Аливаа улсын сүр хүч Авлигатай тэмцэх газа нь хэрхэн ажиллаж байгаагаар хэмжигддэг цаг үед бид амьдарч байна. Хойд хөрш авлигачидтайгаа тэгж тэмцлээ, ингэж хариуцлага тооцлоо, “Ёстой мундаг” гээд л алгаа таших.
Урд хөрш авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээ онгоц онгоцоор баривчлаад иржээ, тэднийг хатуу цээрлүүлжээ, өр зээлийг нь төлүүлж, улсаа хохиролгүй болгожээ” гээд л атаархах.
Уг нь манай улс тэднээс дутуугүй л дээ. Манайд Авлигатай тэмцэх газар /АТГ/ бий. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцээгүй биш тэмцэж байсан. Хамгийн гол нь үе үеийн эрх баригчид, хууль тогтоогч УИХ-ын гишүүд маань АТГ-ыг билэг тэмдгийн чанартай байгууллага байлгахыг зорьж ирсэн. Ингээд амьтнаар бол араа, шүднүүдийг нь сугалаад хаячихсан гэж байгаа. ”Шүдгүй арслан” гэдэг нэр томъёо ингэж анх үүссэн. Өдгөө ганц АТГ-ыг ч биш цагдаа, прокурор, шүүх, төрийн байгууллагууд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыгаа ч хүртэл “Шүдгүй арслан” болгочихоод “Утсан хүүхэлдэй”-гээр наадах мэт зугаацаад сууцгааж байдаг болсон гэж байгаа.
УИХ-аас АТГ-ын шүдийг сугалсан үйл явдал нь Авлигатай тэмцэх олон улсын өдөртэй давхцдаг хар түүхтэй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сонирхлын зөрчлийн тухай хуульд байсан хяналтын зохицуулалт бүхий заалтыг УИХ авч хаясан. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-г өөрчилсөн. Энэ хууль нь төрийн бүх шатны албан хаагчийн хувийн ашиг сонирхлыг мэдүүлэх, бүртүүлэх, хянах нэгдсэн зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл, төрийн албанд шинээр орж байгаа, өөр ажилд шилжиж, албан тушаал дэвшиж эсвэл сэлгэн томилогдож буй бүх шатны албан хаагчийн хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой харшилж байна уу, үгүй юү гэдгийг АТГ судалж, хянаж үздэг. Зөрчилдөхөөр байгаа бол тухайн албан хаагчийг томилж болохгүй гэсэн албан бичгийг гаргадаг. Тэр дагуу асуудал шийдэгддэг байв. Ялангуяа 2016 оны сонгуульд нэг нам 65 суудал авч үнэмлэхүй олонх болсноор түүндээ бялуурч, бярдаж төрийн албаны том, жижиг олон албан тушаалд томилгоо хийснийг АТГ чөдөрлөсөн нь дээрх хуулийн заалт байв.
Тэгвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэсэн заалтад УИХ 2017 онд нэмэлт оруулахдаа “Үүрэгтэй” гэдэг үгийг нь алга болгочихсон. Ингэснээр 23.7 дахь заалт нь “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана” гэсэн утгатай болсон.
АТГ ашиг сонирхлын зөрчлийг харахаас бус хазах эрхгүй болж хувирсан.
Өөрөөр хэлбэл, АТГ ашиг сонирхлын зөрчлийг харахаас бус хазах эрхгүй болж хувирсан. Хуулийн энэ өөрчлөлтийг хэдхэн хоногийн дараагаас буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Төрийн албанд хэн дуртай нь орох, хувийн ашиг сонирхлоо нийтийн албанд хэрэгжүүлэх үүд хаалга нь хуулиар нээлттэй болно. Тэгэхээр манай улс юун авлига, албан тушаалын хэргүүдтэй тэмцэх гэгч л болох нь. Харин ч эсрэгээрээ энэ төрлийн гэмт хэрэг өсөх, арга хэлбэр нь нарийсах, судлаачдын томъёолж буйгаар албан бус тогтолцооны хана, хэрэм улам зузаарч бэхжих ийм л нөхцөл бололцоо нээгдэж байна гэсэн үг.
Уг нь бид АТГ гэдэг архирч байгаа арслан дүртэй, билэг тэмдгийн чанартай байгууллагатай байх бус бие даасан хуультай, хараат бус бүтэцтэй жинхэнээсээ арслан байгууллагыг л бий болгох учиртай. Үүний тулд арслангийнхаа шүдийг сугалах биш хурцлах ёстой юм. Авлигатай жинхнээсээ тэмцье гэвэл энэ ажил Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7 дахь заалтын “Үүрэгтэй” гэдэг үгийг хогийн савнаас авч буцаагаад байранд нь тавихаас л эхэлнэ. АТГ-ыг АРСЛАН байлгая хэмээвээс араа шүд нь хорхой идсэн онгорхой цоорхой байж хэрхэвч болохгүй.
ЭКСПЕРТИЙН ҮГ
Х.Тэмүүжин: ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТУУДЫГ ХУЛГАЙГААР АЛГА БОЛГОЖ БАЙНА
/ХЗДХ-ийн сайд асан, хуульч/
-Улстөрчдийн ёс зүй өнөөдөр ямар байна вэ. Түүнийг тодорхойлж байгаа хууль эрхзүйн орчин ямар байна?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль замхарч, сонирхлын зөрчилтэй тэмцэх боломжгүй болж байна. УИХ Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэн батлахдаа ашиг сонирхлын зөрчлийн хуулийн хамгийн чухал заалтын нэгийг хөндсөн. Илт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг төрийн албанд томилж болохгүй шүү гээд үүрэг болгочихсон заалтыг сонирхлын зөрчил нь ил харагдаж байсан ч гэсэн томилж болно гэж өөрчилсөн. Энэ мэтээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хуулийн заалтуудыг нэг нэгээр нь хумсалж хулгайлсаар байгаад энэ үйлдэлтэй тэмцдэг хуулийг яваандаа үгүй болгож байна.
Б.Мэргэн: УЛСТӨРЧДИЙН ЁС ЗҮЙ ЯМАР БАЙГААГ ЖДҮ ХАРУУЛСАН
/Хуульч, судлаач/
-Улстөрчдийн ёс зүй ямар байгааг харуулсан хамгийн сүүлийн үйл явдал нь ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудал юм. УИХ-ын 35-40 гишүүн үүнд холбоотой гэсэн мэдээлэл байгаа. Албаны эрх мэдэл, УИХ-ын гишүүний нэр хүндээ ашиглаад өөртөө болон бусдад давуу байдал бий болгохыг хориглосон хууль үйлчилдэг. Хэрэв үүнийг зөрчих юм бол УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцээд, хариуцлага оногдуулна гэж заасан байдаг. Гэхдээ өмнөх практикуудаас харахад зүгээр л санал дүгнэлтээ УИХ-д оруулж байна гэсэн өгүүлбэртэй дүгнэлт чуулганаар оруулдаг. Яг ямар зүйл оруулаад байгаа нь тодорхойгүй. Үр дүнд нь тухайн бүлгийн даргын юм уу эсвэл УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөөд гишүүн хэвээрээ үлддэг явдал давтагдаж ирсэн. Энэ зуршлыг арилгахын тулд хуульчид нэгдэж Үндсэн хуулийн цэц, УИХ-ын Ёс зүйн хороонд хандаад байна.
Зууны мэдээ
Ч.Үл-Олдох