БНСУ-ын Пусан хотын ИТХ-ын дарга Ан Сонг Мин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Пусан хотын ИТХ-ын дарга болон айлчлалын бүрэлдэхүүний бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах чиглэлээр ярилцав. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Пусан хотыг монголчууд маш сайн мэдэх бөгөөд манай орны иргэд тус хотод олноороо сурч, ажиллаж, амьдардаг. Улмаар хоёр хотын хооронд шууд нислэгтэй байгаа нь иргэд хоорондын болон ААН-үүд, худалдаа, эдийн засаг, бизнесийн байгууллагын хамтын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болж байна” гэлээ. Улмаар иргэдээс сонгогдож ажилладаг төлөөллийн байгууллагын хувьд ИТХ нь хоёр хотын харилцааг бүх салбарт хөгжүүлэхэд гүүр болж ажиллах нь чухал гэдгийг онцлов.
Пусан хотын ИТХ-ын дарга Ан Сонг Мин “…Монгол Улс өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг арвинтай. Харин БНСУ-ын хувьд байгалийн нөөц байхгүй бөгөөд бид боловсролын салбараараа дамжуулж өндөр технологийг эзэмшсэн. Тиймээс хоёр орон давуу талуудаа боломж болгон, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой. Манай улсын хөгжлийн ноу хау, техник технологийн дэвшлийг Монгол Улс нийслэл Улаанбаатар хотынхоо төлөвлөлт, бүтээн байгуулалтад ашиглахыг хүсвэл бид хамтран ажиллахад бэлэн” хэмээв.
Мөн айлчлалын хүрээнд Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Санамж бичгээр талууд нь харилцан хүндэтгэл, эрх тэгш ашиг сонирхолд суурилсан хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлснээр хоёр хотын хөгжилд хувь нэмэр оруулна. Мөн эдийн засаг, соёл, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох талаар тусгажээ.
Пусан хот нь 767 км/кв нутаг дэвсгэртэй, 3.6 сая хүн амтай бөгөөд улсдаа Сөүлийн дараах хоёр дахь том хот юм.
Тус хотын ИТХ-ы байгууллага нь 47 төлөөлөгчтэй. 42 төлөөлөгч нь сонгуулийн тойргоос иргэд шууд сонгодог бол тав нь намын жагсаалтаар орж ажилладаг. Сонгуулийн холимог системтэй. Монгол Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд Пусан хотын ИТХ-ын 2 дэд дарга, Удирдах хороо, Төлөвлөлт, санхүү, эдийн засгийн хороо, Халамж байгаль орчны хороо, Барилга тээврийн хороо, Далайн тээвэр, хот байгуулалт, аюулгүй байдлын хороо, Боловсролын хорооны дарга нар болон бусад албан хаагчид багтжээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн, Д.Энхтуяа, Хурлын Нарийн бичгийн дарга Б.Батбямба болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