Монгол Улсын Засгийн газар “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” баталж олон ч ажлыг хийж хэрэгжүүлж эхлээд байгаа. Тиймээс энэ удаагийн дугаартай Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэгийг урин, хөтөлбөрийн явц, хэрэгжүүлж байгаа ажлын талаар тодруулга авлаа.
– Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Иргэдэд эрх зүйн боловсрол олгох ажил төрийн бодлогын салшгүй хэсэг байсаар ирсэн. Иргэдийн эрх зүйн боловсролын өнөөгийн байдал ямар түвшинд байна гэж үзэж байна? Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?
Тийм ээ. Монгол Улсын Засгийн газар, холбогдох эрх бүхий байгууллагуудаас эрх зүйн мэдээ, мэдээлэл болон мэдлэг түгээх бодлогын чанартай олон баримт бичиг урьд өмнө баталж хэрэгжүүлж байсан. Тухайлбал, эрх зүйн албан бус сургалтын, төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны гэх мэт хөтөлбөрүүд, “Сум, дүүрэгт эрх зүйн хөтөч (ухуулагч)-ийн ажиллах журам”, “Хууль зүйн салбарын мэдээ, мэдээлэл бэлтгэж, олон нийтэд хүргэх журам” зэрэг эрх зүйн баримт бичгийг баталж, хэрэгжилтийг хангаж ирсэн. Гэсэн хэдий ч иргэд өөрт шаардлагатай эрх зүйн мэдээ, мэдээллийг хүссэн газар, цагтаа авах нөхцөл боломж бүрэн хангагдаагүй, иргэдэд хүрч байгаа эрх зүйн мэдлэг, мэдээлэл нь нэгдсэн арга зүй, тогтолцоогүй, мөн өмнө нь хэрэгжүүлсэн арга хэмжээг системтэй, тасралтгүй үргэлжлүүлж чадаагүй зэргээс хамааран иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол, соёлыг дээшлүүлэх ажил хүссэн үр дүндээ хүрэхгүй байна. Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хяналт- шинжилгээ, үнэлгээний тайланд бүх нийтийн эрх зүйн сургалтын тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн боловч үр дүн хангалттай бус байна, хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлах ажил хангалттай бус байна гэж дүгнэсэн. 2016 онд Нээлттэй нийгэм форумаас иргэдийн эрх зүйн чадавхийн өнөөгийн байдалд хийсэн судалгаагаар иргэдийн өдөр тутмын амьдралд хууль, эрх зүйн мэдлэгтэй холбоотой тулгарч байгаа бэрхшээл, түүнийг шийдвэрлэж байгаа арга зам, нөхцөл байдлыг сүүлийн 3 жилийн байдлаар судалж үзэхэд санал асуулгад оролцсон иргэдийн 54.8 хувьд нь хууль, эрх зүйн үр дагавар бүхий ямар нэг бэрхшээл тохиолдсон бөгөөд тэдний 50.5 хувь түүнийг шийдвэрлэх ямар нэг оролдлого хийгээгүй байна. Хууль зүйн туслалцаа аваагүй иргэдийн 36.8 хувь юу ч хийгээд нэмэргүй гэж бодсон, 25.5 хувь юу хийхээ мэдэхгүй байсан, 17.3 хувь тийм ноцтой асуудал биш гэж үзсэн, 15.7 хувь нь ямар эрхтэйгээ мэдээгүй гэж хариулсан байна. Харин хууль зүйн туслалцаа авсан иргэдийн 40.8 хувь найз нөхөд, хамаатан садан, танил талдаа хандсан, 14.5 хувь холбогдох төрийн байгууллагад хандсан, 15.6 хувь цагдаагийн байгууллагад хандсан, 14.5 хувь нь хуульч, өмгөөлөгчид хандсан байна. Судалгаанд хамрагдсан 1630 иргэнээс өөрт нь тодорхой бэрхшээл тохиолдсоноос үл хамааран “Хэрэв ямар нэг бэрхшээл тохиолдвол хаашаа хандахаа мэдэх үү?” гэсэн асуултад 57.1 хувь нь “Мэдэхгүй” гэж хариулсан байна. Дээрх судалгааны дүнгээс үзвэл иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, аюулгүй байдлаа хамгаалах байдал хангалтгүй байгаа нь иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол дутмаг, өөрт тулгарсан асуудлаа хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх чадавх сул байгаатай холбоотой байна. Энэ байдлыг харгалзан Монгол Улсын Засгийн газар иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх асуудлыг төрийн бодлогодоо авч 2018 оны 2 дугаар сарын 14-ний 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.
Хөтөлбөрийн талаар танилцуулахгүй юу? Ямар онцлог, ач холбогдолтой, хэдий хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр вэ?
Хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын бүх иргэдийг эрх зүйн хувьд чадавхижуулах, иргэдэд хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах нөхцөлийг нэмэгдүүлэх, иргэдэд эрх зүйн анхан шатны үйлчилгээг ойртуулж, хуулийн үйлчлэлийг нэмэгдүүлэх замаар иргэдийг эрх зүйн хувьд чадавхижуулснаар эргээд төрийн байгууллагыг хариуцлагатай, үр нөлөөтэй ажиллуулахад шахалт үзүүлж тэрээр сайн засаглалыг хөгжүүлэхэд оршиж байна. Хөтөлбөр нь 2018-2023 онд 5 жилийн хугацаанд 2 үе шаттай хэрэгжихээр заасан. Тухайлбал, 1 дүгээр үе шат /2018-2020 он/- нд бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, 2 дугаар үе шат /2021-2022 он/-нд эхний шатны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заасан. Хөтөлбөрийн хүрээнд ерөнхий 22 үйл ажиллагаа, 91 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах нэгдсэн удирдлагыг аль байгууллага хэрэгжүүлж байна. Салбарын болон салбар дундын чиг үүргүүд нэлээн бий байх. Энэ талаар тодруулж өгнө үү? Мөн тухайлан Хууль зүйн үндэсний хүрээлэн ямар чиг үүрэгтэй ажиллаж байгаа вэ?
Хөтөлбөрийн хэрэгжилтийг Хууль зүй, дотоод хэргийн яам нэгдсэн удирдлагаар хангах ба эрх зүйн боловсролын агуулгын нэгдсэн байдал, салбар дундын уялдаа холбоог хангах, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих чиг үүрэг бүхий, хууль зүй, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн бүх нийтийн эрх зүйн боловсролын орон тооны бус Үндэсний зөвлөл ажиллахаар хөтөлбөрт заасан. Энэ дагуу тус хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар баталсан. Энэ Үндэсний зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд тэргүүлдэг бөгөөд бүрэлдэхүүнд орсон төрийн болон төрийн бус байгууллагууд тус тусын чиг үүргийн хүрээнд төлөвлөгөөнд тусгасан ажлыг хариуцаж удирдлага, зохион байгуулалтыг хийж ажиллах ёстой байгаа. Нөгөөтэйгүүр бүх шатны төрийн байгууллагууд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, мэдээллийг бүрдүүлэх, нэгдсэн сүлжээ үүсгэж ажиллах нь зайлшгүй чухал байна. Өөрөөр хэлбэл үндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлж, тодорхой үр дүнг гаргахын тулд бүхий л төрийн байгууллагын үүрэг оролцоо чухал байна. Хууль зүйн үндэсний хүрээлэн хууль зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, эрх зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллээр үйлчлэх чиг үүрэг бүхий байгууллага болохын хувьд Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тодорхой чиг үүргийг хариуцан хэрэгжүүлж байна.
Хөтөлбөртэй холбогдуулан хийж, хэрэгжүүлж байгаа ямар ажлуудыг ямар хэлбэрээр хийж байна?
Иргэдэд хамгийн хүртээмжтэй байж болох бүх хэлбэрийг судалж, эрх зүйн боловсролын довтолгоог хийнэ.Эрх зүйн судалгаанд суурилан эрх зүйн мэдээлэл, сурталчилгааг түгээх, сургалт явуулах, эрх зүйн туслалцаа үзүүлэх зэрэг арга замаар эрх зүйн боловсролын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл иргэдэд тэр дундаа онцлог бүлгийн тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, ахмад настан, алслагдмал, малчин иргэнд эрх зүйн боловсролыг хүргэх арга, онцлогийг судалгаанд суурилан тодорхойлж мэдлэгийг хүртээмжтэй, энгийн хялбарчилсан хэлбэрээр, цахим болон цахим бус байдлаар хүргэх, иргэдтэй ойр байх эрх зүйн биет хөтчийг сургаж эрх зүйн туслалцааны үндэсний сүлжээтэй тогтолцоо бий болгох, үүний зэрэгцээ мэдээ, мэдээллийг Монгол Улсын хаанаас ч олж мэдэх боломж бүхий эрх зүйн цахим хөтөч ажиллуулах зэрэг олон шинэ зорилт, арга хэмжээ түүнийг дагасан олон төрөл, зүйлийн ажлыг хийж эхлээд байна. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тендер шалгаруулалт явуулах замаар 6 багц ажлыг хийж эхлээд байна. Тухайлбал, эрх зүйн анхан шатны мэдлэг, боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл, байдал, хэрэгцээ, шаардлагыг судлах, энэхүү судалгаанд үндэслэн эрх зүйн сургалт, сурталчилгааны агуулга бэлтгэх, түгээх аргачлал, сургалтын хөтөлбөрийг бий болгох, эрх зүйн хөтөч бэлтгэх, зорилтот бүлгийн хэрэгцээнд тулгуурлан гарын авлагыг боловсруулж хэвлүүлэх, сургалт зохион байгуулах, иргэдэд эрх зүйн боловсрол, мэдлэг олгох богино хэмжээний теле цуврал кино, шторк бүтээх зэрэг ажлыг тус тус хэрэгжүүлж эхлээд байна. Иргэдэд нэн шаардлагатай хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг шуурхай өгөх, энэ хирээр иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд зохих хувь нэмэр болох үүднээс хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг утсаар шуурхай өгөх ажлыг эхлүүлээд байна. Өөрөөр хэлбэл иргэд өөрт тулгарсан тодорхой асуудлаар хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар гол нь энгийн утасны тарифаар 1800- 1202 дугаарын утсаар авах боломжтой болж байгаа юм.
