ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсон. Харин түүний оронд хэн очих бол гэсэн салбарынхны хүлээлтийг хурандаа Ж.Болд тайлав. Тэрээр Хэнтий аймгийн цагдаагийн газрын даргаас ийнхүү тушаал дэвшиж ерөнхий газрын дэд дарга болж байна. Дэд даргын суудалд Ерөнхий сайдын зүгийн хүн суусныг гадуур хүмүүс янз бүрээр л ярьж байна. Гэтэл олны үг бас оргүй биш бололтой. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хурандаа Ж.Болд нарын санаандгүй хийгээд санаатай учралууд цаг хугацааны хувьд ч тэр яах аргагүй л олны анхаарал татдаг.
Одоогоос 11 жилийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байхдаа “Хадгаламж” банкнаас их хэмжээний мөнгө луйвардсан хэргээр шүүхийн өмнө очиж байв. Түүнийг 11 сая төгрөгийн үнэтэй фургон машиныг хувьдаа завшсан гэж үзэж хэд хэдэн удаагийн шүүх хурал болсон ч эцэстээ хэрэгсэхгүй болгож байсан удаатай. Тухайн үед У.Хүрэлсүхэд төрийн өмчийн оролцоотой байсан “Хадгаламж банк”-наас мөнгө завшиж хувьдаа автомашин авсан хэмээн үзэж анхан шатны шүүхээс 2.1 жилийн ял төлөвлөсөн мэдээлэл гарч байв. Харин сүүлд нотлох баримт хангалтгүй зэргээр хэрэгсэхгүй болох үед У.Хүрэлсүх “Ерөөсөө үйлдээгүй хэргийг шалган шийдвэрлэхэд ямар нэгэн ноцтой асуудал үүсэхгүй. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч нар ажлаа сайн хийсэн. Миний бүх хөрөнгө орлогыг өгсөн мэдүүлгийн дагуу шалгасан. Бүх зүйл хууль дүрэм. ёс журмаараа явагдсан гэж бодож байна. Албаны мөнгөнөөс хувьдаа завшсан, орон сууц, машин тэрэг худалдан авсан гэх мэтийн гүжирдлэгүүдийг ор үндэсгүй гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоож өгсөн” хэмээн хэвлэлийнхэнд ярьж байсан. Тэгвэл учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар Ерөнхий сайдын 11 сая төгрөгийн фургоны хэрэг дээр 11 жилийн өмнө сайн ажиллаж, улмаар хэрэгсэхгүй болгосон цагдаагийн мөрдөгч нь өнөөгийн ЦЕГ-ын дэд даргаар Хэнтийгээс дэвшиж ирсэн Ж.Болд аж. Мөн түүний намтраас харвал У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсны дараахан Ж.Болд Хэнтий аймгийн цагдаагийн газрын дарга болжээ. У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар томилогдсон бол Ж.Болд мөн оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдон ажилласан байна.
Энэ мэтээр нутаг нэгт хоёрын ажил хэрэг, албан тушаалын давхцал санаандгүй зүйл биш бололтой. Олны дунд яригдаж буйгаар хурандаа Ж.Болд 11 жилийн өмнө “сайн” ажилласныхаа гавьяаг ийнхүү хоёр удаа хүртэж байгаа гэж хардаж болохоор.
ЦЕГ-ын дэд дарга Ж.Болдын намтар
-Хурандаа Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй.
-1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.
-2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
-2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ.
-Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,
-2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
-2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.
Эх сурвалж: www.polit.mn