Ээж, гэрийн эзэгтэй бүрийн нуруундаа үүрдэг хэдэн зуун ачаан дундаас намайг хамгийн их бухимдуулдаг нь гэр орны эмх цэгцгүй байдал, хөглөрсөн их эд хогшил. Өдрийн турш цэвэрлээд л, угаагаад л, бүх л жижиг сажиг зүйлээ эмхэлж цэгцлээд гэрийнхнээсээ хамгийн сүүлд орондоо орох хэдий ч маргааш өглөө эхлээд дөнгөж хагас цаг өнгөрөхөд л тэр их хөдөлмөрөөс минь юу ч үлдээгүйгээр үл барам буцаад л гэр маань дайны дараах бөмбөгдүүлчихсэн хоттой ижилхэн болчихсон байдаг тэр өдөр хоногууд саяхан мэт л надад санагдаж байна.
Эмх цэгцтэй, цэвэрхэн гэрт амьдрах хэдий тааламжтай ч өдөр бүрийн 1-2 цагийг гэр орноо янзлахад зарцуулаад, тэгсэн ч 7 хоногийн сүүлээр нөгөө л бахь байдаг хэвэндээ орчихсон байхыг харах үнэхээр хэцүү. Эхлэл төгсгөл нь мэдэгддэггүй гэрийн ажлын цагийг хэрхэн яаж багасган, өөртөө зарцуулах цаг хэрхэн гаргах вэ гэж толгойгоо гашилгаж байх үедээ би New York Times сонины #1 бестселлер бүтээл “The life changing magic of tidying up” буюу “Амьдралыг өөрчлөх эмх цэгц” номыг уншсан билээ. Хэрвээ чи яг л надтай ижил асуудлаар өөрийгөө шаналгаж суугаа бол энэ дуусашгүй тойргоос гарахад Кондо авхайн бичсэн ном гарцаагүй туслах болно гэдгийг чамд би итгэлтэйеэ хэлэх байна.
Хэзээ ч дуусаж дундардаггүй үргэлжийн мөнхөд оргилон ундарч байдаг гэрийн ажлыг хэрхэн багасгах төдийгүй өөрийн орон гэрээсээ таашаал мэдэрч, түүндээ өөриймсөг сэтгэлээр хандан, тойрон хүрээлж байгаа эд зүйл бүрээсээ таашаал мэдэрч сурахад минь ч мөн энэ ном тусалсан юм.
Харин хайртай ном маань Netflix дээр реалити шоу хэлбэрээр цацагдсаныг дуулаад шинэ он гарсан дариуд бүх ангийг нь суурин дээрээ үзэж дуусган шинэ оны босгон дээр дахин нэг удаа урам зоригтой гэгч нь гэрээ цэгцлэв. 2 жилийн өмнөх их цэвэрлэгээ, их хог хаягдлаас хойш би худалдан авалт хийх бүрдээ сэтгэл хөдлөлдөө автахгүйг хичээн, маш их бодож байж шийдвэр гаргадаг болсон тул хаях хог энэ удаад бараг л гэрээс маань гараагүйд үнэхээр их баярласан шүү. Дэлхийн сая сая хүмүүст амьдралаа өөрчлөх цоо шинэ арга, хандлагыг санал болгож байгаа Кондо авхайн номыг уншсан аль эсвэл дөнгөж цацагдаад буй реалити шоуг үзэж дууссаныхаа дараа эмхэлж цэгцлэх үйлсээ эхлүүлэхээр ханцуй шамлан суугаа бүх бүсгүйчүүддээ энэхүү нийтлэлээ би зориулж байгаа юм шүү.
Ямааны мах халуун дээрээ гэдэгчлэн ном, шоунаас олж авсан урам зоригоо алдахаасаа өмнө мөрөөдлийнхөө гэрийг цогцлоохын төлөө хамгийн түрүүнд доорхи алхамуудыг хэрэгжүүлээрэй, найз минь.
