Америкийн реппер XXXTentacion нас барснаас хойш түүний “Sad” хэмээх дуу нь хамгийн түгээмэл дуунуудын жагсаалт гаргадаг “Биллбоард”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлж, хоёр цомог нь шилдэг 10-т багтсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.
Уг дуу нь олон нийтэд цацагдсанаасаа хойш хамгийн дээд тал нь долдугаар байрт жагсаж байсан бол энэ долоо хоногт 52-оос 1-р байрт орж, Дрейкийн “Nice for What” дууны өмнө бичигджээ. Хорьхон настай залуу реппер өнгөрсөн долоо хоногт Флорида мужид буудуулан харамсалтайгаар нас барсан билээ.
Түүний “?” нэртэй цомог нь шилдэг 200 цомгийн жагсаалтад 24-р байраас 3-р байрт шилжсэн амжилтыг мөн гаргасан байна. Харамсалтайгаар амиа алдсан залуу уран бүтээлчийн дурсгалыг хүндэтгэх ёслол лхагва гарагт болох гэнэ.