Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшингийн зохишгүй шаардлага олон нийтийн дургүйцлийг хүргэлээ. Тэрээр шинэ жилийн үйл ажиллагаанд Монгол дээлтэй бүжиглэсэн эрийг “Бүжиглэхгүй байх“-ыг сануулсан байна.
Энэ тухай тэрээр: “Ёолкны хувцаслалт бол гоёлын болон албаны. Нэг байгууллагын ах дээлтэй бүжээд байхаар нь нөхөрсөгөөр та бүжиглэхгүй зүгээр сууж байхгүй юу гэж зөвлөсөн биш хүүхнүүдэд нь барьж идүүлэх шахлаа. Хаха. Ширээндээ сууж байна биз. Соёлжих, нийгэмшихэд ахиад хэдэн арван жил хэрэгтэй бололтой. Явцыг хурдлуулах л нь бидний үүрэг. 450 зочдоо хүндэтгээд протоколын ёс зөрчихгүй байвал. Зарим аж ахуй нэгжүүд салбарынхны нэгдлийг өөрсдийн ганц нэг оролцогчоос дээгүүр тавихгүй байхыг хойшид анхаарна биз дээ. 40 мянгантын бид соёлыг түгээхэд түүчээлэх үүрэгтэй. Зарим нэг нь хараана л биз. Зарчим бол зарчим. Ёолкондоо бэлдэж гоёж ирсэн олон зуун бүсгүйчүүдийн хөдөлмөрийг жоохон ч гэсэн үнэлэх ёстой болов уу. Бусдаар бол гоё шүү“ хэмээн бичжээ.
Харин түүний энэ үзэл бодол үндэсний хувцсаараа бахархаж, үндэсний ёс заншлаа хүндэтгэн дээдэлдэг хүн бүрийн дургүйцлийг хүргэв. Шинэ жилийн цэнгүүнд Монгол дээлээрээ дэвхийтэл гоёсон тэмээчин Б.Буяндэлгэр нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багт амьдран суудаг бөгөөд 1992 оноос өнөөг хүртэл Монголын аялал жуулчлалын салбар, Монгол ахуйг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн аж.
Гэтэл олон жилийн хүч хөдөлмөрийн үр шимээ хүртэн шинэ оны босгон дээр салбарын баяраа тэмдэглэж явсан түүнд салбарын орлогч дарга нь дээлтэй бүжиглэхгүй байхыг сануулж суудалдаа суухыг санал болгосон нь тун бүдүүлэг хэрэг.
Төрийн хүндэтгэл ёслол, баяр наадам, бүх л сайн сайхан зүйлд монгол дээлээрээ гангардаг байхад нийслэл хотын аялал жуулчлалыг хариуцсан дарга нь ийнхүү ёс зүйгүй, хүнлэг бус авирлах нь туйлын харамсалтай.
Цахим орчинд түүнийг эсэргүүцсэн олон нийтийн хариу үйлдэлд аргаа барсан тэрээр дээлтэй “Дээлтэй ахын утсыг нь мэдэх хүн чатаар явуулна уу. Нутаг өөдөө яваагүй байвал уулзаад, уучлалт гуйна“ хэмээн учирлажээ.
www.Seen.mn