Монголд Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улсын шилжилтийн хэмээх тодотголтой өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ.
Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа эхний жил хагасыг цар тахлыг даван туулахад, хоёрдахь жилийг бүхэлд нь авлигатай тэмцэхэд зориуллаа.
21 аймгаар ард иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, улс орны 30 жилийн дүгнэлт, өнөөдрийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаар илэн далангүй ярилцлаа.
Үг хэлсэн хүмүүсийн дундаж нас 60 байлаа. Нэг үгээр хэлбэл, 30 жилийн өмнө тэд 30 гаруй насны залуучууд байжээ.
30 жилийн тэртээ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахаар хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн гарсан нэгэн үеийнхэн өнөөдөр улс төрчид, тэднийг тойрсон хэдхэн хүн баяжиж, эсрэгээрээ ард иргэдийн амьдрал уруудан доройтсонд бухимдаж байна.
Усны эх булингартай бол адаг булингартай гэдэг. Авлигын голомтыг таслахгүйгээр бид шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй гэдгийг тэд илэрхийлж байна.
Дунджаар 8-10 цаг үргэлжилсэн уулзалтын үеэр иргэд өмч хувьчлал, газрын наймаа, ашигт малтмалын лиценз олголт шударга бусаар хэдхэн хүний хүрээнд явагдсан нь нийгмийн тэгш бус байдлын суурь болж, өнөөдрийн бухимдал, эмх цэгцгүй, хуулийн өмнө эрх тэгш бус нийгмийн суурь шалтгаан болсон гэж дүгнэж байна.
Нийслэлийн утаа, түгжрэл, газрын наймаа, түүнийг тойрсон стандартгүй барилгажилт зэрэг өнөөдрийн тулгамдаж буй асуудал ч өөрсдөө баяжихын тулд ард иргэддээ үлдээсэн авлигачдын өв гэдгийг ч ард иргэд гүнзгий ойлгосон байна.
Авлигажсан тогтолцоо тэдний хүсэл мөрөөдлийг хулгайлсныг хэлж байна. Авлига ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоож байна.
Гэвч иргэд өөрсдөдөө гэхээсээ үр хүүхдийнхээ амьдрах шинэ 30 жилд илүү санаа зовж байна.
Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд шинэ 30 жил бодитоор эхлээсэй хэмээн нийгмээрээ хүсэж байна.
Нэг үгээр хэлбэл, аалзны тор мэт сүлжилдсэн 30 жилийн авлигын цайзыг нураах ард түмний хүсэл эрмэлзэл үерийн ус мэт тал талаас цутгаж, усны түвшин өдөр өдрөөр дээшилсээр байна.
30 жилийн тогтолцоо гурав хүрэхгүй жилд бүтэн нурахгүй ч авлигыг үл тэвчих үзэл санаа бүрэлдэн бий болж, нийгмийн сэтгэлзүй болон төлөвшиж байгаад Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун байна.
Өнгөрсөн хугацаанд авлигын олон асуудлыг Засгийн газар үе шаттай гаргаж тавьсан. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна хэмээн надад шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байна.
Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай байсан.
Амжилтаасаа илүү алдаагаа ярьж, түүнийгээ засаж чаддаг нь нээлттэй ардчилсан нийгмийн амин чухал үнэт зүйл билээ.
Би энэхүү тэмцлийг эхэлж байхдаа “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид журмын нөхөдтэйгээ, өөрсөдтэйгээ, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.
Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо.
Шүүхийн шатанд бүлэглэлийн гар хөлүүд авлигын асуудлыг хэрхэн гацаан удаашруулж байгааг ч, “сонгууль хүртэл тэсчихвэл Оюун-Эрдэнэ зайлчихна, тэгээд бүх зүйл сайхан болно” гэж хилийн чанадад оргон зайлсан “шувууд” маань томилсон шүүгч нартаа захиж байгааг ч мөн мэдэж байгаа. Гэхдээ үүнийг зөвхөн ордон дотор биш, олон нийт ч гярхай олж харсан байна.
