-Амьдралдаа ингэж их өлсөж байсангүй. Гэрлэсэнтэй холбоотой юм болов уу? гэв.
-Тийм ч байж магад, үгүй ч байж магад гэж би хариулав. Түүнийг дахин элдэв юм онгичиж, идэх юм хайх зуур би өнөөх жижигхэн завиныхаа нэг тал руу налж суугаад усан доорх галт уулыг харлаа. Завийг минь тойрон долгилох тэнгисийн тунгалаг ус намайг тавгүйтүүлж, ар нуруу хавьд томоос том нүх үүсэн, би гарах гарцгүй болж байгаа мэт санагдаад явчихав. Ор хоосны энэ мэдрэмж өндөр байгууламжийн оройд гарахаар сүүлийн гишгүүр дээр гишгэхэд айдсаас чөлөөлөгдсөн мэт дөжирч орхидогтой эгээ адил юм. Өлсөх, өндрөөс айх хоёрын ийм ижил төстэй шинжийг анзаарсан нь надад шинэ нээлт байсан ч нэг л танил мэдрэмж мэт, өмнө нь ийм сэтгэгдэл төрж байсан мэт санагдах нь хачирхалтай. Өмнө нь хэзээ ингэж их өлсөж үзлээ?За, байз… Аан нөгөө… “Нарийн боовны мухлаг руу дайрахад” гэж би чанга хэлж орхив. Эхнэр гайхан
-Мухлаг руу дайрсаан? Юу яриад байна аа? гэж лавлаж асуув.
Ингэж л хамаг хэрэг эхэлсэн юм.
-Нэлээн дээхнэ би нарийн боовны дэлгүүрээс хулгай хийсэн юм. Хүн бага ордог, жижигхэн газар байсан. Талх нь ч гойд амттай биш. Гэхдээ бас муугүй. Гудамны жижиг мухлаг л даа. Эзэн нь бүх юмаа өөрөө хийдэг нэг хөгшин байлаа. Өглөө нь талх, боовоо барина. Харин тэр өдрөө хийсэн болгоноо зарж дуусгачихаад эрт хаачихдаг байсан.
-Яагаад заавал тэр газрыг сонгосон юм бэ?
-Том газраас хулгай хийх шаардлага байгаагүй. Талх л идье гэж бодсон болохоос бид ямар мөнгөтэй болъё гэсэн биш. Бид зүгээр л тэр газар луу зөвшөөрөлгүй орсон хэрэг. Дээрэм гэх ч хаашаа юм.
-Бид гэж хэнийг хэлж байгаа юм?
-Тэр үед байсан ганц сайн найз маань. Арваад жилийн өмнөх явдал шүү дээ. Оо ч авах мөнгөгүй, тийм л ядуу байлаа. Дандаа л өлсөж явна. Идэх юм олох гэж элдвийн юм хийсэн дээ. Нэг нь л тэр мухлагийн хэрэг юм.
-Ойлгохгүй юм.
Ингэж хэлээд эхнэр маань над руу их ширүүн харав. Өглөөний тэнгэрээс үл үзэгдэх оддыг эрж байгаа юм шиг л.
-Ажил хийж болохгүй байсан юм уу? Хичээлийнхээ хажуугаар ажил хийж болно шүү дээ. Дэлгүүр, мухлаг дээрэмдэхээс дээр байлгүй.
-Ажил хиймээргүй байсан юм аа.
-Одоо гэхдээ ажиллаж л байгаа биз дээ?
Би толгой дохиод шар айргаа шимэв. Согтууруулах ундааны хөөмөл лаг шавар тархины гүн рүү унаж, гэнэтийн хүчтэй өлсгөлөнтэй тэмцэлдэж буй мэт санагдана.
-Цаг цагаараа байх биш. Хүн ч гэсэн өөрчлөгддөг шүү дээ. Хоёулаа эргээд хэвтье. Өглөө эрт сэрнэ.
-Нойр хүрэхгүй байна аа. Тэр мухлагт болсон явдлаа ярьж өгөөч.
-Яриад байх юм байхгүй ээ. Адал явдалтай, сэтгэл хөдлөм юу ч болоогүй.
-Гэхдээ дээрэм чинь амжилттай болсон уу?
