Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд өнөөдөр ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 29, 116, 25 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, эдгээр сургуульд сурч буй хүүхдүүдийн сурах эрхийг хангах, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль нь энэ хичээлийн жилд 272 сурагч, 142 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийн хичээлийн болон дотуур байрны дээврийн засвар хийх, сургуулийн автобусны тоог нэмэх, охидын дотуур байрны дулааны асуудлыг шийдвэрлэх, хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах зэрэг тулгамдаж буй асуудлууд байгааг 29 дүгээр сургуулийн сургалтын менежер, Захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Т.Ундрал хэлж байв. Харин тусгай хэрэгцээт 116 дугаар сургууль нь энэ хичээлийн жилд 132 сурагч, 79 багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн хичээлийн байрны нэг жигүүрийг дотуур байр болгон ашиглаж байгаа бөгөөд үүнээс үүдэн анги танхимын хүрэлцээ хангалтгүй байгаа аж. Мөн тусгай төхөөрөмж брайль цаас, брайль машин хангалтгүй, тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан цахилгаан шатгүйн улмаас багш нар сурагчдыг нэгээс гуравдугаар давхар руу үүрч зөөж байгаа, сургуулийн орчмын орц гарцын асуудал, цар тахлын нөхцөл байдлаас үүссэн эмийн зардлын төсөв хүрэлцэхгүй байгаа талаар сургалтын менежер, захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Э.Нүрзэд хэлэв.
Сургууль орчмын орц гарц, эмийн зардлын төсвийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа шийдвэрлэж өгнө гэдгийг энэ үеэр хэлсэн юм. Түүнчлэн 25 дугаар сургуульд оюун ухааны бэрхшээлтэй, дауны хам шинжтэй, аутизмын хүрээний эмгэгтэй болон бие эрхтний бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг. Энэ хичээлийн жилд 220 сурагч суралцаж байна. Сургууль хоёр ээлжээр хичээллэж байгаа бөгөөд сургуулийг өргөтгөх, дотуур байртай болох, багш нарыг чадавхжуулах аргазүйн сургалтад хамруулах, сэтгэлзүйч багштай болох зэрэг асуудлууд шийдлээ хүлээж байгаа юм. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Нийслэлд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан зургаан сургууль үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд гурван сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Эдгээр сургуульд тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид хэрхэн яаж шийдэх талаар санал солилцсон. Мөн бодлогын түвшинд шийдвэрлэх асуудал олон байна. Тиймээс бид уг асуудлуудыг салбарын сайдад уламжилж, асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлд анхаарал тавьж ажиллана” гэв.