Энэ сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэх газраас 5 настай охин гэрээсээ гараад сураггүй алга болсон байсныг цагдаагийн байгууллагын албан хаагч нар эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж охиныг Улаанбаатар хотоос олсон юм.

Охиныг эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай эмэгтэй П.Батсуурь хулгайлан авч явсан нь тогтоогдсон билээ. Тэрээр мэдүүлэхдээ “Охин гэрийнхээ гадаа тоглож байсан. Бид хоёр юм ярьж нэлээд суусны дараа охин зайрмаг идмээр байна гэхэд нь би дагуулж яваад зайрмаг, чихэр авч өгсөн. Тэгээд хэд хоног хамт баймаар санагдаад Улаанбаатар луу автобусанд суугаад авч ирсэн. Охин хэлэхдээ “Аав гэртээ унтаж байгаа. Ээж байхгүй” гэж хэлсэн. Охинтой зүгээр л хамт баймаар санагдаад дагуулж ирсэн” хэмээсэн юм.

Тэгвэл хүүхэд хулгайлсан хэрэгт буруутгагдаад буй П.Батсуурьт Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар нэг сарын хугацаатайгаар хорих шийдвэрийг гаргалаа.

О.Үжин