Чи өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ?
Утсаа шүүрч аваад facebook, instagram-аа шалгадаг уу эсвэл шуудхан л нойлын өрөө рүү гүйн ордог уу? Нүүрээ будчихаад хувцасаа өмсдөг үү, хувцасаа өмсчихөөд нүүрээ буддаг уу? Өглөө болгон ямар замаар ажил руугаа явдаг вэ? Өдрийн хоолондоо гэрээсээ бэлтгэсэн хоолоо иддэг үү, гадуур хооллохыг илүүд үздэг үү? Ажлынхаа дараа фитнесс заал руу явдаг уу эсвэл гэртээ харьж сайхан сериал үзэж хэвтэх дуртай юу?
Бидний өдөр тутамдаа хийдэг том жижиг хамаагүй маш олон сонголтууд маань бидэнд зуршил болон тогтдог байна. Бидний өглөөнөөс орой болтол өөрсдөө ч анзааралгүйгээр үйлдддэг үй олон зуршлууд маань бидний эрүүл мэнд, ажлын бүтээмж, санхүүгийн байдал, аз жаргал зэрэгт асар их нөлөө үзүүлдэг тухай та урьд нь төсөөлж байсан уу? Сандарсан үедээ хумсаа мэрэх, оройн цагаар зүсэм бялуу идэх, шаардлагагүй ч гэсэн байнга утсаа маажихаас авахуулаад архи тамхи мансууруулах бодис мөрийтэй тоглоомонд донтох гээд бүгд л яг л нэг ижил шинж чанартай муу зуршлууд юм. Зарим нь гэр бүл, улс оронд ч гай тарьж мэдэхээр хор хөнөөлтэй байдаг учраас л бид нар анхаарлаа илүү хандуулдаг болохоос биш бүгдээрээ л ижилхэн өдөөгч хүчин зүйлээр үүсгэгдсэн ижилхэн зуршлууд. Хүн өөрийнхөө муу зуршлуудын өдөөгчийг олж тогтоон устгах боломжтой адил сайн зуршлуудыг ч гэсэн цоо шинээр өөртөө суулгаж болох боломжтой. Архинд донтсон залуу, чихрэнд донтсон хүүхэд аль нь ч ялгаагүй өөрийнхөө зуршлыг муухай гэдгийг ухаардаг, болихыг хичээдэг ч гэсэн хүссэнээр нь болж өгдөггүйн шалтгааны учрыг энэхүү номноос уншаарай.
Хэрхэн сайн зуршлыг бий болгон амжилтанд хүрэх вэ?
1. 1 сонирхолтой зүйл гэвэл бидний ой санамж устсан ч бидний урьдны зуршил маань хадгалагдан үлддэг. Учир нь хүнд ямар нэг зуршил тогтсон л бол тархи ухамсарын түвшинд шийдвэр гаргахаа больдог байна. Анх удаа машин барьж байгаа жолооч жолооныхоо хүрд, цонх, хааз тоормос гээд л бүх л зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлдэг бол олон жил барьсан туршлагатай жолооч жолоо барингаа утсаар ярьж, юм ууж идэн маргаашийнхаа ажлыг хүртэл толгойдоо төлөвлөж чаддагийн учир энэ аж. Тийм болохоор ямар ч зүйлийг 50,100,1000удаа давтах үед тухайн үйлдэл зуршил болон хувирч бидний тархинд нэг талаараа амралт болж өгдөг. Хүн өөрийнхөө үйлддэг ихэнх үйлдлээ зуршил болгон хувиргаж чадвал тархи үр ашигтай ажиллаж илүү бүтээлч зүйлсүүдэд өөрийн энергиэ зарцуулах боломжтой болдог ажээ. Өдөрт 10000 алхах ч юмуу, өдөрт 50 хуудас унших нь өдөр болгон давтагдаад ирэхээрээ хүний бие, тархинд ачаалал өгөхөө болин өдөр ирэх тусам тун амархан өөрийн эрхгүй л үйлдэгдээд ирэх болно. Күнзийн хэлсэн “ Их бүү хий, бага бүү хий, өдөр бүр хий “ гэдэг үг тун ч үнэн үг байгаа биз.
2. Шунал хүсэл бол зуршлын хамгийн том өдөөгч хүчин зүйл. Жишээ нь: амттай шарсан тахиа оройн хоолны ширээн дээр байх үед бид хэдий хоолны дэглэм барьж байсан ч хамаагүй нэг мэдэхэд тэр зүг рүү гараа явуулчихсан байдаг. Тийм ч их өлсөөгүй хэрнээ тэр хоолонд шунах сэтгэлээ барьж дийлэлгүй жаахныг идчихэд сэтгэл санаа хамаагүй дээрдээд явчихдаг. Учир нь шунал хүсэл маань хангагдчихсан учраас тэр. Үүнтэй ижлээр сайн зуршлыг ч өөрийн болгохыг хүсвэл зуршлыг өдөөх шуналаа зөв тодорхойлж чадвал зуршил удаан хугацаанд хадгалагдах бүрэн боломжтой.
