Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
Монгол улсыг ардчиллаар овоглодог. Монголын ардчилал бол Монгол улстай өөртэй нь тэнцүү үнэ цэнтэй. Ардчилалд итгэх итгэл алдрах нь Монголд итгэл алдрахтай ижил юм. Эх орон, эрх чөлөөгөө хайрлаж хамгаалж явах нь Монгол хүн бүрийн зүрхний цадиг юм. Хэн үүнийг зөрчинө, гэсгээл хүртсүгэй.
Бичлэг
Бичлэг гарч гэнэ. Муухай юм гэнэ. Үзүүлж байна гэнэ. Уурлаж бухимдаж гэнэ. Хууль өөрчлөх юм гэнэ. Сүртэй юм биш гэнэ. Зөвхөн Зөвлөмж хүргүүлэх утгатай юм байх. Үндсэн хууль зөрчихгүй гэнэ. Зарчим, үзэл санаанд нь харшлахгүй гэнэ.
Хууль шүүхэд нөлөөлөхгүй юм гэнэ. Шийдэх газар нь шийдэх гэнэ. Зөвлөмжийг авч ч болно, хаяж ч болно гэнэ. Том өөрчлөлт биш гэнэ. Гэмгүй нэг л заалт гэнэ. Хамаг асуудал өөдгүй тэр бичлэгт л бий гэнэ. Гишүүн ингэж ярив. Тайган тэгж тайлбарлав. Сайд нэмж бархирав.
Харин дэлхий дээрхийн тухай шал өөрөөр яриад эхэллээ. Монголын тал харанхуй. Дэлхийн тал нартай. Шөнө өдөр сэлгэдгээрээ сэлгэх. Мэдээ шуугиан тардгаараа тарах. Манай тал “зөв” ярьж, дайсны тал “буруу” ойлгосон бололтой. Олон улсын хэвлэл мэдээллээр манай тайлбарчдынхаас таг эсрэгээр нь хэлж бичиж байх юм.
Мэдээнийх нь өнгө харуусал дагуулжээ. Дахиад нэг ардчилсан улс бурангуй, дарангуйд автлаа гэх маягтай. Бүр “Монголын хар өдөр” гэх шиг. “Азийн цээжин дэх ганц ардчилал амь тавих уу” гэж асууж ч байх шиг. “Нударга, эргэлт, уналт…” гээд. Ёозгүй дүгнэлтүүд. Онцгүй таамгууд. Хамгийн гол нь итгэл алдарсан байдал. Монголын эрх баригчдад хүн итгэхээ болихыг тэвчье гэж бодъё. Харин Монгол улсад итгэх итгэл алдрахыг тэвчиж болно гэж үү!!
Эрх чөлөө, хуулийн засаглал, нээлттэй байдал… Монголын гангараа байсан юм. “Монголын маргааш өнөөдрөөсөө илүү”, “Монгол улс хэцүү ч зөв замаар яваа”. Ингэж бид хэлэлцэж ярилцдаг. Ийм итгэл үнэмшилтэй байсан. Монгол улс энэ эрхээрээ, энэ байдлаараа ялгарч бас бахархаж ирсэн. Биднийг “ардчиллын баян бүрд” гэдэг байв. Үүнд маань итгэдэг хүн зон, улс орнууд нэмэгдэж байна уу? Хасагдаж байна уу? Байдал муудах тийшээ явж байна уу? Сайжрах тийшээ явж байна уу?
Ардчилал
Ардчилал бол бусад улсын хувьд тогтолцоо, сонголтын асуудал байх. Харин Монгол улсын хувьд бол бие дааж, оршин тогтнох гэвэл цор ганц олдсон аврал нь ардчилал юм. Ардчиллыг Монголчууд гоё, гэмгүй учраас шохоорхож авсан юм биш. Эрх чөлөө тусгаар байдлаа хадгалж өөрийн эрхээр амьдрах гэвэл үүнээс өөр сонголт бидэнд байгаагүй юм. Ардчилал бол Монгол улсын хувьд тусгаар тогтнол ч мөн, бие даах арга ч мөн, улс гэрээ засах сонголт ч мөн.