Малчны хотонд гаанс нэрэн шинжих нүүдэлчин хөх өвгөдийн гярхай нүд, чонон мэдрэмж, хэрсүү зангаас Та бүхэн удаан бултаж чадахгүй гэдгийг хэлье.
Тэр мэдрэмжүүдийн нийлбэр нийгмийн нэхэл хатуу дүгнэлт болон төлөвшдөг юм шүү.
Энэ л мэдрэмжийг Санжаасүрэнгийн Зориг “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж илэрхийлсэн биз ээ.
Чамлахаар чанга атга гэдэг шиг авлигын эсрэг тэмцэл үр өгөөжөө өгч эхэлж байна. Далд эдийн засаг ил болсоор эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна.
“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж монголчууд бид ярьдаг. Эдийн засгийн эхний үр дүнг Засгийн газар удаан хуримтлагдсан гадаад өрийг төлөхөд зарцуулсан.
Өнгөрсөн хугацаанд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төллөө.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.5 их наяд хүрч, “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг саяхан, аравдугаар сарын 23-нд бүрэн төлж барагдуулсан.
Одоо арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын төлбөрийг төлснөөр Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна.
Бондуудын төлбөрийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар хэвээр байх тул хувийн хэвшлийнхэн санаа зовох шаардлагагүй. Мөн төлбөрийн тэнцэл эерэг хэвээр байх болно.
Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл дахин давтагдах ёсгүй ээ!
Өрийн гинжин хэлхээнд хүлэгдэж, авлигын өргөст тороор баглагдсан эдийн засаг одоо л эрүүлжиж, амьсгал нь жигдэрч эхэлж байна.
Ерөнхий сайд Пунцагийн Жасрай гуай нэгэн цагт “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж хэлсэн шиг Монгол Улсын эдийн засагт 2012 оны үед байсан эдийн засгийн огцом өсөлт эргэн ирж байгааг олон судлаач хэлж байна.
Жил гаруйхны өмнө бид хил нээх тухай, улс дампуурахгүй байх тухай ярьдаг байсан бол өнөөдөр бид эдийн засгийн өсөлт өрхөд хэрхэн хүртээмжтэй байх тухай мэтгэлцдэг болжээ.
Мэдээж эмнэлэгт удаан хэвтсэн хүнийг шууд босгож, хүнд туухайтай дасгал хийлгэж болохгүй шиг эдийн засгийн өсөлт өрхийн түвшинд бүрэн мэдрэгдэхэд тодорхой хугацаа орно.
Өр тавьж улсаа дампууруулаад өнөөдөр өргүй Монгол гэж хэлбэрдэх, шударга ёс ярьчихаад авлигын бүлэглэлийн хоргодох байр болж, тэднээс санхүүжиж байгааг одоо ард иргэд ялгаж салгаж чадна.
Эдийн засгийн макро тэнцвэр бүс нутагт үнэлэгдэж, олон улсын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг дахин эергээр харж эхэлж байна.
Харин бид 2012 оны боломжийг алдсандаа нийгмээрээ дүгнэлт хийх учиртай.
Энэ л агуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоог сонгон авсан нь худал амлалт, хэт популизмаас Монгол Улсын хөгжлийн бодлого, эдийн засгийг хамгаалахыг хүссэн үйлдэл байсан гэдгийг дахин тэмдэглэж хэлэх нь зүйтэй.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Муу нуухаар сайн илчил гэдэг. Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна.
Энэ байдлыг зөвхөн олон нийт ч биш, олон улсад ажиглаж, Монгол Улсын гадаад орчны зарим үнэлгээнд сөргөөр нөлөөлсөөр байна.
Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ.
Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу?
Улс орноо дампуурлын ирмэгт аваачсан нөхдүүд шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр үү эсвэл зээл аваад төлөхгүй ч байж болно гэдэг сэдэл үү?
