Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын мөрийн хөтөлбөрт тусгасан “Сэтгүүлчдийн ордон” барих ажил эхэлж, сэтгүүлчдийн орон сууцны шав тавихад бэлэн болсон талаар МСНЭ-ээс мэдээлэл хийж байна.
“Сэтгүүлчдийн ордон” Сүхбаатарын талбайгаас хоёр км-ын зайд буюу 32-ын тойрогт байрлах ба 678 кв.м талбайтай байх ажээ. Газрын асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шийдэж өгсөн байна. Нийт 16 давхар байхаар төлөвлөсөн “Сэтгүүлчдийн ордон”-ы барилгын ажлыг “Марс Констракшн” компани гүйцэтгэнэ.
“Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр, цалин хангамжийг нь нэмэхгүйгээр сэтгүүлчдээс хариуцлага нэхэх нь учир дутагдалтай. Тийм болохоор бид энэ ажлыг эхэлсэн. Мөрийн хөтөлбөрт тусгасан, төлөвлөсөн ажлууд эхнээсээ гараанаас гарч байна. Сэтгүүлчдийн ордон иргэдэд, олон нийтэд үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгана. Нийгмийн гүүр, нийгмийн дуу хоолой байхад нэгдэн нягтрах байр талбай, мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах орчин нөхцөл бидэнд хэрэгтэй байсан. Хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг эрхэмлэж, хөгжүүлэхэд энэ бүтээн байгуулалт, бидний гэр болох энэ ордон үр өгөөжөө өгнө. Сэтгүүлчдийг орон сууцжуулах ажил бүрэн шийдэгдсэнийг дуулгахад таатай байна. Цаг наргүй ажилладаг хэвлэл, мэдээллийн салбарынханд маань энэ мэдээж хамгийн чухал асуудал” гэж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэллээ.
Мөрийн хөтөлбөрт тусгагдсан “1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт барих 1620 айлын “Шинэ гүрэн” иж бүрэн цогцолбор хороололд 400 сэтгүүлчийг орон сууцаар хангахаар болсон ба өнөөдөр үүнийг баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурж байна. Ингэснээр ирэх 2019 онд эхний 100 сэтгүүлч тус байрнаас нэг кв.м-ийг нь 1.09 сая төгрөгийн үнээр худалдан авах боломжтой болно.
Уг хөтөлбөрт хамрагдах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг сонгохдоо сэтгүүлч, редакц, МСНЭ-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх замаар сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого баримтлах аж.
Хэвлэлийн бага хурлыг ШУУД ҮЗЭХ