Энэ жил анх удаа зохион байгуулагдаж байгаа “Хятад Монголын найрамдал” хятад дууны тэмцээний хоёрдах шатны шалгаруулалт өнгөрсөн Бямба гарагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд болж өнгөрлөө.
Тэмцээний хоёрдах шатны шалгаруулалтад оролцогчдын хувьд түрүүлэх, мөн шагналт байранд шалгарах магадлал өндөрсөж байгаа учир тэд илүү өрсөлдөөнтэй, үзэгчдийн танхим хөгжөөн дэмжигчдээр дүүрэн, уур амьсгал оргилуун халуун байсан юм.
Хятад хэл, хятад дуу хөгжим сонирхогч залуус ийнхүү авьяас чадлаа уралдуулсны эцэст гуравдугаар байранд Л.Анхбаяр, Н.Сумъяасүрэн, Лхагвадорж нарын гурван залуу авьяастан орсон бол хоёрдугаар байранд Э.Анужин, О.Цолмон нар шалгарч, харин Б.Анхзаяа 94.1 оноогоор түрүүлж нэгдүгээр байрын эзэн болжээ.
Шагналын сан өндөртэй энэ тэмцээнээс хоёрдугаар шатны оролцогч 30 хүн тус бүр 1000 юаны урамшууллыг сертификатын хамт гардан авсан юм. Тэгвэл энэ сарын 18 нд Монголын хүүхдийн ордонд болох Гала тоглолтын үеэр гуравдугаар байрын эзэд тус бүр 5000 юаны, хоёрдугаар байрын эзэд мөн тус бүр 8000 юаны, тэргүүн байрын эзэн 10 мянган юаныг гардан авна.
Гала тоглолтод БНХАУ-д зохиогдсон монгол дууны тэмцээний шагналт байрын эзэд болох зургаан авьяаслаг залуус ирж оролцоно. “Хятад Монголын найрамдал” хятад дууны тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.