Үзэл бодлоо илэрхийлсэн залууст төмөр нүүр харуулчихаад, авлигын хэрэгтнүүдийн даралт ихсэж, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлсээр байх уу?
Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ?
Энэ мэт олон асуудалд ард түмэн эргэлзэж шударга ёсыг шаардаж байна. Ард түмнээс сонгогдож байгуулагдсан төлөөллийн төв байгууллага Парламент энэ асуудлыг ярихгүй бол өөр хаана ярих билээ.
Бид хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, бас хэрэг албаар дарж цаг хождоггүй, бүлэглэлд үйлчилдэггүй, шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглалыг төлөвшүүлэх учиртай.
Авлигын асуудал шүүхийн шатанд ийнхүү замхарсаар байвал, асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал ард иргэдийн хилэн асаж, эрхзүйт төрд эрсдэл учрах нийгмийн бухимдал бодитоор хуралдан бий болсныг Ерөнхий сайдын хувьд Улсын Их Хурлын индэр дээрээс хариуцлагатайгаар илэрхийлье!
Шүүхийн зарим удирдлага Ерөнхий сайдыгаа огцруулах санал хураалт хийж, шүүхэд шүүмжлэлтэй хандсан бүхэнд бухимдан хилэгнэхийн оронд өөрөө өөрийгөө шинэчлэх цогц реформыг цаг алдалгүй эхлүүлж, олон улсын түвшинд ёсзүй, ур чадвар, хүний нөөцийн хувьд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон эрхэм гишүүд ээ,
Авлигын эсрэг ялын бодлогыг чангатгах Засгийн газрын эрхзүйн цогц реформыг дэмжсээр ирсэнд талархаж байна.
Өнгөрсөн хугацаанд:
- Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх,
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдэд аливаа төрлийн өршөөл, уучлал үзүүлэхгүй байх,
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хялбаршуулсан журам үйлчлэхгүй байх,
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээд магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдахгүй байх,
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн төрийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах,
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
- Улс төрчид, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн тендерт оролцохыг хориглох,
- Дээрх албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд төрөөс санхүүжих сургалтын тэтгэлэгт хамрагдахыг хориглох зэрэг авлигын гэмт хэргийн эсрэг хуулийн өөрчлөлтүүдийг баталжээ.
Хаврын чуулганыг “Авлигын эсрэг” хэмээн тодотгож, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Танд болон Улсын Их Хурлын гишүүд, парламентад суудалтай улс төрийн намын удирдлагууд Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Энэхүү эрхзүйн цогц шинэчлэл цоо шинэ улс төрийн соёлыг төлөвшүүлэх эхлэл цэг болж чадна гэдэгт итгэл төгс байна.
Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барьж байна.
Энэ хууль хараат бус шударга шүүхийг бүрдүүлэх нийгмийн мэтгэлцээний эхлэл байгаасай хэмээн хүсэж байна.
Энэ мэтгэлцээн гэм бурууг шүүх биш, харин шүүх байгууллагыг институтийн хувьд төгөлдөржүүлэн бэхжүүлэхэд чиглэгдвэл хүний эрх, авлигын тэмцэл зэрэг олон асуудалд чухал билээ.
2021 оны зургадугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар Авлигын эсрэг тунхаглал гаргасан байдаг.
Тус тунхаглалаар мөнгө завших, мөнгө угаах, шударга ёсыг тогтооход саад учруулах тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцох амлалтаа хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомж, дүрэм журамдаа өөрчлөлт оруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нэмэлт арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан билээ.
Мөн системийн авлига, хил дамнасан мөнгө угаалт зэрэг гэмт хэрэгт олон улсын байгууллагууд цогц байдлаар хамтран ажиллах, мөрдөн шалгах, хууль сахиулах, шүүн таслах бүх түвшний байгууллагын мэргэшсэн байдлыг сайжруулах асуудлыг хөндөн хэлэлцсэн байдаг.