Ард түмний засаг бол ардчилал. Ардчилал бол хариуцлага. Хариуцлага бол хууль. Энэ тал дээр бидэнд маш их дутагдал бий. Буруу бий. Энд тулж ирээд бид алддаг, муудалцдаг. Хагардаг, хальтардаг. Энэ удаа ч ялгаагүй. Гэхдээ бидний шинэхэн алдаа илүү урхагтай, илүү төлбөртэй, илүү аюултай болоод явчихлаа. Учир нь Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хөндлөө. Ардчиллын амь, Монголын амийг хөндлөө гэсэн үг.
Монгол Монголоороо орших гэвэл бие даасан төртэй байхаас өөр аргагүй. Бие даасан төртэй байх гэвэл ардчилсан байхаас өөр зам байхгүй. Ардчилсан бие даасан төртэй, тусгаар улсын гол шинж бол хэнээс ч хамааралгүй бодлогоо тодорхойлж чаддагт оршдог.
Хууль
Бодлогыг хуулиар тодорхойлдог. Бие даасан хуультай орныг бие даасан бодлоготой, төртэй орон гэж хардаг. Тусгаар тогтносон улс гэж үздэг. Тийм газар зөв бурууг хуулиар ялгадаг. Хууль, хууль бусыг бие даасан хууль шүүхийн байгууллага – институт тогтоодог. Түүнийх нь үндэс шүүн таслах тогтолцооных нь халдашгүй байдалд оршдог.
Монгол хүн энэ байдлыг их эрт ойлгосон. Их улсаа хүртэл Их хуулиар тохинуулж явсан. Их шуналыг, их эрхийг хуулиар хязгаарлаж хааж явсан. Хууль гууль болох цаг дор Монгол уруудаж доройтсон байдаг. Тусгаар байдал, төр улсаа ч алдсан байдаг.
Монголчууд тусгаар тогтнолоо олно гэдэг бол хуулиа сэргээхтэй дүйдэг байсан. Цаг үргэлж тийм л байсан. Иймээс ч бид ардчилсан хувьсгалаа ардчилсан хууль гэж харсан. Үндсэн асуудлаа Үндсэн хууль гэж үзсэн. Шинэ сонголтоо шинэ хууль гэж зорьсон.
Алдарт хуульч Бяраагийн Чимэд хүртэл – Хууль бол улс юм гэж сургаж байсан. Орчин цагийн хэмжүүрээр ч “хуульд халдвал улсдаа халдлаа” гэж эргэлзээгүйгээр ойлгодог болжээ. Хуулийн бие даасан байдал бол улсын тусгаар тогтнол юм. Улсыг нь булаахын тулд хуулийг нь булаадаг аж. Хуулиа булаалгасан орон бол улсаа булаалгасантай адил юм.
Хувьсгал
Монголд ардчилсан хувьсгал өвлийн ид хүйтнээр эхэлсэн юм. Гучин жил болох гэж байна. Үүр цайсан. Хонх дуугарсан. Монголчууд сэрсэн. Дээл хувцсаа дутуухан өмсөөд гүйлдэж гарцгаасан. Монголын ардчилал хөр цасан дээр дөрвөн хөллөөд босоод ирсэн. Цай сүүнийхээ дээжийг өргөж, хурайлж угтсан.
Нэгнийхээ хамраас цус гаргаагүй. Чанга яригч барьж, цаас бичиг өргөж ухаан уралдуулсан. Цугласан, жагссан, тайван тэмцсэн. Сонгуульдсан. Олонх болсон ч баярладаг. Цөөнх болсон ч баярладаг байсан. Ялж ялагдах яах вэ. Бүгдээрээ бид эрх чөлөөтэй боллоо гэж баярлацгаадаг байв.
Монгол Монголоо олсон. Монголыг дэлхий олсон. Монгол хүн хувь заяандаа эзэн болсон. Эрхээ эдэлсэн. Сонголтоо хийсэн. Эцэг дээдсээ шүтсэн. Их түүхээрээ бахархсан. Эх соёлоороо гайхуулсан. Хөдөө гадаагүй сэрсэн, сэргэсэн. Хөгшин залуугүй хөгжилдсөн, баярласан. Хэлэх ярихаа цагдуулахгүй, санал бодлоо уралдуулдаг болсон. Чөлөөтэй явдаг, чөлөөтэй хийдэг туурвидаг болсон…
Хүн жаргаж болох бүхнийг Монголчууд бид олж авсан. Бидний эх орон байна. Бидний эрх чөлөө байна. Хийж бүтээх боломж бидэнд байна. Ардчилал гарснаар өмнө нь сайхан байсан зүйл муухай болсон юм биш. Сайн муугаа тэнцүүхэн хардаг болсон юм. Бусдын эрхээр биш өөрийн эрхээр л амьдардаг болсон.