Би хажуулахаа азнаж, дахин нэг лааз шар айраг онгойлголоо. Эхнэр маань нэг сонирхоод эхэлбэл ямар ч юмыг дуусгаж байж л санаа нь амардаг хүн.
-Амжилттай гэх хаашаа ч юм. Бид хоёр ямар ч байсан хүссэн юмаа авсан. Гэхдээ төлөвлөснийхөө дагуу биш. Талхаа хулгайлаад гарах гэж байтал мухлагийн эзэн ирээд бид хоёрт зүгээр өгчихсөн юм.
-Үнэгүй юү?
-Яг ч үнэгүй биш ээ. Тэгээд л бүтэлгүйтсэн гээд байгаа юм. Мухлагийн эзэн сонгодог хөгжмийн хорхойтон байсан. Бид хоёрыг очих үед Вагнерийн удиртгалуудыг сонсож байж. Тэгээд бид хоёрт болзол тавьсан. Вагнерийн пянзыг бүхлээр нь сонсвол хүссэн хэмжээгээрээ талх авч болно гэж. Яаж ч бодсон хэнд ч халгүй санал болохоор бид хутга шөвгөө цүнхэндээ хийж, нэг нэг сандал аваад суусан даа. Вагнерийн “Тангейзер”, “Нисдэг голланд”-ын удиртгалыг сонссон санагдана.
-Тэгээд талхаа авсан уу?
-Авахаар барах уу. Бүр цүнхээ дүүргээд гарсан. Лав дөрөв, тав хоног тэндхийн талхыг идсэн юмдаг.
Ингэж яриад би дахиад шар айрагнаасаа балгав. Далайн ёроол дахь газар хөдлөлтөөс үүдсэн нам гүмхэн давалгаа жижигхэн завийг минь удаанаар дайвалзуулна.
-Ямар ч байсан хүссэнээ авсан. Талхтай болсон. Гэхдээ гэмт хэрэг хийсэн гэх аргагүй байгаа биз дээ. Солилцоо, наймаа байсан гэж болох юм. Хуулийн үүднээс бол бүр хэлэлцээ ч гэж болно. Мухлагийн эзэн аяга таваг угаалгаж, цонх арчуулна гэсэн бол бид татгалзах байсан байх. Гэтэл Вагнерийг санал болгосон гээд бод доо. Хэнд ийм санаа төрөх вэ дээ. Мухлагийн эзэн тэр хөгжмөөр биднийг хараасан байх. Одоо бодоход саналаас нь татгалзах хэрэгтэй байж. Зүгээр л улаан хоолойд нь хутга тулгаж байгаад, байсан бүхнийг нь хамаад гарах байсан юм. Тэгвэл асуудал үүсэхгүй байхгүй юу.
-Чамд ямар нэг хэцүү юм байгаа юм уу?
-Тэр гээд хэлэх юм байхгүй л дээ. Гэхдээ түүнээс хойш л юм бүхэн өөрчлөгдсөн шиг санагддаг. Би их сургуульдаа буцаж орсон, төгссөн. Ажилд орсон, албан хаагчийн шалгалтад тэнцсэн, чамтай танилцсан, гэрлэсэн. Дахиад хэзээ ч тиймэрхүү юм хийгээгүй. Нарийн боов, талх хулгайлах гэж оролдоогүй.
-Ингээд л болоо юу?
-Тийм ээ, ингээд л болоо.
Би сүүлчийн лаазаа задлав. Лаазны амсар дээр байдаг гогодоо цагариг зургаа болж, үнсний саван дотор загасны хайрс шиг үзэгдэнэ. Мухлагийн хэргээс болж өөр онц гойд юм болоогүй гэдэг нь мэдээж худлаа. Гэхдээ би тэр талаар эхнэртэйгээ ярилцахыг хүссэнгүй.
-Тэр найз чинь одоо юу хийдэг вэ?
-Мэдэхгүй. Юу ч юм нэг зүйлээс болж бид найзлахаа больсон. Түүнтэй таараагүй их удаж. Юу хийж явааг нь ч мэдэхгүй юм байна.
Эхнэр маань нэг хэсэг юу ч дуугарсангүй. Намайг өөрт нь болсон бүхнийг ярьж өгсөнгүй гэж бодсон байж ч болох. Гэсэн ч олон юм шалгаахгүйг хичээж байлаа.
