ОХУ-д үйлдвэрлэгддэг “Виферон” лааг ханиад томууны үед хэрэглэхэд үр дүнгүй учирхөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасна гэх мэдээллийг эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл25-р суваг телевизэд өгсөн ярилцлагын үеэр дурдсан байдаг.
Тэрбээр “Азийн хөгжлийн банкны багаас судалгаа хийгээд Виферон лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүйг тогтоосон. Тухайн үедээ л вирусийг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Тиймээс Виферон лааг хөнгөлттэй эмийн жагсаалтаас хасаад зогсохгүй, хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа” хэмээсэн.
Хэдхэн хоногийн өмнө ийнхүү ярьж байсан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгнээсээ буцаж “Виферон” лааг хэрэглээнээс хасах тухай огт дурдаагүй хэмээн тайлбарлаж байгаа ба тус лааны сөрөг үр дүнгийн талаар ямар нэг баримт, нотолгоо байхгүй гэсэн юм. Ийнхүү Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Виферон” лааны тухай олон талын зөрүүтэй, ташаа мэдээлэл нийгэмд тарааж байгаа нь тус лааг импортлогч “ЭНТО” компанийн нэр хүндэд халдаж байна гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
“ЭНТО” компанийн төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж эл асуудлаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр “ЭНТО” компанийн өмгөөлөгч Ш.Алтангадас “ОХУ-ын эрдэмтэд 50 гаруй жилийн туршилт судалгааны үндсэн дээр виферон лааг эмнэлзүйд хэрэглэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл эмнэлзүйн үйлчилгээний хувьд гэж нөлөө, урвал үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй. Виферон лаа нь 2010 онд эмийн бүртгэлд бүртгэгдээд Монголд найм дах жилдээ худалдаалагдаж байна.
Төрийн байгууллагаас хийгдсэн эмийн гаж нөлөөний судалгаагаар, виферон лаатай холбоотой ямар ч гаж нөлөө илрээгүй. Нөгөө талаас Монгол Улсад эмийн бүртгэх журам гэж бий. Тэр хууль журамд заасан баримт бичиг буюу судалгааны тайлан дүгнэлтийг өгч эмийн жагсаалтад оруулсан байдаг.
Хоёрдугаарт, өмнөх хэвлэлийн хурлаар ЭМЯ-ны сайдын зөрүүтэй мэдээллээс болоод хэн хохироод байгаа вэ гэвэл хэрэглэгч хохирч байна. Иргэдээс бидэнд тайлбар хийгээч ээ гэсэн хүсэлт ирүүлж байна. Сайдын хэлсэнчлэн виферон лаа 1-2 жилд хүүхдийн дархлааг устгадаг уу гэвэл үгүй. Энэ мэдээлэл өнөөдрийн байдлаар үгүйсгэгдэж ЭМЯ-ны байр суурь зөрөлдөж байна.2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн эм зүйн салбар судлалын дүгнэлт байдаг. Уг дүгнэлтэд виферон лаа ямар нэгэн асуудалгүй, эрүүл мэндийн эмнэл зүйн салбарт хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт байгаа” гэсэн юм.
Ш.Алтангэрэл: Эрүүл мэндийн сайд ЗАЛРУУЛГА хийх ёстой
Түүнчлэн Азийн хөгжлийн банк нь эмнэлзүйн нөлөөлөл судалдаг байгууллага биш бөгөөд зөвхөн үнийн судалгаа хийх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд оролцсон гэдгийг энд онцолж байв. Гэтэл олон улсын байгууллагын нэрийг барьж ташаа мэдээлэл түгээсэндээ Эрүүл мэндийн сайд залруулга хийх ёстой гэж тэд үзэж байгаа аж.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд уг лааг 90 гаруй мянган хүн хэрэглэсэн гэх судалгаа байдаг ба эдгээрээс эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдол нэг ч удаа бүртгэгдээгүйгээр барахгүй эмийн үйлчилгээ үр дүнтэй гэдгийг эмнэлзүйн салбарынхан хэлж байна.
Гэвч мэргэжлийн бус сайд нийгэмд эргэлзээ үүсгэж, ташаа мэдээлэл нийгэмд түгээж байгаа нь энэ төрлийн өөр эм бэлдмэлийг оруулж ирэх гэсэн ямар нэг бизнесийг цэцэглүүлэхээр дэмжиж буй хэрэг биш биз гэсэн хардлага олон нийтийн дунд тархаад байна. Цаашлаад Эрүүл мэндийн даатгалын сан хэн нэгэн эрх мэдэлтнүүдийн дур зоргоор захиран зарцуулдаг дахин нэг “ЖДҮ” болох ч эрсдэл байна гэх хүн олон байгааг анхаарах хэрэгтэй юм.