Аюул
Харанхуй боллоо. Хурал эхэллээ. Санал хураалаа. Ээлжит сорилт бослоо. Аюул дэгдлээ. Цагаан морийг нохой ноцлоо. Монгол хүн сорилт тэмцлээс няцаж байгаагүй. Боссон шуурга Монголыг зогсоож чадах ч, буцааж чадахгүй. Эрх чөлөөг амталсан зүрхийг алж чадах ч, ялж чадахгүй.
Монголыг манжууд махалж бараагүй юм. Коммунизм цусалж дуусгаагүй юм. Түүхийн тээрэмд Монгол шиг зовсон үндэстэн ховор. Гэхдээ түүхийн хэлхээнд Монгол шиг тодорч боссон улс тийм ч олон биш. Энэ удаа ч Монголын талд түүх инээж л таараа.
Монголд ардчилал ирэхэд аюул нь дагаж ирсэн юм. Хорвоогийн талыг бүрхсэн улаан өнгөн дороос тэнгэр шиг хөхөрч Монгол нутагт эрх чөлөө тодорсон юм. Араатнууд эрх дураараа, ардчиллын тэр цагаан унагыг төрсөн цагаас нь овоо хараандаа авсан. Боломж гарах бүр ээрч хөөж, зулгааж, тасар татах гэж улайрсан. Гэхдээ тэр зулгаагч соёонууд дотроос нэг соёо онцгой хортой байлаа.
Монголын хувь заяа дээсэн дөрөөн дээр байлаа. Хуучин шинийн зөрчил туйлдаа хүрч байв. Ардчилал Монголд төрөх, эсвэл эрсдэх. Эх Монгол маань төрөхийн хүндрэлд шаналж, амь дүйсэн үе. Хүн бүр дутуу нойртой, санаа зовсон өдрүүд. Би 1990 оныурт хаврын тухай өгүүлж байна.
Соёот
“Нохой шиг хүнийг хүн гаршуулдаг”. Энэ бол эртний хэлц үг. Нохой болох хүн ховор байдаг. Харин гаршуулах эзэн, гарших хүн, орчин нөхцөл, хоол тэжээл, санаа зорилго. Ийм олон зүйл нэг дор нөхцөлдөх амаргүй. Гэхдээ нөхцөлдөж болдгийг соёотын түүх харуулдаг. Яг ийм нохой хэрэгтэй үедээ, хэрэгтэй эзэндээ 1990 оны эхээр Монголоос олджээ.
Монголын аюулгүй албаны буурал генерал нэгэнтээ дурссан байдаг. “Тэр хүнийг хятадын тусгай алба сонирхож байгаа мэдээг бид авсан. Мэдээ аваад бид судалж үзэхэд тэр манайхаас урьтаад хятадын тусгай албаны урхинд орчихсон байсан юм” гэж.
Хожим гаршуулагчдынхаа дунд суух цагаан шилбэтэй зураг нь ил болсон. Ян гэж эзнийхээ ачийг л “яаж хариулах вэ” гэж шаналж явдаг нь ч нууц биш болсон. Түүгээр ч барахгүй авсан өгсөн, идэж уусан зүйл, гүйцэтгэсэн даалгаврынх нь тухай мэдээлэл түмний жигшдэс төрүүлсэн. Тэр үйлдэл, улайлт бол жирийн хүн ч бай, нохой ч бай алин нь ч тэсэж гарах аргагүй урвалт байсан юм. Харин Цэндийн Нямдорж тэр дундаас хожоо гаргаж, Монгол улс хохирогч болсоор яваа юм.
Монгол бол нарийн улс төртэй орон. Манай улсын байршил, бидний сонголт, бидэнд тулгардаг бэрхшээл сорилтоос үүддэг. Бид цөөхүүлээ. Нэг хүн ч нэг гэхгүйгээр Монголын улс төрийг савлуулдаг, түйвээдэг. Нэг улс ч гэлээ Монголын амьдралд ахдах нөлөө үзүүлэх нь байдаг. Иймээс өөртөө найдах нь Монголын хувьд хамгийн зөв сонголт болсоор ирсэн юм.