-Тэр явдлаас болж уулзалдахаа больсон юм болов уу?
-Магадгүй. Тэр явдал хэн хэнд маань мэдэгдэлгүйгээр бидний амьдралд нөлөөлсөн ч юм бил үү. Талх, Вагнер хоёр хоорондоо ямар холбоотой байж болох талаар бид хоёр дараагийн хэдэн өдөр нь их ярьсан юмдаг. Бас саналыг нь зөвшөөрсөн нь зөв болов уу, үгүй юү гэж ч ярилцсан. Гэхдээ эцсийн дүгнэлтэд хүрч чадаагүй л дээ. Бүгд л хүссэнээ авсан болохоор зөв шийдвэр гаргасан ч юм шиг. Мухлагийн эзэн яагаад тийм хачин санал тавьсныг мэдэхгүй ч ямар ч байсан биднийг Вагнераар сэнхрүүлж дөнгөсөн. Бид ч талхаа авсан. Гэсэн ч тэр нь алдаа байсан юм шиг санагдаад байдаг юм. Шийдэгдээгүй, тайлагдаагүй тэр алдаа бидний амьдралд сүүдрээ тусгаад ч байгаа юм бил үү. Тэгээд л би хараал гээд байгаа юм.
-Тэр хараал одоо ч гэсэн үйлчилж байгаа болов уу?
Эхнэрээ ингэж асуух үед би үнсний саван дахь гогодоо цагаригуудыг ар араас нь тавьж, тойрог үүсгэж суулаа.
-Мэдэхгүй юм даа. Дэлхий ертөнц хараалаар дүүрэн байх. Ямар нь ч муу муухай юм дууддаг юм, бүү мэд.
-Гэхдээ чи л хараал гэж бодож байгаагаараа үгүй хийх ёстой биз дээ? Үгүй бол чамайг үхэн үхтэл чинь шаналгавал яана. Ганц чамайг ч биш, намайг ч гэсэн зовооно шүү дээ.
-Чамайг уу?
-Одоо би чиний хамгийн сайн найз болсон. Тийм биз дээ? Ер нь чи бид хоёр яагаад ингэж их өлсөөд байна гэж чи бодож байна? Би хэзээ ч ингэж их өлсөж үзээгүй. Чамтай гэрлээд л ийм юм мэдэрч байна. Чамд хачин санагдахгүй байна уу? Чамд туссан хараал надад ч гэсэн үйлчилж байгаа юм болов уу?
Би юу гэхээ мэдсэнгүй. Тойруулан зассан цагариган төмөрнүүдээ би буцаагаад үнсний саванд хийлээ. Түүний зөв, үгүйг мэдэхгүй ч ямар нэгэн зүйл хэлэх гээд байгааг нь гадарлав. Дахиад л тэсэхийн аргагүй өлсөж, толгой өвдөх шиг боллоо. Гэдэс ходоодны минь бүх л өвчин зовуурь тархины цөм рүү цахилгаан утсаар дамжигдан хүрч, бие махбод минь хэзээ мөдгүй эвдэрчих гээд байгаа оньсон төхөөрөмж мэт санагдана. Би дахиад л усан доорх галт уулаа харлаа. Тэнгисийн ус бүр ч тунгалагшиж, ойртож харахаас нааш галт уул байгаа, үгүй нь мэдэгдэхээргүй болжээ. Завийг минь тогтоох юу ч байхгүй, агаарт л хий хөвөөд байгаа мэт санагдаж, тэнгисийн ёроолын чулуу бүр хүрч үзмээр ойрхон харагдана.
-Хоёулаа хамт амьдраад хоёр долоо л хонож байна. Гэтэл надад юуных нь мэдэгдэхгүй, нэг л хачин төрх байдал мэдрэгдээд байгаа.
Над руу эгцлэн хараад ингэж хэлэхдээ эхнэр маань ширээн дээр хоёр гараа тавьжээ.
-Харин одоо учрыг нь оллоо. Чамд хараал хүрсэн байж.
-Юун төрх байдал билээ?
-Олон жил угаагаагүй, хүнд, тоос дарсан зузаан хөшиг таазнаас өлгөөтэй байх шиг санагдаад байдаг юм.
-Хараал биш ч байж магадгүй шүү дээ. Надад л тэгж санагдсан юм бил үү.
