ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 14 дэх өдрөө үргэлжлэн явагдана. 32 баг найман хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрийн сүүлийн гуравдахь тоглолт болж байна.
Одоогоор ‘А’ хэсгээс Уругвай, ОХУ, ‘В’ хэсгээс Испани, Португал, ‘С’ хэсгээс Франц, Дани, ‘D’ хэсгээс Хорват, Аргентины шигшээ багууд шалгараад байна.
Өнөө шөнө ‘E’, ‘F’ хэсгийн дөрвөн тоглолт болно.
E хэсэгт Бразил, Швейцарь 4 оноотой байгаа бол Серб 3 оноотой. Энэ хэсгээс Коста-Рика хоёр хожигдолтой болсноор хасагдах хэсгээсээ шалгарах боломжгүй болсон. Өнөө шөнө болох Серб-Бразил, Швейцарь-Коста-Рикагийн тоглолтын дараа цааш өрсөлдөх хоёр багийн нэрс тодорно.
Дэлхийн аваргад таван удаа түрүүлсэн цорын ганц баг бол Бразил улс. Гэхдээ энэ удаа хэсгээсээ гарах эсэх нь сүүлийн тоглолтоос шалтгаална. Хэрвээ Бразил Сербид хожигдвол, Швейцарь Коста-Рикагаас тэнцээний нэг оноог салгаж чадвал бразилчууд цааш тоглох боломжгүй болох юм. Тиймээс өнөө шөнийн тоглолт сонирхол татаж байна.
E хэсэг:
- Бразил – 4 оноо
- Швейцарь – 4 оноо
- Серб – 3 оноо
- Коста-Рика – 0 оноо
F хэсгийн Мексик 6 оноогоор тэргүүлж байгаа бол Герман, Швед гурван оноотой удаалж байгаа. Мексик Шведийг хожвол хэсгээ хожигдолгүйгээр тэргүүлнэ. Мөн БНСУ хожил авч чадаагүй ч өнөөдөр Германыг олон онооны зөрүүгээр хожиж чадвал шөвгийн 16-д өрсөлдөх нөхцөл байдал ч гарч мэднэ. Энэ мэтчилэн ‘F’ хэсгийн тоглолтууд сонирхолтой өрнөхөөр байна.
F хэсэг:
- Мексик – 6 оноо
- Герман – 3 оноо
- Швед – 3 оноо
- БНСУ – 0 оноо
ӨНӨӨДӨР
МАРГААШ