Сэрүү унаж, шөнөдөө хасах градустай жиндүүхэн хонодог болжээ. Өвлийг угтсан яриа, бэлтгэл үе эхэлж, идэр ес айсуй. Өвөл гэхээр нийслэлчүүдийн хувьд, хоолой гашуу оргиулдаг, нүүрсний утаа цээж хорстол гашуунаар мэдрэгдэж буй. Өмнөх жилүүдэд бага насны хүүхдийн уушги, цээжний өвчлөл, ханиад томуу, хатгаа, нялхсын эндэгдэл, амьгүй төрөлт, ургийн дутуу хөгжил гээд нүүрсний утаанаас болж эмнэлгийн дараалал, хүрэлцээ дийлдэхгүй болж байлаа. Утаа үндэсний гамшиг болсон ч “маск зүүгээрэй” гэх эмчийн зөвлөгөөнөөс өөр арга хэмжээ аваагүй. Харин энэ жилийн хувьд Засгийн газрын тогтоол гарч, тавдугаар сараас хойш нийслэл рүү түүхий нүүрс тээвэрлээгүй. “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшээр нийслэлийнхэн өвөлжинө. Сайжруулсан түлш нь утааг тодорхой хувиар бууруулна гэж албаныхан хэлсэн. Харин иргэдийн зүгээс түлж, туршиж эхлээгүй байхдаа л “Угаачихсан түлш учраас адилхан утаа гарна, илчээ барихгүй, хурдан шатаж, үнс их гарч байна, Налайх, Багануурын нүүрснээс үнэтэй байна, хүрэлцээ муутай байна” зэрэг сөрөг хандлагыг илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл сайжруулсан түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад үнийн болоод илчлэг, дулаан, чанар нь хэр зэрэг байна вэ, ямар эерэг сөрөг асуудал байна вэ.
- Түүхий нүүрс шахмал түлшнээс үнэтэй зарж байгаа юу
Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшийг борлуулах 360 орчим цэг бий. Цэг бүрт 25 кг-ийн шуудайтай сайжруулсан түлш 3750 төгрөгөөр худалдаалж байна. Өмнөх жил Багануур болон Налайхын ногоон шар, жижиг шуудайтай 20 кг орчим нүүрсийг 2800-3000 төгрөгөөр худалдаалж байжээ. Налайх, Багануурын 20 кг нүүрс, сайжруулсан түлшний 25 кг-ийн үнийн хооронд их багын тэмдэг эргэлдэж байгаа ч, тэнцүүгийн ард талын хариу нь чанар юм. Түүхий нүүрснээс шахмал түлш нь бага зэргийн үнэ илүүтэй ч утаа багатай орчин бүрдвэл хамгийн зөв сонголт болох байх. Хамгийн гол нь мөнгөндөө биш, иргэдийг дулаан өвөлжүүлж чадахгүй бол яах вэ.
Нэг айл дунджаар 3-4 тн Багануур болон Налайхын нүүрсээр өвөлждөг. Багануур 1тн нүүрс 80000-120000 төгрөг, Налайх 1 тн нүүрс 130000-140000 төгрөг байсан. Үүнийг 3 тн-д шилжүүлж бодвол, Багануурын нүүрс 240000-360000 төгрөг, Налайхын нүүрс 390000-420000 төгрөг. Харин сайжруулсан түлшний хувьд 3750*3тн=450000 төгрөг болох нь. Тэхдээ утааны төвшин үнэхээр буурч байвал 30000, 40000 төгрөг наана, цаана байх л. Хэрвээ чанарын хувьд Налайх, Багануурын түүхий нүүрснээс дутуу бол 3тн-оос ихийг түлж иргэдэд санхүүгийн дарамт учруулна.