1. Цэгцлэхээсээ өмнө хая
Гэр бүлдээ хэрэггүй, үнэ цэнгүй болсон эд зүйлсээ зоригтойгоор хаяж чадахгүй л бол хэчнээн сайхан эмхэлж цэгцэлсэн зүйлс ч өмнөх хэвэндээ орох нь цаг хугацааны л асуудал. Тийм ч учраас нэг дор бүх хогшлоо ил гаргаж тавиад чамд аз жаргал авчирдаггүй, чамайг догдуулж аль эсвэл амар амгалан байдлыг мэдрүүлж чаддаггүй бүх л эд зүйлсээ хая. Хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж харанхуй өрөөнийхөө мухарт дахин өрж тавих, зуслангийнхаа байшингийн дээд давхарт аваачих талаар бодсоны ч хэрэггүй. Чамд амлаж байна, дахиад 6 сар 1 жил өнгөрөхөд чиний овоолж хураасан эд хогшлуудын аль нь ч чамд хэрэг болоогүйгээр үл барам тоос шороонд дарагдсан байдалтайгаар чамайг угтах болно. Эвдэрч хэмхрээгүй, урагдаж гандаагүй эд хогшил, хувцасаа шуудхан гаргаад хаячих нь төсөөлөлд чинь нэг л багтаж өгөхгүй байвал facebook дээрх бэлгийн группуудэд элсэж ороод хэрэгтэй нэгэнд нь тэдгээрийг сэтгэлийн бэлэг болгоод өгөөрэй. Яг энэ аргаар би маш олон хувцас, хүүхдийн тоглоом, хэрэглэхээ больсон цахилгаан бараануудаасаа ангижирч чадсан юм шүү. Орон гэрээ эмхэлж цэгцлэх нь нэг удаадаа гэрээ бүтэн цэвэрлэж өөрийгөө хуурахын нэр биш гэдгийг санаарай.
2. Гэрийнхээ зургийг дар
Зөвхөн өөртөө зориулаад гэрийнхээ бүх өрөө, шүүгээ, булан тохой гээд эмхэлж цэгцлэх хэрэгтэй байгаа бүх л газруудынхаа зургийг нэг бүрчлэн дар. Бүх зүйлээ цэгцэлж дууссаныхаа дараа авсан зураг бүхэн чинь чамд урам зориг хайрлаж, цаашдаа эмх цэгцтэй, минимал нэгэн байхад чинь туслана. Маш их хичээл зүтгэл гарган байж 20,30 кг жин хаяж чадсан хүн тарган байх үеийнхээ зургийг хараад дахин тийм хүн болохыг хүснэ гэж үү? Эмх цэгцтэй нэгэн болох нь ч яг үүнтэй ижил.
3. Хамгийн түрүүнд хувцас
Эмх цэгцийн гайхамшгийг гэртээ авчирахыг хүсэж байгаа хэн бүхэн хамгийн түрүүнд хувцасны шүүгээнээсээ эхлэх нь зүйтэй. Kondo авхай номондоо “Хувцас бол эмх цэгцтэй байх чадварыг өөрийн болгоход чинь туслах хамгийн төгс эд хогшил” гэж хэлсэн байдаг. Хувцасны шүүгээ, орны доод тал, харанхуй өрөөнд өрөөстэй байгаа чиний гэсэн тодотголтой бүх хувцасыг нэг дор нь овоолж байгаад нэг нэгээр нь ангилах нь хамгийн чухал. Ангилах үед сэтгэлд чинь ямар нэгэн догдлол мэдрүүлэхгүй байгаа хувцсандаа талархал илэрхийлээд эргэлзэхгүй зүйлгүй хаях эсвэл хэрэгтэй нэгэнд нь бэлэглээрэй. Аль хувцсаа авж үлдэх эсвэл хаяхаа мэдэхгүй байвал санамсаргүй гурван хувцас сонгож аваад тэр гурваасаа ердөө нэгийг нь авч үлдэх 3 минутын хугацааг өөртөө олго. Ижил төстэй хувцаснуудыг хооронд нь харьцуулах замаар жинхэнэ сэтгэл догдлолыг мэдрэх боломжтой. Яг ийм зарчмаар нөхрийнхөө, хүүхдийнхээ бүх хувцсыг ялгаж ангилсны дараа чи өөр эд зүйлсийг цэгцлэхдээ хамаагүй туршлагатай нэгэн болсон байна.
4. Хувцасны эвхэлт маш чухал
Marie Kondo авхайн зааснаар хувцасаа эвхэх нь ердөө хувцасны шүүгээнийхээ багтаамжийг нэмэгдүүлэх төдийхөн зүйл биш юм. Яг түүний заасны дагуу хувцасаа тэвхийтэл нь эвхэх үед яагаад ч юм хувцасаа хайрлах, ариг гамтай өмсөх тийм нэг дулахаан мэдрэмж төрдөг. Эхэн үедээ мэдээж хувцас бүрийг яг нэг стандартын дагуу эвхэж өрөх нь надад үнэхээр ядаргаатай, цаг барсан ажил мэт санагддаг байсныг нуулгүй хэлье. Гэхдээ дахин давтах хийх тусам энэ ажил намайг тайвшруулж, стрессийг маань тайлж байгаа мэт санагдах болсон. Дээр дээрээсээ овооролдсон, хэзээ мөдгүй өөдөөөс минь нурах гэж байгаа бөөн хувцасаар дүүрэн байсан шүүгээ маань цэлийсэн сайхан зайтай болохыг харах ямар урамтай гэж санана.
