Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөснөөс хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн. Цагдаа, тагнуулын байгууллага уг аллагыг 18 жил мөрдсөний эцэст гүйцэтгэгч нарыг илрүүлж, шүүх гэм буруутай болохыг тогтоосноос хойш жил илүү хугацаа өнгөрсөн. Харин энэ хэргийг захиалсан этгээдийг одоо болтол олоогүй л байгаа. Захиалагчийг нь олох гэж байгуулагдсан ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Байгуулагдахтай зэрэгцэн уг ажлын хэсгийг хална солино гэх яриа гарч байсан бөгөөд саяхан биеллээ олжээ.
Тодруулбал, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсгийг тараасан байна. Улмаар уг ажлын хэсэгт багтан ажиллаж байсан 13 ажилтанг шалтгаангүйгээр ажлаас халжээ. Халагдсан ажилчдын дийдэнх нь тагнуулын байгууллагын ажилчид гэнэ.
Хамтарсан ажлын хэсэг тарснаар хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Гол нь хэргийг шилжүүлэхдээ ямар ч акт үйлдээгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Хэрвээ энэ яриа үнэн бол хавтаст хэргээс баримтууд алга болж, хэрэг илэрэхгүй байх нөхцөл боломж бүрдэж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь тодорсон энэ хэргийн захиалагчийг олохын тулд дахин 20 орчим жил болох магадлалтай юм.
Одоогоос жилийн гаруй хугацааны өмнө ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Ц.Нямдорж Хууль зүйн сайд болох бүртээ С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг бужигнуулдаг. Тэрбээр дөрвөн удаа ажлын хэсгийг тарааж, 32 албан хаагчийн чиг үүргийг өөрчилсөн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажилд Ц.Нямдорж улс төрийн болон бусад зорилгоор нөлөөлж байна” хэмээн мэдэгдэж байсан. Харин энэ яриа үнэний ортой болж таарч байх шиг. Нөгөө талаас Ц.Нямдорж нөлөөнд орсон байж болзошгүй ажлын хэсгийн нэр бүхий хүнийг чөлөөлсөн байх магадлалтай.
Ямартай ч хэн ямар бодол агуулж ажлын хэсгийг тараасан нь, ажлын хэсэгт багтсан 13 хүнийг халсан нь нууц хэвээр байна.
С.Зоригийг хөнөөх захиалга өгсөн хүнийг илрүүлэхийг хүлээхээс өөр сонголтгүй боллоо.