Хөтөлбөрийн зорилтыг хангах хүрээнд хэрэгжүүлж буй нэг гол ажил бол хууль зүйн зөвлөгөө мэдээллийн цахим хөтөч буюу e-khutuch. mn цахим хуудас юм байна. Энэ цахим хуудас иргэдэд ямар мэдээллийг хүргэх вэ?
Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх нэг гол ажил нь иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан “e-khutuch. mn” портал цахим хуудсыг бүтээж, ашиглалтад оруулах ажил юм. Энэ цахим хуудсаар дамжуулан иргэн бүрийн эрх зүйн чадавхийг дээшлүүлэх мөн эрх зүйн сургалт, сурталчилгаа, хууль зүйн туслалцааны тусламжтайгаар иргэн өөрт олгогдсон эрх, үүргээ мэддэг болох төдийгүй хууль, хуулийн зохицуулалтыг ашиглан өөрийн эрх ашгаа хамгаалах мэдлэг, чадвартай болгон хөгжүүлэхийг зорьж байна. Цахим хуудас нь бүх насны иргэдэд төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл болон, эрх зүйн тулгамдаж буй бүхий л асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд туслах анхан шатны эрх зүйн зөвлөгөө, мэдээ, мэдээллээр хангах нэгдсэн мэдээллийн сан байх болно. Энэ мэдээллийн хэрэгслийг ашиглан Монгол орны өнцөг булан бүрээс өөрийн оршин суугаа газрынхаа эрх зүйн болон бусад холбогдолтой мэдээ, мэдээллийг авах боломж иргэдэд нээгдэх юм. Энэ ажлын хүрээнд “Нээлттэй нийгэм форум”- ын иргэдийн эрх зүйн чадавхийг дээшлүүлэх нь төслийн дэмжлэгтэйгээр тус цахим хуудасны агуулга, бүтцийг хийх, мэдээллийн агуулгыг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
Энэ хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэнээр иргэдэд ямар ач холбогдол, үр өгөөжтэй вэ?
Судалгааны үр дүнгээр иргэд өөрт тулгарсан асуудлаа хуулийн аргаар шийдэх чадавх сул байгаа нь иргэдийн эрх зүйн боловсрол дутмаг байгаатай холбоотой, улмаар хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадахгүй хохирох нөхцөлийг үүсгэж байна гэдэг нь харагдсан. Энэ байдлыг өөрчлөх нь л хөтөлбөрийн гол зорилго, ач холбогдол гэж хэлж болно. Хөтөлбөрийн эцсийн үр дүн ерөөс иргэдэд л чиглэнэ. Өөрөөр хэлбэл, эрх зүйн мэдээ, мэдээллийг иргэд хүлээн авсанаар өөрсдөдөө тулгардаг хууль зүйн үр дагавар бүхий асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх чадавх нэмэгдэнэ, асуудал тулгарахад хэнд хандахаа мэддэг болно, яаж шийдвэрлэдэг мэдлэг, мэдээлэлтэй болно. Гэхдээ энд би нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. Хэдийгээр эрх зүйн боловсролын довтолгоог бүх нийтэд төрийн бодлогоор хийж эхлээд байгаа хэдий ч иргэд өөрсдөө мэдэхийг эрмэлзэх, бидний бэлдэж өгсөн мэдлэг олгох ном, гарын авлага зэргийг уншиж судлах хэрэгтэй юм.
Цаашид хөтөлбөрийг үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэхэд юуг анхаарах шаардлагатай байгаа вэ?
Хөтөлбөрийг үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд нягт уялдаа холбоотой, санаачлагатай ажиллах шаардлагатай байна.Төрийн байгууллагууд өөрийн байгууллагын үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй хүргэх, хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан e-khutuch.mn цахим хуудасны мэдээллийг бүрдүүлэхэд хамтарч ажиллах, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг төсөвтөө тусгаж шийдвэрлүүлэх, тодорхой чиг үүргийг өөрийн байгууллагын нэгж зохих ажилтанд тухайлан хариуцуулах, Үндэсний зөвлөл түүний ажлын албатай нягт хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд идэвхтэй хамтарч ажиллах гэх мэт олон зүйл ажил тулгарч байна. Төрийн байгууллагууд өөрийн байгууллагын үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй хүргэх, e-khutuch. mn цахим хуудаст мэдээ, мэдээллээ иргэдэд зориулж бэлтгэж өгөх нь эргээд тухайн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг иргэд ойлгож мэдэх, тухайн байгууллагад хүндрэл учруулахгүйгээр асуудлаа өөрөө шийдэх чадавхитай болох ач холбогдолтой болох юм.
Таньд баярлалаа
сэтгүүлч Г.Дэлгэрбаяр