Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн балансад бүртгэлтэй “Жигжид” зуслан дахь хэсгийн барилгыг буулгаж, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинийг барих асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуучин байрыг буулгаж, шинийг барих болсонтой холбогдуулан нэг сая 28 мянган төгрөгийн үнэ бүхий хуучин барилгыг нийслэлийн өмчөөс хасах саналыг нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.
Тус хэсгийн байранд найман албан хаагч 24 цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг аж. Иргэд зуслангийн бүсэд улирал харгалзахгүй байнга оршин суух болсонтой холбогдуулан сүүлийн жилүүдэд гэмт хэрэг, зөрчийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байгаа аж. Тиймээс тухайн хэсгийн хүчийг нэмэгдүүлж, байрыг шинэчлэн байнгын ажиллагаатай болгох шаардлага тулгарчээ. Нийслэлийн МХГ-аас хуучин байранд үйл ажиллагаа явуулж болохгүй хэмээн акталсан байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Өмч, хөрөнгө татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болдог. Тиймээс шууд акталж байх, эсэхэд анхааралтай хандаж байгаарай” гэсэн юм. Тэргүүлэгчдийн олонхын саналаар тухайн барилгыг өмчийн бүртгэлээс хаслаа.
Улаанбаатар хотын хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх саналыг дэмжих тухай асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын болон Төв аймгийн Батсүмбэр, Архуст, Эрдэнэ, Баянжаргалан сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг БНМАУ-ын АИХТ-ийн 1982 оны 131 дүгээр зарлигаар баталсан байдаг. Харин 1996 оны дөрөвдүгээр сард УИХ-аас 24 дүгээр тогтоол гаргаж, дээрх зарлигийг хүчингүй болгожээ. Тогтоолд “Нийслэлийн хилийн цэсийг баталсантай холбогдуулан Төв амйгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасугай” хэмээн заасан ч Засгийн газраас дээрх сумдын хилийн цэсийг шинэчлэн УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. УИХ-ын 24 дүгээр тогтоолоор баталсан хилийн цэс нь Төв аймгийн Эрдэнэ сумтай давхацсан тул Их хурлаас 1998 онд 42 дугаартай тогтоол гаргажээ. Тус тогтоолын заасан заалтын улмаас Эрдэнэ сумын хилийн цэс сэргэж, маргаан үүсчээ.
УИХ-ын 24 дүгээр тогтоолын дагуу газрын нэгдмэл сангийн тайланд нийслэлийн нутаг дэвсгэр 470.4 мянган га талбайтай гэж бүртгэдэг аж. Үүнд Налайх дүүрэг болон Эрдэнэ сумын хилийн цэсийн давхцалтай 54 мянган га газар нутаг багтдаг ажээ.
Тэгвэл Эрдэнэ сумын газрын нэгдмэл сангийн тайланд тус газар нутгийг тусгаагүй байдаг гэнэ. Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн Засаг дарга уг асуудлаар Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. 2018 оны арваннэгдүгээр сард Налайх дүүрэг, Эрдэнэ сумын хилийн цэсийн асуудлыг судалж, тодорхой санал боловсруулах үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулжээ. Налайх дүүргийнхэн 1996 оны 24 дүгээр тогтоолын барих санал гаргасан бол Эрдэнэ сумынхан маргаантай хэсгийн 31.8 мянган га-ыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хувиарилж, үлдсэнийг өөрсдийн газар нутагтаа авах санал Ажлын хэсэгт хүргүүлсэн байна. Гэвч талууд тодорхой шийдэлд хүрээгүй учир Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн аж. Тэргүүлэгчдийн хуралдаанаар тухайн асуудлыг шийдвэрлэх саналыг дэмжлээ.