УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Хурд групп“-ын барьж буй “Хүннү“ хорооллын барилгад осол гарч туслахаар ажиллаж байсан 17 настай хүү харамсалтайгаар амь насаа алдсан билээ.
“Хурд групп“-ын барьж буй барилгын ослоос болж амь насаа алдсан тохиолдол нэг удаагийн хэрэг бус гэдгийг бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Тэгвэл 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр амь насаа алдсан хүү насанд хүрээгүй байсан бөгөөд тус барилгад 15 хоног ажиллаж байхдаа ийнхүү осолджээ. Хүү өөрт оногдсон ажлаа бус мэргэжлийн хүний хийх ёстой кранд ачаа бэхэлж дээш өргүүлэх ажлыг хийж байжээ. Тус кран 20 тонны ачаа даах даацтай ч осол гарах үед даац хэтрүүлэн ачсан байсан нь шинжээчидын дүгнэлтээр тодорхой болсон байна. Хүү ачааг кранд бэхэлж дээш өргөх дохио өгөн холдож амжаагүй байтал тус краны олс тасарч хүүгийн дээрээс унасан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар амиа алдсан хүү эхээс хоёулаа бөгөөд ах нь тусдаа гарч аав, ээжийн хамт амьдардаг байжээ. Тэрээр энэ жил коллежид орох байсан тул ажил хийж үзье, мөнгөний үнэ цэнийг мэдэрье гэж уг ажилд өөрийн санаачлагаар орсон гэнэ. Гэвч хөдөлмөрийн амтыг бага залуугаасаа мэдрэх гэсэн хүүгийн хүсэл талаар болж эд хийж бүтээх насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Уг хэргийг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд нэг биш нилээд хэдэн хүний амь нас эрүүл мэндээр наадаж буй “Хурд“ группын эрх мэдэлтнүүдэд ямар арга хэмжээ авах нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
www.Seen.mn