Улс орон бүрийн эдийн засгийн бүтэц, түүнээс улбаалсан авлигын асуудал өөр өөрийн онцлогтой бөгөөд мэргэшсэн бүтэц, чадварлаг хүний нөөцийг шаарддаг.
Хар тамхи дагасан авлигын сүлжээ зарим газар эрхзүйт төрөөсөө хүчтэй болж, дотооддоо хэрэг шийдвэрлэх боломжгүй болж, олон улсын эрхзүйн түвшинд өөр улсад хэрэгтэн шилжүүлсэн тохиолдлууд ч олон бий.
Зэвсэглэл тойрсон лобби бүлгүүд, үндэстэн дамнасан улс төрчдийн бүлэглэлүүдийн өмнө олон улсын байгууллагууд тэр чигтээ хүч дутаж байсан ч түүх бий.
Авлига гэдэг өөрөө хамгийн эрх мэдэлтэй, хамгийн нөлөө бүхий бүтцийг тойрч ургадаг ургамал.
Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхай, нийт хүн амын талаас илүү нь нийслэлд амьдардаг. Энэ нь манай авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн гэсэн үг.
Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид маань хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй ээ.
Монгол төр энэ дархлааг хамгаалах эрхзүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай.
Тийм ч учраас Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах нь зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна.
Зөвхөн шүүх засаглал ч биш, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар зэрэг авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнуудыг олон улсын түвшинд сургаж дадлагажуулах, мэргэшсэн экспертүүдтэй олон улсын эрхзүйн хүрээнд хамтран ажиллах, авлигын эсрэг шударгаар ажилласан төрийн албан хаагчдын нийгмийн болон насан туршийн аюулгүй байдлын баталгааг бүрдүүлэх шаардлагатай байна.
Улс орон бүхэн өөр өөрийн тулгамдсан асуудлаар дагнасан шүүх байгуулдаг нь нийтлэг жишиг. Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэлхийн 27 улс Авлигын дагнасан шүүхтэй байна.
Авлига бидний тулгамдсан асуудал мөн л бол нэрэлхэлгүй тулгамдсан асуудлаа шийдвэрлэдэг байх учиртай.
Энэ нь шүүхэд итгэж буй итгэл бөгөөд авлигын эсрэг мэргэшсэн бүтцийг өөрсдөө бүрдүүлэх боломж бөгөөд дээд шүүхэд өгч буй эрх мэдэл биш хариуцлага хэмээн хүлээж авна гэдэгт итгэж байна.
Мөн Шүүх засаглалын цалин хангамжийн асуудлыг Улсын Их Хурлын аль нэг Байнгын Хороо шийддэг байж болохгүй гэсэн байр суурьтай байна. Харин итгэлцүүрийн дагуу засаглалууд өөрсдөө шийдвэрлэдэг байх нь олон улсын жишиг юм.
Шүүгчидтэй аль нэг улс төрч, бизнесийн нөлөө бүхий хүмүүс протоколгүй, албан бусаар уулзахыг ч хуульчлан зохицуулах ч шаардлагатай байна.
Шүүх, Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглал байршлын хувьд салангид байх, Дээд шүүхийн байрыг Шударга ёсны ордон хэмээн нэрлэх зэрэг ёс зүйн болон хэм хэмжээний олон асуудлыг бид нээлттэй ярилцах цаг болжээ.
Ерөнхий сайдын хувьд шударга ёсны зарчмын байр суурийг илэрхийлж байгаа болохоос аль ч шатны, ямар ч шүүгчтэй тухайлсан асуудлын талаар ярилцаж байгаагүй, цаашид ч тийм үйлдэл гаргахгүй гэдгээ хариуцлагатайгаар илэрхийлье!
