Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хурлыг нээж “Улаанбаатар бол хүүхэд, залуусын хот. Энэ утгаараа өнөөдрийн хүүхэд, залуусыг хамгаална гэдэг бол ирээдүйн Монгол Улсыг хамгаалж буй үйл хэрэг. Нийслэлийн хэмжээнд 0-18 насны 526.2 мянган хүүхэд, 443.6 мянган залуучууд, 4.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 16.8 мянган өрх толгойлсон эмэгтэй амьдарч байна. Мөн судалгаанаас харахад нийслэлийн хэмжээнд 25.5 мянган иргэн гэмт хэрэгт өртөж хохирсны 729 иргэн нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүний 90.7 хувь нь эмэгтэйчүүд, 7.1 хувь нь хүүхдүүд байгаа нь та биднийг илүү анхаарал болгоомжтой, илүү хянамгай ажиллахыг шаардаж байна” хэмээн ярилаа.Цаг үеийн нөхцөл байдал, хүүхэд хамгаалах явцад тохиолдож буй бэрхшээлүүд нь хүүхдэд илүү их анхаарал, халамж шаардлагатай болохыг сануулсаар байна. Иймд хүүхэд хамгааллын үйл хэрэгт хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид болон иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах уриалгыг гаргалаа. ЭЦЭГ ЭХЧҮҮД, ОЛОН НИЙТ ИРГЭДЭД:Амьдарч буй орчиндоо хүүхдэд аюул учруулж болохуйц эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхэд хяналт тавих, холбогдох байгууллагуудад нь мэдээлэх, шаардлага тавихыг;Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, ахуйн осол гэмтэлд өртөх, амь нас нь эрсдэхээс урьдчилан сэргийлэхийг;Хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй тохиолдолд зохих хууль, дүрмийн дагуу мэдээлэх үүргээ биелүүлж байхыг АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД:Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, хүүхдийн эрхэд хүндэтгэлтэй хандаж, тэдэнд ээлтэй, аюулгүй орчин бүтээн байгуулахад анхааран ажиллахыг;Бага насны хүүхэдтэй ажиллагсдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийж ажиллахыг;Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж, насанд хүрээгүй иргэдэд хуулиар хориотой бараа бүтээгдэхүүн худалдахгүй байхыг ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД:Хүүхдэд ээлтэй цахим орчин бий болгохын төлөө онцгойлон анхаарч, хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийг дэмжсэн агуулга бүхий контент, нэвтрүүлэг бэлтгэн түгээхийг;Хүүхдийн хувийн нууц, аюулгүй байдалтай холбоотой мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээхдээ тэдний хувийн эрх, эрх чөлөө, орон зайд хүндэтгэлтэй хандаж, худал ташаа, хүүхдийн эрх зөрчсөн мэдээлэл гаргахгүй байхыг тус тус УРИАЛЖ байна.
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн цахим хурал боллоо
0