Би ингэж хэлээд инээмсэглэв. Харин тэр хариу инээмсэглэсэнгүй.
-Зөвхөн чамд тэгж санагдсан хэрэг биш байх аа.
-Яахав, чиний зөв болог. Үнэхээр хараал байжээ гэж бодъё. Тэгвэл яах ёстой вэ?
-Дахиад нэг нарийн боовны мухлаг дээрэмдье. Яг одоо. Өөр арга байхгүй.
-Одоо юу?
-Тийм ээ. Хоёулаа их өлсөж байгаа биз дээ? Дутуу орхисон юмаа чи гүйцээх хэрэгтэй.
-Гэхдээ одоо шөнө дунд болж байна. Онгорхой газар байгаа болов уу?
-Олдоно доо. Токио чинь том хот шүү дээ. Шөнөөр ажилладаг ганц ч гэсэн нарийн боовны газар бий байх.
Миний хуучин “Королла”-г хүлэглээд бид нарийн боовны мухлаг хайн шөнийн хоёр цаг хагасын үед Токиогийн гудамжуудыг самнаж гарлаа. Би жолоо мушгиж, эхнэр маань замчлагчийн үүрэг гүйцэтгэн, шөнийн гудмуудыг олз хайх өлөн бүргэд адил харцаараа нэгжиж явав. Харин эхнэрийн маань халаасанд үхсэн загас шиг хөндөлдөн хэвтэх урт, хөшүүн зүйл байсан нь Ремингтон хийцийн автомат гар буу. Хатуу гадар нь эхнэрийн маань гялгар хүрэмний халаасны дотортой хавирч хуурай, хяхтанасан дуу гаргана. Бид хоёр бас цанын хоёр хар баг, хэд хэдэн бээлий авч явлаа. Эхнэрт маань яагаад ч буу байсан юм, бүү мэд. Бидний хэн нь ч цанаар гулгаддаггүй болохоор цанын баг ч гэсэн хачирхалтай эд. Гэсэн ч эхнэр юу ч тайлбарлаагүй, би ч асууж шалгаасангүй. Тэр үед гэр бүлтэй байна гэдэг үнэхээр хачин юм байна даа гэсэн бодол төрж билээ.
Ингээд бүрэн тоноглолтой эхнэр бид хоёр шөнөөр ажилладаг нарийн боовны мухлаг хайн Ёоёогигоос Шинжүкү, Ёосүяагаас Акасака, Аояама, Хироо, Роппонги, Дайканяамагаас Шибүя хүртэл явав. Шөнийн Токиод янз бүрийн хүн, дэлгүүр хоршоо байх мөртлөө нарийн боовны мухлаг л байхгүй юм. Хоёр ч удаа бид эргүүлийн цагдаатай таарсан юмдаг. Нэг нь анзааргагүй царайлан замын хажууд зогсож байсан бол нөгөө нь биднийг машинтайгаа сэмхэн дагаж байснаа, гэнэтхэн хажуугаар шурхийгээд өнгөрсөн. Хоёуланд нь миний гар хөлөрсөн бол эхнэр маань тоосон шинжгүй явж байв. Нарийн боовны газар олтлоо тэр ер тайвшрах шинжгүй. Түүнийг суудлаа засах бүрт халаасан дахь буу нь хуучны дэрэн доторх гурвалжин будааны хальс шиг шажигнах мэт чимээ гаргана.
-Буцъя даа. Өдийд онгорхой газар байхгүй биз. Иймэрхүү юмыг төлөвлөж байж л хийхгүй бол…
Намайг үгээ гүйцээж амжаагүй байтал эхнэр “Зогсоорой!” гэж орилох нь тэр. Дугуйгаа чийхруулан байж машинаа зогсоохтой зэрэгцэн “Энэ байна!” гэж эхнэр дуу алдлаа. Замын хажуугийн дэлгүүрүүд бүгд үүдээ барьж, хоёр талаар анир чимээгүй ханан хэрэм үүсгэжээ. Үсчний газрын тод гэрлэн хаяг харанхуйд айж сэрдхийм хялар нүд шиг харагдана. Энэ шилэн нүдний цаана, 200-гаад метрийн зайд “МакДональдс”-ын хамбургерийн зурагтай тод гэрлэн чимэглэл байх бөгөөд энэ хавьд эднээс өөр үзэгдэх юм алга.