1990 онд хийсэн сонголт бол Монгол хүн өөртөө найдсан сонголт байсан юм. Энэ сонголтоор “Монгол чадахгүй” гэсэн басамжлал мөхсөн. Харин Нямдоржид ийм сэтгэлгээний орон зай заяагаагүй юм. Тэр бусдаас хоол горьдож бусдын хүчинд үйлчлэх замыг сонгосон.
Нямдоржийн үйлдэл бол Монголын сайн сайхантай зохицохгүй. Монголын сайн сайхан бол Нямдоржид үл гүйцэгдэх хурд. Тиймээс энэ соёот галтай цучил зууж Монголыг араас нь түймэрдэж явдаг юм.
Урвалт
Хамгийн утгагүй тэмцэл бол үнэ цэнгүй хүнтэй тэмцэхэд оршдог. Цэндийн Нямдорж бол үнэ цэнтэй хүн биш. Учир нь түүнд үнэ цэний тухай ойлголт оршдоггүй. Харин тэр үнэ цэнтэй юмыг олж зуухдаа гаршсан. Тэр хууль, бодлогод хор шингээж Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг хорлодог хүн. Өөрт нь ашигтай бол янагшиж гийнадаг, ашиггүй бол шүлсдэж дайрдаг. Тэр зүсээ яаж л бол яаж хувиргана. Шалбааг ч долооно. Шатар ч мэрнэ.
Нямдоржид аюултай зэвсэг нэг бий. Тэр бол түүний өш хонзон. Түүний шүд. Тэр сэдэв олж зуухдаа сурамгай. Тэр нил ялгадасан дундаас ч сэдэв олно. Чадлаа урвалтаас авдаг. Тиймдээ ч мууд дээрэлхүү. Тэр шахааны зөрүүнд мэргэшсэн. Шаахайны том жижгээр эзнээ таньдаг л этгээд.
Ц.Нямдорж бол Монголын төрийн амин судсанд соёо нь гүнзгий шигдсэн хорлогч. Хэрэв тэр Монголын төлөө хүн шиг явсан бол хүн шиг харьцахсан. Тэр Монголоо, эрх чөлөөгөө, ард түмнээ гэсэн үнэтэй бүхнийг түүж зуудаг. Эзэд нь ч түүнийг “стратегийн даалгавар”-аар тэжээж Монголд ашигладгаа нууж байгаагүй. Эхнээсээ л тийм байсан. Тэр одоо ч харь эздийнхээ сонирхолд үйлчилсээр л байгаа.
Нямдорж Монгол улсын амин эрх ашгийг харийн даалгавраар бусниулж ирсэн. Тэр илчлэгдсэн. Илчлэгдээд бүр цагаандаа гарсан. Тэр сүүлдээ даалгавартай ч, даалгаваргүй ч Монголыг хорлодог болсон. Нямдорж Монголд юу тустай, юу тусгүйг ч мэдэхээ байсан. Түүний Монголд тарьсан гайг тоймлох нь цагийн баруул мэт боловч, заримыг нь дугаарлаж үлдээх нь сургамжтай.
Нэг: Монгол улсын хуулийн салбар. Шинэ Монголыг хорлох ажлаа Нямдорж эндээс эхэлсэн. “Монгол улсын Засгийн Газрын хуралдаанд болон Улсын Бага Хурлын чуулганаар хэлэлцэх асуудал, төсөлд нөлөөлж чадах уу?”. Нямдоржоос эздийнх нь асуусан эхний асуулт энэ. Нямдорж түүнд “Чадна” гэж хариулсан байдаг. Монголын аюулаас хамгаалах байгууллагын илтгэх хуудсанд тэмдэглэл болж туссан энэ баримт хожим бас ил болсон. Монголын хуулийг самрах бол Монгол улсыг самрахтай тэнцэнэ. Саарал ордонд нэвтрэх эрхтэй болж, хариас үүрэг авч эхлүүлсэн түүний энэ ажил 30-н жилийнхээ нүүрийг үзэж байна.
