Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2019 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 1-3 хэм дулаан байна.
2019 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
3 дугаар сарын 3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 7 цаг 37 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.