Японы нэгэн компани “Mongoryu shampoon“ гэх шампунийг худалдаанд гаргадаг бөгөөд уг шампуний логонд Монгол улсын төрийн сүлд тэмдгийг ашиглажээ. Монгол хүний, Монгол төрийн үнэт зүйл болсон төрийн сүлдийг үс угаах хэрэгслийн лого болгон ашигласан нь тун тохиромжгүй юм.

Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй. Сүлдний төв хэсэг нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлжээ. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлдэг. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна“ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг нь Төрийн сүлд билээ. Иймийн учир холбогдох байгууллага нь үүнийг анхааралдаа авах нь зүйтэй биз ээ.

Өнгөрөгч хоёрдугаар сард Японы “Корокоро“ сар тутмын манга сэтгүүлд Чингис хааны нүүрэн дээр эрэгтэй хүний бэлэг эрхтэн бүхий дүрсийг зурсан явдал гарч байсан. Үүнийг хүчтэй эсэргүүцсэн Монголчуудын эсэргүүцэлд тус хэвлэлийн компани албан ёсоор уучлал хүсч, худалдаанд гаргасан бүх сэтгүүлээ эргүүлэн татахаар болсон билээ.

www.Seen.mn