- Хүрэлцээ муу байна, Өвлийг давж чадах уу. 3 тн-оос ихээр авмаар байна
Нэг өрхөд 3 тн гэх хэмжээг Нийслэлийн гэр хорооллын нийт өрхөд тооцоолон, нөөцөлжээ. Цаана нь тодорхой хэмжээний нөөцтэй учраас иргэдийн худалдан авалтыг хянаж “Сайн карт”-ыг өрх бүрт тарааж буй. БЗД-ийн борлуултын зургаан цэг дээр очиход, “Одоохондоо авъя гэсэн хэмжээгээр өгч байна. Хамгийн ихдээ 2-3 шуудайгаар авдаг. Хүйтрэхээр худалдан авалт ихэснэ. Тэгэхээр 3 тн гэсэн хэмжээнд тааруулж, сайн картаар үйлчлээд явна” гэж хэлсэн юм. Харин иргэдийн төлөөлөл болох Баянзүрх дүүргийн 21-р хорооны иргэн “Сайн карт” нь сайжруулсан түлшийг түлж байна уу, үгүй юу гэдгийг л хянах зорилготой гэж ойлгосон. 3 тн-ыг түлэхэд нэг айл хангалттай өвөлжих байх. Сайжруулсан түлшнээс өөр зүйл түлсэн бол хоёр саяар торгоно гэж манай хэсгийн ахлагч хэлсэн. Одоо бол үүний сайн мууг яриад яах вэ, дүн өвлөөр чанар нь танигдана” гэлээ. Үүнээс харахад, айл өрхүүд албадлага, матаачийн хатуу хяналт дор сайжруулсан түлш түлэхээс өөр сонголтгүй болж байна. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлш түлээгүй бол хоёр саяар торгуулна, түлэхгүй нүүрс түлж байгаа хөрш нь мэдээллээд, түлшээ үнэгүй авчихна.
Одоогийн байдлаар 165 мянган тонн шахмал түлш нөөцөлжээ. Иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликейшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой. Нөгөө талаасаа “3 тн-оос илүүг авмаар байна” гэх иргэдийн зарим нь үнийг нь хөөргөж, дамлан зарах эрсдэлтэй байна.
- Үнс их гараад байна, ТҮК-тэйгээ хамтарч ажиллаж байгаа юу. Хашаагаараа дүүрэн үнсээ хааш нь хийх вэ
Сайжруулсан түлшний нэг сул тал нь үнс юм. “25 кг нь тэр чигээрээ үнс болж байна. Ойр ойрхон хогоо ачдаггүй, хашаагаар нэг үнс дүүрлээ. “Хогоо ач” гээд ТҮК-ээс олон удаа гаруй гуйж байна” гэсэн гомдлыг иргэдийн зүгээс хэлж байлаа.
Үнс их гараад байгаагийн учрыг Шинжлэх ухааны доктор, профессор Г.Бадамхатан хэлэхдээ “Нүүрсний шаталтаас үүсэх үндсэн бүтээгдэхүүн нь үнс болно. Нийт үнсний 80-90 хувь нь дэгдэмхий үнснээс бүрдэх бөгөөд агаар мандалд шууд цацагдан амьсгалын замаар дамжин цусанд орон эд эс гэмтээн хорт хавдар үүсэх нөхцөл бүрдүүлдэг. “Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал нүүрс нь Мөнгөн ус, Манган, Никель, Селен,Сурьма, Мышьяк, Бериллий, Кадмий, Хром, Кобальт, Хар тугалга зэргийг үнсэндээ авч үлдэж байна. Энэ нь маш сайн үзүүлэлт. Үнс их байх тусмаа агаар мандалд цацагдах хорт хий, нүдэнд үл үзэгдэх дэгдэмхий үнс зуухандаа үлдэж буйг иргэд ойлгох хэрэгтэй гэлээ.
Сайжруулсан түлшийг түлж, туршиж үзэхэд шаталтын хувьд маш хурдан, яг л мод шиг дүрсхийж асаж байна. Харин “тэр чигээрээ үнс” болж байгаа нь бараг л үнэн юм. Ойролцоогоор 25-30 ширхэгийг түлэхэд, түргэн асаж 2-3 цаг дулаанаа барьж байна. Тиймээс “Таван толгой түлш” ХХК-иас ТҮК-тэй хамтарч ажиллан, хугацаандаа үнсийг нь ачиулах хэрэгтэй болж байна.
- Тортог ихтэй юу, Дизель шиг үнэр үнэртээд байна
БЗД-ийн 21-р хорооны сайжруулсан түлшний борлуулалтын 155-р цэг, борлуулагч Ж.Бөхболдтой уулзахад, “өнгөрсөн долоо хоногт 14 тн-ыг татсан. Одоо шигшээд, хогийг нь ялгаж, шуудайлж байна. 14 тонноос 2 тн хог болсон тул үйлдвэр рүү нь буцаасан. Ойролцоогоор 1 тонноос 200 кг хог гарч байна. Мөн борлуулалтын 10 хувиа авдаг байна. Хаягдлаа үйлдвэр рүү нь буцаагаад, хасаж тооцдог. Тэрээр ноднин өвөлжингөө Налайхын нүүрс шуудайлахад, ингэж тортог гардаггүй байсан, олсон ашгаа халуун усанд өгсөөр байгаад л дуусах юм шиг байна” хэмээн хэллээ.
