Монголын Морин спорт, уяачдын холбооны Удирдах ажилтны улсын V зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд ММСУХ-ны Тэргүүн, Тэргүүлэгчид болон 21 аймгийн салбар холбоодын удирдлагууд оролцож байна.
Удирдах ажилтны улсын зөвлөгөөн өглөө 09:00 цагт оролцогчид нь Төрийн ордонд есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр эхлэсэн бол одоо Корпорет конвешн центрийн Улаанбаатар танхимд хуралдаанаар үргэлжилж байна. Өнөөдрийн зөвлөгөөнөөр ММСУХ-ны VII-р Их хурлаар байгуулагдсан холбооны шинэхэн хамт олны бодлого шийдвэр, үйл ажиллагаа, санал санаачлагын талаар танилцуулагдахын зэрэгцээ холбооны шинэчлэсэн дүрэм, хурдан морины уралдааны дүрэм, салбар холбоодын дүрэм, бодлого чиглэл, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийгдэнэ. Түүнчлэн ММСУХ-ны Эрдэмтдийн зөвлөлөөс “Адууны хөгжлийн зөвлөл”, “Хүний хөгжлийн зөвлөл”, “Соёлын өвийн зөвлөл”-өөс мэдээлэл хийхийн зэрэгцээ Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан, “Монгол туургатны морьтны өв соёл” наадмын талаар танилцуулагдах аж.
Зөвлөгөөний төгсгөлд ММСУХ-ноос хамтран ажиллагч байгууллагуудтайгаа санамж бичиг зурахын зэрэгцээ салбар холбоодтойгоо гэрээ байгуулж, үнэмлэх, батламжийг гардуулан өгөх ёслолын ажиллагаа болно.