Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Азийн архитекторуудын чуулга уулзалт”-ын хүндэт зочин, Азийн Архитекторын эвлэлийн ерөнхийлөгч Абу Сайид Ахмед, Олон улсын Архитекторын эвлэлийн Нарийн бичгийн дарга Пэй Ин Тан, Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Иштиак Захир тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох салбарын удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” болон “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн хүрээнд дэлхийн ихэнх улс орнууд хот суурин газрын хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бүсийн тэргүүлэх төв, дагуул хот, шинэ хотыг хүн, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар бий болгохын төлөө хичээж буй цаг үед Олон улсын архитекторуудын эвлэл, Азийн архитекторуудын эвлэлээс Монгол Улсын Засгийн газартай хамтран “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн дор энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулж буйд талархал илэрхийлэв.
“Монгол Улсын хувьд Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд 30 гаруй жилийн дараа анх удаа “Хөшигийн хөндий”-д 150 мянган хүн амтай “Шинэ Зуунмод” хот байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ төслийг бид Зүүн хойд Азийн аялал жуулчлал, тээвэр логистик, худалдаа үйлчилгээний цогц төв болгох том зорилготой. Дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн уламжлал-шинэчлэлийг хослуулсан, хүн болоод байгальд ээлтэй цоо шинэ хот байгуулалтын концепц гаргаж байгаа тул мэргэжлийн архитекторууд Та бүхнийг үнэтэй санал зөвлөмжөө хэлж, хамтран ажиллахыг урьж байна” хэмээн Шадар сайд онцоллоо.
Хэдэн 10 сая хүн амтай том хотуудын дэргэд Улаанбаатар хотын асуудал бол шийдэхэд илүү хялбар бөгөөд ялангуяа нүүдэлчдийн өв соёл, үүх түүх, уламжлалыг орчин үеийн технологийн дэвшлүүдтэй хослуулсан шинэ хот байгуулах концепц өөрөө маш зөв зүйтэй учраас Засгийн газраас өндөр ач холбогдол өгч буй энэ төслийг бүрэн дүүрэн дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ Азийн болон Олон улсын архитеторын эвлэлийн удирдлагууд илэрхийлсэн юм.