Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон албаны бусад зочид, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолын дагуу нийслэл Улаанбаатар хотын гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэлж байна. Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь нийслэлийг бүхэлд нь хамарч, 1990 оноос хойш 29 жилийн дараа анх удаа хийгдэж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн иж бүрэн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг сургаж бэлтгэх замаар байгууллага, иргэдийн үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд чиглэж байна” гэлээ.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчдад “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.