1984 оны 8-р сарын 28-ны өдөр 18 настай охин Элизабет Фритзл ор сураггүй алга болов. Түүний ээж нь цагдаагийн газарт очин охиноо алга болсон хэмээн мэдүүлж олон хоног хайсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Гэвч нэг их удалгүй хаанаас ч юм мэдэхгүй нэгэн газраас түүний охины нэртэй захидал ирсэн бөгөөд уг захидалд “би гэр бүлийнхэнтэйгээ хамт байхаас залхаж байна, иймд өөрийнхөө амьдралаа өөрөө хөөлөө” хэмээх утгатай байв. Уг явдлыг шалгахаар цагдаагийн офицер Жосефийн гэрт очин уулзсан байдаг. Түүний эцэг охиноо өмнө нь шашны бүлэглэлд элсэх тухай ярьж байсан гэдгийг хэлээд гарцаагүй тэдэнтэйгээ хамт явсан бололтой хэмээн хэлжээ. Гэвч үнэн хэрэгтээ түүний эцэг Жосеф Фритзл охиныг чухам хаана байгааг хамгийн сайн мэдэж байлаа. Хөөрхий охин гэрийнх нь үүдэнд эцэгтэй нь ярилцан зогсож буй цагдаагаас ердөө 6 метрийн доор ам, хөл, гараа баглуулаад ямар ч хөдөлгөөн хийж чадалгүй хий дэмий л хэн нэгэнд найдан залбирч байв. Тэрээр охиноо доод давхрын зоориндоо нууц өрөө гарган тэндээ хорьж байлаа.
Охин өдрийн ихэнх цагт ердөө харанхуй өрөөний бохир ханыг л харан суудаг байсан бөгөөд энэ аймшигт там мэт амьдрал бүхэл бүтэн жилийн турш үргэлжилсэн юм. Энэ бүх хугацаанд түүний эцэг ээжид нь болон цагдаагийн албан хаагчдад өөрийн зохиосон хуурмаг түүхийг ярин итгүүлсээр байв. Тун удалгүй цагдаагийн газрынхан ч хөөрхий охиныг хайхаа больсон байна. Учир нь АНУ-д жилд дунджаар 45,000 орчим өсвөр насны хүүхдүүд өөрсдийн амьдралаа шинээр эхлүүлэхээр гэрээ орхин явцгаадаг аж. Жосеф Фритзл машин засаж зардаг нэгэн байсан бөгөөд өглөөний 9 цагийн үед тогтмол босон зоорь уруугаа буудаг уламжлалтай байлаа. Түүний эхнэр ч энэ бүх хугацаанд огт сэжиг аваагүй бөгөөд учир нь нөхрийгөө хэчнээн хөдөлмөрч нэгэн болохыг сайтар мэддэг байж. Машин засах нь түүний цор ганц амьдрал байсан юм.
Гэвч үнэн хэрэгтээ Жосеф бол жинхэнэ араатан байлаа. Тэрээр долоо хоногт хамгийн багадаа 3 удаа охин дээрээ очдог байв. Ихэвчлэн өдөр бүр очдог байсан гэж хэлж ч болохоор. Эхний хоёр жил түүнийг ихэнхдээ ганцааранг нь байлгаж зөвхөн хоол өгдөг байсан бол сүүлдээ зочлох бүртээ охиноо хүчинддэг болсон байна. 2 жилийн дараа Элизабет жирэмсэн болсон бөгөөд үүнээс удалгүй дахин жирэмсэн болгосон байдаг. 1988 оны 8-р сард түүний охин мэндэлж Керстин гэх нэр өгсөн бол хоёр жилийн дараа дахин хүү төрсөн нь Стефан байлаа. Керстин болон Стефан хоёр эхтэйгээ хамт хонгилын өрөөнд амьдрах болсон бөгөөд Жосеф тэдэнд долоо хоногийн хоол хүнсийг нь тогтмол өгдөг байлаа. Хөөрхий охин хүүхдүүддээ өөрийн биеэр бичиг үсэг зааж боловсрол эзэмшүүлж байсан бөгөөд хүүхдүүдээ амьдралын сайхныг ярьж өгөн өөрсдийгөө ямар хүнд байдалд байгааг аль болох мэдрүүлэхгүйг хичээдэг байв.
24 жилийн хугацаанд нэмж 5 хүүхэд төрсөн бөгөөд тэдний нэгийг нь ээж болон ах эгчтэй нь зооринд үлдээсэн бол нэг нь төрсөн даруйдаа нас барж үлдсэн гурвийг нь Жосеф өөрийн эхнэрийн хамт гэртээ өсгөн амьдарсан байна. Тэрээр энэ бүх хүүхдүүдийн учир шалтгааныг эхнэр болох Роусмэррид хэн нэгэн нь тэдний гэрийн үүдэнд хүүхдээ үлдээгээд явсан байна хэмээн тайлбарладаг байжээ. Өөрийн төрсөн охиныг алдсан гэж итгэсэн хөөрхий эмэгтэй эдгээр хүүхдүүдийг үрчлэн авч нөхрийнхөө хамт өсгөсөн байна. Гэхдээ тэрээр энэ бүх хүүхдүүдийг өсгөж байхдаа өөрийн ач хүүхдүүдийг өсгөж байна гэдгээ хэрхэн мэдэх билээ. Тэд хэзээ ч албан ёсны байгууллагаас эдгээр хүүхдүүдийг үрчлэн авах зөвшөөрөл аваагүй юм. Учир нь магадгүй үр тогтоох шинжилгээгээр аймшигт мангас өөрийгөө баригдаж магадгүй гэж айсных биз.