Бариад авахад л тогооны хөө бариад авсан юм шиг л гар хөө болно. Сайжруулсан түлш шигшиж шуудайлж байгаа эдгээр борлуулагчид аль болох хоггүй шуудайлах, илүү дутуугүй, 25 кг-д бариулах зэргээр туйлын завгүй ажиллаж байв. Тэдний гар хөл, нүүр гар, хувцас хунар гээд бүгд тас хар болжээ.
Есдүгээр сарын сүүл гэхэд Нийслэлийн гэр хорооллын хэсгээр ямар үнэр үнэртдэгийг санаж байна уу. Түүхий нүүрсний өмхий үнэр сэнгэнэдэг шүү дээ. Гэтэл оройн найман цагийн үед Дарь-Эхийн гудамжаар сайжруулсан түлшний нэг цэгээс нөгөө цэг рүү явахад, нүүрсний тэр муухай үнэр төдийлөн үнэртсэнгүй.Энэ бол нэг дэвшил байлаа. Гэхдээ борлуулалтын дараачийн цэг дээр очиход хоёр шуудай түлш худалдаж авч буй нэгэн эмэгтэй “Дизель түлш шиг үнэр үнэртээд, толгой тархи өвдөж байна” гэж борлуулагчид хэлэв. Коксжих зэрэглэлийн нүүрс болохоор өөрийнх нь шинж чанараас шалтгаалж бага зэргийн үнэртэй юм.
- Тээвэрлэлтийн явцад амархан бутрах юм. Илчлэг, шаталт хэр вэ
Нэг тонн сайжруулсан түлшнээс хамгийн ихдээ 400 кг, хамгийн багадаа 41 кг нь хог гарч, түүнийг нь үйлдвэр рүү буцааж байна. Энэ нь зун бороо ус их орж, хадгалалтын горим зөрчсөнтэй холбоотой. БЗД-ийн хэмжээнд нийт 104 цэг сайжруулсан түлшийг борлуулах гэрээ хийжээ. Мөн дундын бүс буюу 500-1500 тоннын багтаамжтай 13 агуулах байна. Хүйтэрсэн хойно үйлдвэрээс олон дахин зөөх хэцүү тул дундын бүсүүдэд нөөцөлсөн. Хадгалалтын горим алдсан сайжруулсан түлш байгаа хэдий ч арваннэгдүгээр сараас хойш тээвэрлэхэд ямар ч хог гарахгүй юм байна. “Сайжруулсан түлш худалдаж авч буй иргэн, “Би өглөө оройд түлж байна. Манайх 9*9 харьцаатай, нам даралтын зуухтай. Өнгөрсөн өвөл манай байшинг Багануурын нүүрс халааж дийлдэггүй. Заавал Налайхын нүүрс түлж өвөлжсөн. Сайжруулсан түлш нь ойролцоогоор 4000 кл/каллорын шаталттай, хурдан асдаг. Нэг түлэхэд дулаанаа 2-3 цагаар барьдаг.
- Цэвэр агаартай хотыг бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал
Хот гэдэг бол хэсэг бүлгийн биш, хамтын амьдрал. Тэгэхээр утаагүй болох гэж хэсэг бүлэг нь зүтгэж, төрөл бүрийн сурталчилгаа хийгээд төдийлөн амжилтад хүрэхгүй. Иргэд ч мөн адил ухамсарлаж хамтаараа зорих хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдийн жишгээр, утаанаас болж үүсэж буй өвчлөл, иргэдийн бухимдал дээд хэмжээнд хүрсэн. Харин энэ жил арай дээд хэмжээ нь арай буурах болов уу. Ямартай ч хотын иргэний хувьд, нийтээрээ сайжруулсан түлшийг хэрэглэн, өвөлжиж, өмнөх жилийн хар утаанаас нэг алхам ч болтугай холдоё.
Бичсэн: iToim.mn сэтгүүлч У.Түвшинбаяр