-Энэ чинь нарийн боовны газар биш байна шүү дээ гэж би хэлэв.
Харин эхнэр маань юу ч хэлэлгүйгээр бээлийтэй хайрцагнаас хар туузан наалтуур гаргаж, машины ард очлоо. Тэгээд миний гайхсан нүдний өмнө өвдөглөж байгаад машины дугаарын пайзан дээр өнөөхөө нааж, машины өмнө очоод бас л хийснээ давтав. Тэр хэзээний дадлага туршлагатай хүн шиг энэ бүхнийг хийх ажээ.
-Энэ “МакДональдс”-ыг дээрэмдэнэ ээ гэж хэлэхдээ тэрээр оройн хоол болсныг зарлаж байгаа мэт хачин тайван байв.
-“МакДональдс” чинь нарийн боовны мухлаг биш.
-Ялгаа юу байна? Чи жаахан уян хатан бай л даа. Алив, явъя.
Машинаа “МакДональдс”-ын зогсоол дээр тавиад буутал эхнэр даавуунд ороосон буу сарвайв.
-Энэ яваа насандаа би бууны гохон дээр дарж үзээгүй гэж намайг эсэргүүцлээ илэрхийлэхэд эхнэр
-Заавал буудах албагүй шүү дээ. Зүгээр барьж бай. Миний хэлснийг л хий. “МакДональдс”-т тавтай морил гэж хэлэнгүүт нь л багаа зүүнэ шүү. Ойлгов уу? Тэгээд багаа зүүмэгцээ байгаа бүх хүнийг нь нэг дор цуглуулаарай гэж тушаагаад
-Хоёулаа хэдэн хамбургер идэх бол? Гуч болох уу? гэж асуув.
-Болох байх аа гэж би арай ядан дуугарлаа.
Даавуунд ороолттой буу элстэй уут шиг хүнд, саргүй шөнө шиг хар юм.
-Заавал ингэх шаардлага байгаа юм уу даа? гэж би асуулаа. Үнэн хэрэгтээ энэ үгийн тал нь эхнэрт, тал нь өөртөө тавьсан асуулт байв.
-Байгаа. Ингэхгүй л бол болохгүй.
Лангууны ард зогсох “МакДональдс”-ын таних тэмдэг бүхий малгайтай охин биднийг инээмсэглэн угтаж
-“МакДональдс”-т тавтай морил гэж уриалгахан хэлэв.
Ийм орой болсон хойно “МакДональдс” шиг газар жаахан охид ажилладаг гэж огт бодоогүй байсан тул тэрхэн зуур би барьц алдлаа. Тэгэвч хормын дотор үүргээ санаж, багаа зүүв. Хаанаас ч юм гараад ирсэн багтай хосыг хараад охины царай хувьсхийгээд явчихав. Үйлчлэгчтэй яаж харилцах тухай “МакДональдс”-ын гарын авлагад иймэрхүү нөхцөл байдалд яах тухай заагаагүй нь мэдээж. “МакДональдс”-т тавтай морил гэж хэлснийхээ дараа хэлэх учиртай мэргэжлийн үгээ бэлтгэж байсан тэр л хөшүүн байдлаараа охины ам ангайн хоцорч, үг ч гарахааргүй болжээ. Гэсэн ч үүр хаяарахын хэрд үзэгддэг нарийхан хавирга сар шиг үл мэдэг инээмсэглэл завьжных нь хавьд нуугдаж байлаа.
Би хамаг хурдаараа буугаа гаргаж, үйлчлүүлэгчдийн хэсэг рүү чиглүүлсэн ч байгаа хоёрхон хүн нь оюутан бололтой, хуванцар ширээн дээр толгойгоо тавин унтжээ. Ширээн дээрх хоёр толгойны дэргэд гүзээлзгэний бололтой сүүн ундааны хоёр аяга үзэгдэх нь авангард зураг шиг харагдана. Тэд үхсэн юм шиг унтжээ. Лав л бидний ажиллагаанд саад хийх шинжгүй тул би буугаа буцаад лангуу тийш хандууллаа.
