Хавар болохоор л хүүхдээ аль сургуульд өгөх үү гэдэг асуудал эцэг эхчүүдийн толгойны өвчин болдог гэхэд хилсдэхгүй ээ. Ерөнхий боловсролын сургуулийн босгыг анхлан алхах гэж байгаа нэгдүгээр ангийн сурагчдаас элсэлтийн шалгалт авч уралдуулан элсүүлдэг улсын сургуулиуд хэд хэд бий.
Тухайлбал, 1, 31, 18, 23 зэрэг бүрэн дунд боловсрол олгодог сургуулиуд нь элсэлтээ авахдаа элсэн орох хүсэлтэй хүүхдүүдийн дунд шалгалт явуулдаг. Ингэхдээ шалгалтын хураамж гэж хамгийн багадаа 5 мянган төгрөгийг нэг хүүхдээс авдаг. Энэхүү шалгалтыг өгөх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй болдог учраас хүүхдийн тоо заадаггүй. Тодруулбал, 1000 хүүхэд шалгалтын бүртгэлийн хураамж төлөхөд 5.000.000 төгрөг цуглаж байгаа юм. Уг 1000 хүүхдээс 100 хүрэхгүй хүүхдийг шалгалтад тэнцлээ хэмээн авдаг гэдгийг эцэг, эхчүүд сайн мэднэ. Хамгийн дээд талын элсэлтийн шалгалтын хураамж нь 30 мянга байдаг гэнэ. Ийм овжин аргаар эцэг, эхийн халааснаас мөнгө угаадаг байдлыг удахгүй таслан зогсоохоор болж буй.
Харьяаллын дагуу сургах тойргийн сургуульдаа хүүхдээ өгдөг эцэг, эхчүүд улсын сургууль элсэлтийн шалгалт нэрээр мөнгө угаадаг гэдгийг тэр бүр сонсоогүй байдаг. Тэгвэл нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн 7.2 хувь /2018-2019 оны статистикаар/ нь хувийн сургуульд ордог бол, тодорхой тооны хүүхэд харьяалал харгалзахгүй шалгалтаар элсүүлдэг төрийн өмчит сургуулиудад суралцдаг юм.
Энэхүү харьяалал харгалзахгүй элсэлтийн шалгалтаар сурагчдаа элсүүлдэг сургуулиудын тоонд нийслэлийн физикматематикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль болон их сургуулиудын харъяа лицей сургуулиуд гэх мэтчилэн орно. Эдгээр сургуулийн босгыг хүүхдээ давуулчих гэсэн эцэг, эхчүүд халаасандах хэдэн төгрөгөө бариад “элсэлтийн шалгалтад бэлдүүлэх сургалтад хүүхдээ өгдөг” нь нууц биш. Уг сургалтын төлбөр нь дор хаяж эрчимтэйн 600 мянгаас төгрөгөөс эхэлж байх жишээтэй.
БСШУС-ын сайд зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх мөн төрийн өмч харгалзахгүйгээр ямар нэг шалгуур, уралдаан явуулж элсэлт явуулдаг байдлыг зогсоох тушаал гаргажээ.
Уралдаант шалгуур нэрээр 30-50 мянган төгрөгийн хураамж авч сургуульдаа оруулдаг явдал гарч байна. Энэ нь нэг талаараа бизнес болж байна. 1000 хүүхэд бүртгэж аваад 150 орчмыг нь л авдаг үзэгдэл их байна. Тиймээс энэ явдлыг зогсоох хэрэгтэй гэж үзсэн. Нөгөөтэйгүүр зургаан настай цэцэрлэг төгсөөд сургуульд орж байгаа хүүхдүүд ямар шалгалт өгөх вэ дээ. Дээрээс нь зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх тушаал гарсан. Энэ нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд аль алинд нь хэрэгтэй гэв.