Энэ байдал бүхэл бүтэн 24 жилийн турш үргэлжилсэн гэхээр хэнд ч байсан хамгийн аймшигтай санагдах биз. Гэвч 2008 онд зоорины өрөөнд амьдрах хүүхдүүдийн нэг нь хүндээр өвдсөн байна. Хөөрхий охин Элизабет хүчирхийлэгч эцгээсээ 19 настай Керстинд эмнэлгийн тусламж өгөхийг гуйсан байдаг. Гайхалтай нь Жосеф түүнийг эмнэлэг уруу дагуулж явахыг зөвшөөрсөн юм. Тэрээр охиныг зоорийн давхраас гарган түргэн тусламж дуудсан байна. Эмнэлэгт хэвтэж байхад нь цагдаагийн албан хаагчид ирж Керстинээс гэр бүлийнх нь тухай мэдээлэл асуусан байна. Гайхалтай нь энэ бүх хугацаанд охины гэр бүл гэж нэг ч хүн ирээгүй бөгөөд охин ч гэр бүлийнхээ тухай мэдээлэл өгөхгүй байв. Иймд цагдаагийн албан хаагчид Жосефийг сэжиглэж 24 жилийн өмнө алга болсон Элизабет Фритзлийн хэргийг дахин мөрдөж эхэлжээ. Тэд охины бичсэн захидлыг дахин уншиж үзсэн бөгөөд уг захиа бодит байдалтай нэг л нийцэшгүй, яагаад ч юм цагдаагийн албан хаагчдад нэг л үнэмшилтэй бус санагдаж эхэлсэн байна.
2008 оны 4-р сарын 26-ны өдөр Жосеф 24 жилийн турш төрсөн охиноо хорьж цагдсаны эцэст түүнийг чөлөөлсөн байна. Охин суллагдсан даруйдаа хамаг хурдаараа эмнэлэгт очиж өөрийн охиныг эргэсэн юм. Эмнэлгийн албан хаагчдад энэ бүхэн сэжигтэй санагдсан тул цагдаагийн байгууллагад тэр дор нь мэдэгджээ. Тэрээр цагдаагийн албан хаагчдаас өөрийн төрсөн эцгийнхээ царайг дахин нэг ч удаа харахгүй гэсэн амлалт авсны эцэст мэдүүлэг өгч өөрийнхөө 24 жилийн гаслант амьдралын түүхийг ярьсан байна. Тэрээр эцэг нь түүнийг зоорин хонгилд хүчиндэж 7 хүүхэдтэй болгосон бөгөөд энэ бүх хүүхдүүдийн эцэг нь Жосеф гэдгийг хэлжээ. Тэрээр шөнө бүр орж ирэн порн кино үзэж байгаад түүнийг хүчинддэг байсан аж. Бүр 11 настай байх үеэс нь эхлэн бэлгийн дарамт үзүүлдэг байсан тухай ч хэлжээ.
Цагдаагийн албан хаагчид тэр шөнөдөө л Жосеф Фритзлийг баривчилсан байна. Түүнийг баривчилсны дараа зоорийн хонгилд байсан хүүхдүүдийг сулласан бөгөөд гадаа ертөнцийг огт хараагүй хүүхдүүд бараг л шоконд орсон байдалтай байв. Харин өнөөдөр Элизбет Фритзл нь Австри болон АНУ-ын засгийн газрын хамгаалалтад Австри улсын нэр нь үл мэдэгдэх нэгэн тосгонд 24 цагийн цагдаагийн хамгаалалт болно хяналтын камеран дунд маш нууцлагаар аж төрөн амьдарч байна. Уг гэр бүл хэнд ч ямар ч ярилцлага өгөхгүй бөгөөд тэдний эрхийг эрх зүйн тусгай актаар хамгаалсан аж. Тэрээр ямар ч зураг даруулаагүй бөгөөд түүний хамгийн сүүлчийн гэрэл зургийг 16 настайд нь дарсан байна. Учир нь бүсгүй өөрөө өөрийгөө нууцлахыг хүссэн бөгөөд хэрэв энэ нууц задарвал түүний хүүхдүүд болон гэр бүлд нь нэр хүндээ алдах гэх мэт аймшигтай аюул учрах болно хэмээн айсан байна. Тэднийг НҮБ-аас тусгайлан хамгаалалтад авсан гэж хэлж болно. Мөн иргэний үнэмлэх болон нэр, паспорт бүх зүйлээ өөрчлөн шинээр авч цоо шинэ амьдралаар хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа юм.