Энэ хуулийг хэлэлцэх явцад шүүн таслах үйл ажиллагаа явуулах өрөө тасалгаа, цахимжилт, сургалт судалгаа, хүний нөөцийн асуудлыг олон улсын түвшинд хүргэх зэрэг цогц асуудлыг тогтоолд тусгах нь зүйтэй гэж үзэж байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Нүүрсний хэргүүд шүүхэд шилжсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлуудтай уялдуулж, нүүрсний сонсголын хэлэлцүүлэг ирэх долоо хоногт эрчимжнэ. “Шударга ёсны хуулийн илд байна” хэмээн амласан Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Б.Энхбаяр Таны анхны томоохон ажил ийнхүү эхэлж байна.
Танд болон түр хорооны гишүүдэд амжилт хүсье. Иргэдийн мэдэх эрхийг хангаж, цаашид алдаа гаргахгүйн тулд эрхзүйн, тогтолцооны шийдэл гаргах нь туйлын чухал юм.
Олон жил дуншин гацсан дуулиант хэргүүд ийнхүү шүүхийн шатанд шилжлээ. Өнөөдөр өргөн барьж буй энэхүү хуулийн өөрчлөлт улс төрд томоохон донсолгоо үүсгэж, олон талын шүүмжлэлтэй тулахыг үгүйсгэхгүй ээ.
Системийн авлигын эсрэг тэмцэл аль ч улсад улс төрчдийн чин эрмэлзэл, эр зориг, иргэдийн дэмжлэг, хууль сахиулах болон шүүх засаглалын чадвараас ихээхэн хамаардаг.
Монголд шударга ёсны тэмцэл машинаар бол хүнд араандаа залгаж, усаа халаан уухилсаар уулын оройд нэлээд ойртлоо. Оргил өөд дөхөх тусам замын бартаа нэмэгдэж, хад чулуу ихсэх нь ойлгомжтой. Давж ард нь гарах уу эсвэл уулын бэлд хүч алдан унах уу гэдэг сонголтын өмнө бид удахгүй тулж ирнэ.
Хэрэв “машин” буцаж онхолдвол авлигын эсрэг тэмцэл энэ түвшинд эргэж иртэл нэлээдгүй урт хугацааг туулах байх, магадгүй хэзээ ч эргэж ирэхгүй ч байж мэднэ.
Авлигын гинжээ тасалж чадалгүй, популизмдаа идэгдэж, гадаад өрийн гинжин хэлхээний чөтгөрийн тойрогт 50, 100, 150 жил болсон, одоо ч байгаа дэлхийн олон улсын жишээг бид мэднэ.
Улс орон урагшлан хөгжих, уруудан доройтох нь гагцхүү авлигыг ялж, жам ёсны эрүүл эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж чадсан эсэхээс л хамаардаг.
Авлигын далайдаа хэдэн үеэрээ, хэдэн зуун жилээр дарлуулан амьдарч буй олон улсын харамсалтай жишээг бид үр хүүхдийнхээ төлөө давтаж болохгүй. Тиймээс бид өрөвдөж болохгүй, өршөөж болохгүй, бууж өгч болохгүй.
Өнөөдөр авлигатай хатуу тэмцэх нь Монголын ирээдүйн төлөө хайр юм.
Энэ цаг үеийн эрхэм түшээд ээ,
Шинэ үеийн удирдагч нартаа хөгжлийн төлөө ажиллах илүү боломжийг үлдээхийн төлөө өнөөдөр эс үйлдэл хийхгүй байхыг уриалж байна.
Тэтгэвэрт гараад ард түмнийхээ дунд инээмсэглэн алхах эрх чөлөөний төлөө өнөөдөр Та бид хамтдаа авлигыг ялах ёстой.
Улс төрчид та бүхнийг үнэн байхыг би уриалж байна. Телевизийн камерын өмнө нэг өөр, хөшигний ард бас өөр биш. Дотоод итгэл үнэмшилдээ чин сэтгэлээсээ авлигын эсрэг тэмцэлд нэгдээсэй гэж хүсэж байна. Энэ цаг үеийн бидний эрхэм үүрэг энэ билээ.