“МакДональдс”-ын гурван ажилтан л байв. Лангуун дээр зогсоо охин, нүүр нь өндөг шиг хэлбэртэй, 30 дөхөж яваа болов уу гэмээр, цонхигор менежер залуу, тогоочийн хувцастай, дүр төрхнөөс нь юу ч мэдрэгдэхгүй, оюутан баймаар туранхай жаал. Тэд бүгдээрээ миний барьсан гар бууны хошуу руу эртний Инкийн худаг руу өнгийх жуулчид шиг гөлөрч зогсов. Хэн ч орилж хашхирсангүй, хэн ч хэнийг ч айлгаж сүрдүүлсэнгүй. Буу их хүнд байсан тул би гохон дээр хуруугаа тавьсан чигтээ бууныхаа хошууг тооцооны машин дээр тавилаа.
-Би танд мөнгө өгье. 11 цагт орлогоо өгчихдөг болохоор их мөнгө алга л даа. Гэхдээ энд байгаа бүх мөнгийг ав. Бид даатгуулчихсан гэж сөөнгө дуутай менежер залуу хэлэв. Харин эхнэр маань түүний үгийг үл тоож
-Урд хаалгаа түгжээд, хаягаа унтраа гэж тушаалаа.
-Тэгж болохгүй ээ. Бид зөвшөөрөлгүй хааж болдоггүй юм.
Эхнэрийг хэлснээ давтахад би менежерт хандаж
-Хэлснийг нь л хий гэж анхааруулав.
Буу руу нэг, эхнэр рүү маань нэг харах менежер тээнэгэлзэж тээнэгэлзэж бууж өгөн, гэрлэн самбараа унтрааж, үүдээ барилаа. Аюулын дохиолол асаачих вий гэж би түүнийг дагуулан харж байсан ч “МакДональдс”-т тийм зүйл байдаггүйг бүгд мэдэх билээ. Магадгүй “МакДональдс”-ыг дээрэмдэх тухай хэний ч санаанд орж байгаагүй байх.
Гаднах том хаалгыг хаахад хоосон хувинг бейсболын бөмбөгөөр нүдэх мэт их чимээ гарсан ч унтаж буй хоёрыг сэрээж дөнгөсөнгүй. Бөх унтах тухай ярьсных, би их олон жил тэгж унтаагүй юм байна.
-Гучин том Мак өгчих. Авч явахаар гэж эхнэр хэлэв.
-Би танд зүгээр л мөнгөө өгчихье. Та тэгээд өөр газраас хүссэн юмаа ав л даа. Манай хамаг тооцоог баллачихна шүү дээ.
Менежерийг ингэж учирлахад би “Хэлснийг нь л хий” гэж давтан хэллээ.
Гурван ажилтан гурвуулаа гал тогоонд орж, гучин том Мак бургер хийж эхлэв. Оюутан-тогооч махыг нь шарж, менежер махыг талханд хавчуулж, охин боож байгаа харагдана. Хэн ч юу ч хэлсэнгүй.
Би том хөргөгч налж зогсоод, мах шарагч руу буугаа чиглүүллээ. Дугуй махан таташнууд хайруулын том дэлгэц дээр даашинзны бор дугуй толбонууд шиг харагдана. Шарсан махны сайхан үнэр биеийн минь бүх л нүх сүвээр дотогшилж, цусанд минь хүртэл шингэн, ор хоосноор таглагдаад байсан өлсгөлөнгийн үүрийг минь нээж, ягаарч эхэлсэн хана өөд нь мацаж эхлэв. Хажууханд овоороостой бургерийн хэмжээ өсөөд л байв. Нэгийг нь шүүрч аваад урж тасчин идмээр байсан ч тэгэх нь бидний ажиллагаанд зохистой, үгүйг мэдэхгүй юм. Хүлээхээс өөр аргагүй гэж би өөртөө хэллээ. Ядахнаа халуун гал тогоонд цанын багтай зогсоог хэлэх үү, халууцаж бүгчимдэнэ гэж жигтэйхэн.
“МакДональдс”-ынхан үе үе буу руу хялайна. Сандрахаар чих загатнаад байдаг тул би чигчий хуруугаараа чихээ маажаад байсан нь, тэгэх тоолонд бууны ам хөдлөөд байсан нь тэднийг айлгасан бололтой. Намайг сум алдчих вий гэж айсан байх. Гэхдээ гох нь түгжээтэй байсныг тэд мэдэхгүй, би ч тэдэнд хэлье гэж бодсонгүй.