Хоёр: Нямдоржийн Хятадын тусгай албанаас 1990 оны их өөрчлөлтийн дундуур авсан өөр нэг даалгавар бол “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой байдаг. Түүнийг хянаж байсан гүйцэтгэх ажлын баримтад энэ тухай яригддаг. Нямдоржийн “Эрдэнэт” үйлдвэрийг сааж иддэг гинжин холбоо одоо болтол тасраагүй. Улс орны саалийн үнээг эхлээр хөхөж амташсан хүн. Хулгай ч энд бий. Гэмт үйлдлүүд ч энд бий. Энэ үйлдвэрийн эргэн тойрон дох явдлууд Монгол улсын эдийн засгийн бие даасан чадавхтай шууд уялддаг. Бүр цаашилбал Монгол улсын амин эрх ашиг бүхий олон зангилаа асуудалтай холбогддог.
Гурав: Цэндийн Нямдорж бол улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах байгууллагад өш санасан хүн. Монгол улсын тусгай албанаас түүнд тухайн үед анхааруулга өгсөн байдаг. “Та улс орны аюулгүй байдалд аюул учруулж болох үйл ажиллагаанд холбогдлоо” гэж. Монголын төрд зүтгэж байгаа хүнд хэн ч зөрчих эрхгүй цор ганц – алтан дүрэм байдаг. “Монгол улсын эрх ашгаас урвахгүй. Бусад улсын эрх ашигт үйлчлэхгүй”.
Монголын түүхт төрийн энэ алтан дүрмийг илтэд, эрээ цээргүй зөрчсөн хүн бол Цэндийн Нямдорж. Үүнийг нь мэргэжлийн байгууллага тогтоосон. Тэр энэ байдалдаа гэмшсэн шинжгүй явдаг хүн. Энэ үйлдлээрээ Нямдорж Монгол түмний нүдэнд, хойч үед буруу үлгэр болж, нүгэл үйлдсээр байгаа юм.
Нямдорж бол Монголын төрийн итгэлийг удаа дараа шившигтэйгээр эвдсэн. Монголын төрийн буурал түүхэнд хууль хулгайлж шийтгэгдсэн цор ганц төрийн өндөр дээд албан тушаалтан. Их хурлын дарга болж суучхаад, Их хурлынхаа хууль тогтоох дээд эрх мэдлийг хулгайлж явсан хүн. Түүнд хулгайлаагүй юм Монголд үлдээгүй. Түүнд үнэн байхгүй.
Монголчууд урвалтад дургүй хүмүүс. Сайд түшмэд нь урвахад бүр дургүй. Хүний хир баргийн алдааг өршөөдөг Монголын цайлган, ууч сэтгэл урвалтыг үзэж чаддаггүй. Монголд урвалтыг зөв гэж үздэг, ажил амьдралынхаа дадал хэвшил болгосон ганц хүн бол Цэндийн Нямдорж. Тэр Эрүүгийн шинэ хуулиас “Эх орноосоо урвах” гэсэн заалтыг хасуулах гэж хүртэл шуугиулж байсан. Тэр шүүхийг ч татан буулгах гэж сүрдүүлж хууль барьж гүйсэн.
Зуулт
Нямдорж бол шорон тогтолцоонд талтай хүн. Монголд өрнөсөн ардчиллыг дэмжиж нэг үг дугарсан удаагүй. Тэр ардчиллыг үргэлж зууж, урж сэглэж ирсэн. Ардчилал бол аллагын өмнө хүчин мөхсөддөг тогтолцоо. Гэхдээ ардчилал бол аллагатай зэрэгцэн оршдоггүй. Ардчиллыг хуулиар хамгаалдаг.
Алуурчинтайгаа цуг амьдардаг нийгэм гэж үгүй. Тиймээс хууль шүүх, цээрлэл шийтгэл оршдог. Бидний мэдэх аль ч нийгэмд аллагыг зөвтгөж байгаагүй. Алуурчдаар бахархаж байгаагүй. Харин хар цагааныг хуулиар л ялгаж шийдэж ирсэн.
Бид хүний амийг, хүн гэсэн хүндэт нэр төрийг эрхэмд үздэг улс болох гэж зорьж яваа. Монгол бол хүнийг тарчлаан зовоохыг буруу гэж үздэг улс. Хүнийг хилсээр хэлмэгдүүлэхийг байж болохгүй, хууль бус гэж зарласан орон. Алдаа гарсан бол залруулах хуультай. Шийдэх шүүхтэй. Тийм боломжийг бүрдүүлсэн улс.
Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Монголын нэн шинэ түүхийн улаан толбо юм. Зоригийг хэн алсныг, хэн үүнд хамааралтайг, ямар сэдэл учир холбогдлоор энэ хэрэг үйлдэгдсэнийг олж тогтоох нь Монголын мөрдөн шалгах, шүүн таслах байгууллагын ажил. Яагаад энэ хэрэг илрэхгүй олон жил болсны учир шалтгааныг бас олж тогтоох. Мөн сүүлийн үед өрнөж байгаа асуудал, хардлага сэрдлэг бүрийг шалгаж мухарлах.
Цэндийн Нямдоржийн нохой үйлдлийг Монголын хэрсүү ард түмэн анхааралтай ажиглаж байгаа. Тэр тусмаа ардчиллаа аминаасаа илүү хайрладаг ардчиллын хашир партизанууд. Тэд Нямдоржийн гаргаж буй ааш аяг, үзүүлж харуулж, үйлдэж хэлж яваагийн цаана юу нуугдаж, тэр юу нууж явааг нэвт харж бас хэлэлцэж байгаа. Зоригийн амь насыг бүрэлгэснийг сонсоод тэд бүгдээрээ Зориг болсон юм. Ардчилал руу шаасан алуурчны хутга тэднийг бүгдийг нь шархлуулсан юм.
Нямдорж бол Зоригийг ганцаараа гэж андуурч байгаа юм. Зориг бол ардчилалд хайртай зүрх бүрийн тоогоор оршдог. Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн учиг бүрэн тайлагдтал тэдний зүрх амрахгүй. Нямдорж Зоригийг хөнөөсөн хэрэгт нөхдийг нь гүтгэж захиалагч, гүйцэтгэгчээр нь нэр бүхий гэмгүй хүмүүсийг тодруулж, тамлан зовоож “даргагүй нам сонгуульд яаж ордгийг харна” гэж занаж тохуурхаж байсан.
Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Нямдоржийн хувьд улс төрийн амьдралаа уртасгах, ээлжит сонгуульд нэр дэвших, ардчиллыг дарах хэрэгсэл болж ирсэн. Өнөөдөр ч тийм л байна. Нямдоржид эрүү шүүлт амссан хүмүүсийн эрхийн асуудал хэзээ ч сонин байгаагүй. Сонин байсан бол шоронгоор нь дүүрэн л байгаа. Тийм үнэлэмж ч түүнд үгүй. Тэдний зовлонгоор зоолж, улс төр л хийж, сонгуулийн нүүрээ шинэчлэх гэж яваа хүн.
1930-аад онд Монголын цөстэй, нэртэй бүхнийг залгисан Жамбалдоржийн эрүү шүүлт Нямдоржийн үед ч үргэлжилсэн. Шинэ мянганы эхэнд өөрийнх нь нэртэй хар хуульдаа ч эрүү тамалгаагаа хадгалсан. Тэр эрүү шүүлтийг халах шинэ цагийн хууль, хуулийн заалтыг өөрөө эсэргүүцэж унагасан. Мөрдөх хугацааг нь хориг тавиад ч дийлдэлгүй хойшлуулсан. Тэнд байсан шинэчлэл, өөрчлөлтийг улдан зулгааж өөрчлүүлсэн.
Зоригийг алсан алуурчид илэрсний адил, аллагын захиалагч хатгагч нь илэрч л таараа. Үүссэн нөхцөл байдлыг Монголын хууль шалгаж л таараа. Алдаа гарсан бол алдаагаа засаад сургамжаа аваад, хуулиараа шийдээд л явна. Хэрэгт хохирсон Монгол улс байгаа цагт хэргийг хаана гэж л лав байхгүй байх. Зориудаар, санаатай будлиан хутгасан бол түүнийг ч шалгаж нягталж л таарна. Гэрчтэй, үйлдэлтэй, ул мөртэй бүхнээ баллаж устгаж чадахгүй. Энэ бүхнийг харах, хянах, хамгаалах, баримтжуулах ажлаа Монголын хууль, хуулийнхан хийж байгаа байлгүй дээ.
Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд Ц.Нямдоржийн гаргаад байгаа үйлдлийг би үнэхээр гайхдаг. Улсын маань Хууль зүйн сайд хүн. Захиалагч хатгагчийг олох шалгах эгзэгтэй үед. Ийм авир гаргах ямар шаардлага байв? Алуурчдыг мөрдөн шалгахад хууль зөрчигдсөн бол асуудлыг яаж шийдэх, яаж хариуцлага тооцох ёстойг Нямдорж сайн мэднэ.
“Хэрэг задарна” гэж шорон оронгүй, дотоод гадаадгүй хошуу өргөөд, нохой шуугиулаад. Хань хамсаатан татаад. Задарсан ч энэ хэрэг хуулиар л задрах байлгүй. Энэ хэргийг иж бүрэн шийдэхэд Нямдоржийн хүргэх ганц л тус харагдаж байна. Нямдорж өөрөө энд оролцохгүй байх. Өөрийнхөө энэ хэрэгтэй холбоотой гаргасан, гаргаж байгаа үйлдэл бүрийг шударгаар шалгуулах.
Ц.Нямдоржийн ойлгомжгүй үйлдэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг самраад зогссонгүй. Арай ядан бүрэлдэж байсан хуулийн засаглал Монголд устаж үгүй болоход тулж байна. Энэ байдал сүүлийн 30 жилд 5 удаа хууль зүйн салбарыг толгойлсон Нямдоржид хайран бас харамсалтай биш гэж үү! Эсвэл энэ нь Нямдоржийн санаатай урьдчилан төлөвлөсөн үйлдэл үү!
Итгэл
Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг гэдэг. Бичлэгийн тухай ярьж эхлүүлсэн өгүүллээ тэр тухай үгээр өндөрлөе. Бичлэгт муухай юм байгаа бол шалгаж шинжлээд хуульд зааснаар асуудлыг шийдэх нь зөв. Дахиад тийм зүйл гаргуулахгүйн тулд урьдчилан хорих байранд гүйцэтгэх ажил явуулахыг, эрүү шүүлт тулгахыг Монгол улсад хориглох хэрэгтэй. Ял хариуцлагыг нь тодруулж нэг бүрчлэн хуульчлах хэрэгтэй. Энэ тухай яриад орхих биш. Үйлдэл хийх хэрэгтэй. Үр дүн ч гарах ёстой.
Харин ямар ч бичлэг, ямар ч шалтаг байсан хууль шүүхийн байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бусниулж болохгүй. “Зөвхөн зөвлөмж л хүргүүлнэ” гэдэг гэмгүй өөрчлөлт Монголын шүүхийн болон прокурорын байгууллагын удирдлагын хувьд лав худал боллоо. Томилохдоо үгийг нь сонссон парламент тэднийг өөрчлөхөд барааг нь ч харж чадалгүй үлдэв. Энэ жишиг дахиад ч давтагдах магадлалтай. Үүнийг л хуулийн байгууллагын хараад бус байдал алдагдлаа гээд байгаа юм.
Хууль нь, хуулийн байгууллага нь хараат бол Монгол улс ч хараат болно гэсэн үг. Харийн дайсан довтлоод ч хараат болгож дөнгөөгүй Монголын хууль ёсыг хоёрхон оройн санал хураалтаар сөнөөж болохгүй. Бидний улс муугаа засаж урагшлах ёстой болохоос биш ухарч болохгүй. Монгол улсад итгэх итгэлийг нэмэх бол Монголын төрийн хамгийн сайн үйлс. Үүгээр төрийн ажил, залгамж хэмжигддэг.
Хууль шүүхийн байгууллагын бие даасан байдлыг сэргээн тогтоохын тулд “зөвлөмж” гаргадаг сүүлд оруулсан нэмэлт заалтаа хүчингүй болгохоос өөр аргагүй. Тэгээд сургамждаа тулгуурлан хууль шүүхийн байгууллагын удирдлагуудыг өөрчлөх нэмэлт үндэслэл гаргах үйлдлийг хуулиар хааж өгөх хэрэгтэй. Ийм заалтыг тус бүрийх нь хуульд нэмж оруулбал зөв болно. Ингэж чадвал шинээр томилогдсон хүмүүс ч ажлаа хараат бусаар хийх боломжтой болно. Хууль шүүхийн байгууллагын бие даасан байдлыг нураасан гайтай цохилтын үр дагавар ч аажмаар засагдана.
2019.04.11