Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны удирдлагууд саяхан болж өнгөрсөн ҮII их хурлаас гарсан шийдвэр, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа болон 2019 онд зохион байгуулах хурдан морины уралдааны талаар мэдээлэл хийлээ.
1. ҮII их хурал: “Монголын морин спорт, уяачдын холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ээлжит VII их хурлаа хуралдуулсан юм. Энэхүү хуралд Монгол Улсын 330 сум, 21 аймаг, Улаабаатар хотын зургаан дүүргийн уяачид /Тод манлай, манлай, алдарт цолтой уяачид/ болон эрдэмтэн, судлаачид бүхий 728 төлөөлөгч оролцсон бөгөөд нийт төлөөлөгчдийн 74,8 хувь нь хөдөө орон нутгаас, харин үлдсэн 25,2 хувь нь нийслэл хотоос сонгогдсон байсан юм.
VII их хурлаас төв болон салбар холбоодын дүрэм, хурдан морины уралдааны дүрмийг шинэчлэн баталж, Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зарим асуудлаар хэлэлцсэнээс гадна ММСУХ-ны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, 61 тэргүүлэгч гишүүдээ шинээр сонгожээ. Монголын хамгийн том төрийн бус байгууллагын Ерөнхийлөгчөөр нийт санал өгсөн төлөөлөгчдийн 77,07 хувийн дэмжпэгийг хүлээн Цогтын Батсайхан сонгогдон ажиллаж байна.
2. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа: Холбоо нь батлагдсан дүрэм, журмынхаа хүрээнд нэг тэргүүн дэд ерөнхийлөгч, салбар чиглэл хариуцсан зургаан дэд ерөнхийлөгч, 61 тэргүүлэгч гишүүдээ байнгын үйл ажиллагаатай ажиллах
> Орон нутгийн салбар холбоодын
> Олон нийт, хэвлэл мэдээллийн
> Гадаад харилцаа, судлагаа, сургалтын
> Санхүү, хөрөнгө оруулалтын
> Хурдан морины уралдаан, зохион байгуулалтын
> Хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, хариуцлагын
> Мэдээллийн сан, бүртгэлийн асуудал хариуцсан бодлогын хороо гэсэн долоон бодлогын хороонд чиг үүргээр нь хуваарилан ажиллуулахаар зохион байгуулалт хийсэн байна. Холбооны өдөр тутмын ажлыг хариуцах үүрэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ажлын алба байгуулан ажиллаж байгаа бөгөөд дэргэдээ байнгын үйл ажиллагаатай ажиллах Эрдэмтдийн зөвлөл байгуулан ажиллаж байна. Эрдэмтдийн зөвлөл нь дотроо Хүний хөгжлийн зөвлөл, Адууны хөгжлийн зөвлөл болон хуваагдаж тус тусын чиг үүргийн дагуу ажиллах юм. Энэ хүрээнд өнгөрсөн сард ХААИС болон тус сургуулийн эрдэмтэн докторуудад түшиглэсэн Адууны хөгжлийн зөвлөл байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм.
Ирэх дөрвөн жилд ММСУХ-ноос зөвхөн морин уралдаан зохион байгуулах, цол олгоход өргөн барих төдийгөөр бодлого, үйл ажиллагаагаа хязгаарлахгүй, морин уралдаантай холбоотой адуун өв соёл, уламжлал ёс заншлаа сэргээх, хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, дэлхийд сурталчлах тал дээр анхаарч, энэ хүрээндээ төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөсөн. Мөн “морины” гэдэг тодотголтой ТББ-уудын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон Их хурлын бүх гишүүдийн саналаар дэмжигдсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, түүнтэй холбоотой тогтоол, шийдвэрийг гарган хууль санаачлагчдад өргөн бариад байна. Мөн их хурлаараа хэлэлцүүлж баталсан дүрэм, журмаа Улсын бүртгэлд бүртгүүлж, батлагдсан дүрэм журмын хүрээнд төв холбоо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоодынхоо үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
3. 2019 онд болох уралдаанууд: ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны саналыг Засгийн газарт өргөн барьсны дагуу өчигдөр буюу 04 дүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж бүсийн уралдааны товыг албан ёсоор баталлаа. Холбооны зүгээс өргөн мэдүүлсэн уралдааны саналд томоохон өөрчлөлт ороогүй байна. Энэ жил зуны бүсийн зургаан уралдаан, шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаан зохион байгуулагдана. 2019 оны анхны уралдаан ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, холбооны анхны ерөнхийлөгч Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаан зуны эхэн сард буюу 05 дугаар сарын 12-нд Хүйн долоон худагт болно. Гурван жил тутам зохион байгуулагддаг Их хурд уралдаан 07 дугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулагдах бол Зуны бүсийн уралдаанууд 07 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Говьсүмбэр аймгуудад болох юм. Ийнхүү энэ онд АХ-ын ой, үндэсний их баяр наадмын уралдаантай нийлээд есөн том уралдаан болох юм.