3. Зуршлаа өөрчлөхийн тулд олон аргыг нэгэн зэрэг ашиглах биш харин ганцхан зүйлд төвлөрөх нь илүү ашиг тустай. Жингээ хасахыг хүссэн хүмүүс гэнэт л чанга хатуу хоолны дэглэм барьж, биендээ ахадсан дасгалууд хийж, усны үхэр шиг л зогсоо зайгүй ус ууж эхэлдэг. Гэтэл тэр олон зуршлыг хүн нэг дор хэвшүүлэх нь тун хэцүү учраас ихэнхи хүмүүс сар, хагас сарын дараа л бууж өгөн, өөрийнхөө туйлбаргүй, тэвчээргүйдээ гутарцгаадаг. Харин зуршлаа өөрчлөхийн тулд ганцхан л зүйл дээр төвлөрөн тухайн зүйлээ ягштал баримтлан хийж чадвал зуршил маань өөрчлөгдөхийн хэрээр түүнийгээ даган өөр олон өөрчлөлтүүд гарч ирдэг байна. Жишээ нь гэхэд жингийн илүүдэлтэй хүмүүст зөвхөн өдөрт идсэн хоолныхоо нэрсийг л өдөр бүр бичээд бай гэдэг даалгавар өгч 6 сарын дараа үр дүнг нь харахад бүх хүмүүс нь ямар нэг байдлаар жингээ хасан тэрүүгээр ч зогсохгүй ихэнхи нь эрүүл хоолны хэвшилтэй болсон байж. Өдөр бүр өөрийнхөө идэж байгаа амттан, чихэр, хийжүүлсэн ундааг жагсааж бичих болгондоо өөрийгөө буруу хооллож байгааг ухаарч аажмаар өдөр болгон бичдэг жагсаалтаа илүү эрүүл хоол хүнсний нэрсээр солихыг хүссэн хэрэг. Тийм учраас олон зүйлийг нэгэн зэрэг эхлүүлэлгүй ганцхан жижиг зүйлийг л маш тууштайгаар хэвшүүлж чадвал зуршил өөрчлөгдөх бүрэн боломжтой.
4. Зуршлаа солихын тулд зайлшгүй түүнийг орлох өөр давтамжит үйлдлийг олох ёстой. Тамхинаас гарахыг хүсвэл тамхи татсаны дараа мэдрэгддэг тэр сэтгэл ханамжийг өгч чадахаар өөр шинэ үйлдлийг бодож ол. Сэтгэл санаа таагүй үедээ өөрийн мэдэлгүй уушийн газрын хаалгыг татдаг зуршилтай бол өөрийнхөө бэрхшээлийг архи ууж биш спортоор хичээллэж даван туулдаг бол. Чамтай ижлээр өөрийнхөө зуршлаа солихыг хүсч буй хамт олонтой нэгдэн нийлвэл зуршил өөрчлөгдөх магадалал илүү өсөх болно.Мэдээж хүн болгон л муу зуршлаа даван туулж сайн зуршлаар өөрийгөө хүрээлүүлж чаддагсан бол хорвоо дэлхий хэзээ ч ийм байхгүй байсан байх. Хүнд хэцүү, маш их цаг хугацаа зарцуулах нь ойлгомжтой ч гэсэн ядаж оролдоод үзэх хэрэгтэй шүү дээ. Ганцхан хүний зуршил өөрчлөгдсөнөөр түүний гэр бүл, ажлын хамт олон, нийгэмд маш олон өөрчлөлтүүд гарах болно.
Америкчуудыг тэр даяар нь шүд угаах зуршилтай болгон сая сая Пепсодент оог зах зээлд нэвтрүүлж чадсан зар сурталчилгааны мэргэжилтний тухай, илүү хямдхан ижил чанартай өөр сонголтууд байсаар байтал америкчууд яаагаад зөвхөн starbucks-ийн үнэтэй латтег л сонгон уудаг тухай, бүсийнхээ хамгийн сүүлд бичигддэг баг хэрхэн superbowl-ийн аварга болсон тухай гээд зөвхөн зуршлын хүчээр бий болсон олон гайхалтай бизнес, спорт, хувь хүний түүхийг энэ номноос олж уншаарай.
Эх сурвалж: Goolingoo.mn