Эхнэр маань бэлэн болсон бургеруудыг тоолж, хүнсний жижигхэн хоёр уутанд хувааж хийлээ. Тооцооны хэсэгт зогсох охин
-Ийм их бургерээр яах гэж байгаа юм бэ? гэж надаас асуув.
-Мөнгө аваад явж болно шүү дээ. Өөр юм авч идэхгүй юү. Гучин том Мак идэх ямар хэрэг байна?
Би дэмий л толгой сэгсрэв. Харин эхнэр маань түрүүчийн ширүүн дориун өнгөө өөрчилж, тайлбар тавьж гарлаа.
-Биднийг үнэхээр уучлаарай. Нарийн боовны газар олдсонгүй. Онгорхой газар байсан бол танайд орж ирэхгүй л байх байлаа.
Энэ үг “МакДональдс”-ынхныг тайвшруулав бололтой. Юутай ч дахиад юм асуусангүй. Эхнэр маань нэмж хоёр том “Кока-Кола” захиалж, энэ удаад мөнгөө төлөв. Хачин үйлдлээ эхнэр маань
-Бид хоёр, талх л хулгайлах гэсэн юм. Өөр юмгүй гэж тайлбарлахад охин дохьсон, сэгсэрсэн нь ялгагдахгүй, толгойгоо сэжлэв. Түүнд ямар санагдаж байгааг би мэдэрч байсан болохоор энэ үйлдэл нь ямар учиртай талаар гайхаж бодсонгүй. Эхнэр тортойгоо авч, би буугаа даавуунд нь ороож, бид дээрмээ дуусгав. Ширээн дээр унтаж байгаа хоёр сэрэх янз алга. Далайн гүнд хэвтэх загас шиг харагдах энэ хоёрыг нойрноос нь тэр гүнд хүртэл аваачихад юу хэрэгтэй юм бол доо?
“МакДональдс”-оос гараад бид хагас цаг хэртэй давхиж, эзэнгүй зогсоол олоод тухалж авав. Хоосон ходоодныхоо мухар луу би зургаан том Мак чулуудсан бол эхнэр дөрвийг идэж, хоёулаа “Кока-Кола”-гаа уув. Арын суудалд, торон дотор 20 том Мак үлдлээ. Биднийг гэнэтхэн дайрсан, хэзээ ч үгүй болохгүй мэт байсан айхтар хүчтэй өлсөх мэдрэмж гэгээ орохтой хамт үгүй болсон юм. Хотын дээр туссан нарны анхны туяа барилга байшингуудын халтар ханануудыг нил ягаан өнгөөр будаж, өндөр цамхагийн орой дээрх “SONY BETA” хэмээсэн аварга том зарлалын самбар аймшигтай хурц өнгөөр солонгорч эхлэв. Удалгүй хурдны замын дуу шуугиан шувуудын жиргээтэй сүлэлдэж, Америкийн цэргийн радиогоор кантри хөгжим явахад эхнэр бид хоёр нэг янжуур хувааж татлаа. Удалгүй эхнэр маань мөрөн дээр минь толгойгоо тавин амсхийв.
-Ийм юм хийх хэрэг байж уу? гэж намайг асуухад тэр өнөөх л итгэлтэй өнгөөрөө
-Байлгүй яах вэ гэж хэлээд нэг гүнзгий санаа алдсанаа намайг налсан чигтээ жаахан муужгай шиг унтаад өгөв.
Ганцаараа үлдсэн би завиныхаа нэг тал руу налж суугаад, тэнгисийн ёроол руу өнгийлөө. Өнөөх галт уул алга болчихжээ. Тэнгисийн мандал хөх тэнгэрийг тольдож, амгалан гэгч нь цэлийнэ. Сэвшээ салхинд хийсэх унтлагын торон хувцас шиг бичилхэн давалгаанууд завийг минь алгадахаас өөр юу ч эс мэдрэгдэхүй би завин дотроо хөлөө жийн, нүдээ анин суугаад хүчтэй давалгаа ирэхийг, тэр л намайг байх ёстой газар луу минь аваачихыг тэвчээртэйеэ хүлээлээ.