5. Бүх эд зүйлс өөрийн гэсэн гэр оронтой
Гэрт байгаа бүх л эд зүйлс өөрийн гэсэн буцах хаяг, буух эзэнтэй байх ёстой. Угаалгын өрөөнийн тосгуурын яг хажууд гэр нь байдаг гар нүүрийн саванг хэрэглэж дууссаныхаа дараа нэг бол зочны өрөөний буйдан дээр, аль эсвэл унтлагын өрөөний орон дээр тавиад байж болохүй шүү дээ. Яг л дээрх савантай ижилхэн чамайг хүрээлэн байгаа эд зүйлс болгон өөр өөрийн орон гэртэй болох ёстой юм. Эс бөгөөс их хаялт, их цэгцлэлтийн ашиг тус чамд тийм ч их мэдрэгдэхгүй. Хичнээн их эд хогшилтой байсан ч тэд бүгд өөрсдийн гэсэн байршилтай байвал чиний гэр цэвэрлэх ажил чинь үнэхээр хялбар байх болно.
6. Эмхэлж цэгцлэх ажлыг гэр бүлээрээ хамт хий
Нэг гэрт хамтдаа амьдарч буй бүх хүнд энэ өөрчлөлт хамаатай учраас нөхөр, хүүхдийнхээ туслалцааг чадах чинээгээрээ авахыг хичээгээрэй. Хамтдаа энэ бүхний ард гарсны дараа нөхөр чинь чамаас өглөө болгон өрөөсөн оймсоо хаана байгаа талаар дахин хэзээ ч асуухгүй нь хамгийн сайхан нь. Бүх эд зүйлсээ гэр оронтой болгох явцад хамгийн хэцүү нь хүүхдийн маань хэдэн зуун ширхэгтэй жижиг лего, өрдөг тоглоомууд байсан болохоор охинтойгоо хамтдаа түүний тоглоом нэг бүрийг эмхэлж цэгцэлсэн юм. Харин үүний дараа охин маань орой тоглоомоо тоглож дуусаад шуудхан л хэнээр ч хэлүүлэхгүй бүх тоглоомоо байр байранд нь хураадаг болсон нь үнэхээр бахархмаар явдал байсан. Гэр бүлийн гишүүдийнхээ өмнөөс бүхнийг хийх гэж хичээхээс илүүтэй тэдэнд үлгэр дууриал үзүүлэх нь илүү чухал гэдгийг чамдаа дахин сануулъя.
7. Хамгийн үнэ цэнтэй зүйлсийг хамгийн сүүлд нь
Нөхрийн чинь анхны болзоон дээрээ чамд бичиж байсан захидал, гэр бүлээрээ авахуулсан дурсгалтай зургууд, арван жилийн ангийн найзын чинь чамд бэлэглэсэн жижиг чихмэл гээд чиний хувьд үнэ цэнтэй, утга учир бүхий зүйлсийг хамгийн сүүлд цэгцлээрэй. Гэхдээ өнгөрсөнд үлдсэн дурсамжийн хэлтэрхийг биш одоо байгаа өөрийгөө илүү их хайрлах ёстой гэдгээ мартаж болохгүй шүү. Дурсамж бүрийг хадгалж, үргэлжид санан дурсаж явах нь заримдаа тийм ч оновчтой алхам биш байдаг.
8. Огт завсарлага авахгүйгээр нэг дор цэгцэл
Эмхэлж цэгцлэх явцад шалаар нэг тарааж хаясан хувцас, энд тэндгүй хөглөрөх хүүхдийн тоглоом, хайрцаг савнаасаа ил гарсан эд хогшлууд чинь мэдээж чамайг тухгүй болгоно. Тиймээ, өөрийн мөрөөдлийн амьдралаа орон гэртээ цогцлоохын тулд, эмх цэгцтэй орчинд өөрийн хийх дуртай зүйлээ тааламжтайгаар хийж суухын төлөө иймхэн зэргийн золиос байлгүй яахав. Өдөр бүр хийдэг гэр орны цэвэрлэгээтэй адилгүй хэдэн жилдээ ганц л удаа хийх цэгцлэлт шүү дээ. Нэг л эхэлсэн бол дундаас нь бүү зогсоорой, дунд бүү завсарлага аваарай.
Хэрэггүй эд зүйлсээсээ нэг мөсөн ангижирч, гэр орноо төдийгүй оюун бодлоо цэгцлэн, харах төдийд л нандигнан хайрламаар тийм л мэдрэмжийг төрүүлдэг зүйлсээр өөрийгөө хүрээлүүлж эхлэх их үйлсэд чинь амжилт хүсье.
Эх сурвалж: Goolingoo.mn