Улсын начин Б.Адъяахүүг бөхийн хорхойтнууд андахгүй. Уран хурц барилдаанаараа нэгэн үе үзэгч олноо баясгаж явсан тэрбээр эдүгээ үндэсний бөхийнхөө залгамж хойчийг бэлтгэж, олон сайхан шавь төрүүлээд буй. Өнөө жилийн Улсын наадамд гэхэд л түүний гарын шавь нар болоод бэлтгэл хийлгэсэн бөхчүүдээс аварга, арслан, заан тус бүр нэг, харцага хоёр, начин дөрөв төрөөд байгаа юм. Б.Адъяахүү начинтай ярилцахаар наадмын дараахан “Аварга” дээд сургуульд очиход тэрбээр Өмнөговь аймгийн харьяат бөх Д.Алтансүх хэмээх шавьтайгаа бэлтгэж хийж байлаа.
-Та сайхан наадав уу. Энэ жил Улсын наадамд таны хэдэн шавь зодоглов?
-Сайхан наадлаа. Энэ жилийн Улсын баяр наадамд миний яг хэдэн шавь зодоглосныг тоолж үзсэнгүй. Ямар ч байсан есөн шавь маань цолоо ахиуллаа.
-“Энэ маань нэлээд дээгүүр барилдчих болов уу” хэмээн итгэж найдаж байсан шавь нар тань бүгд амжилт гаргаж чадав уу. Ер нь таны таамгаас тийм ч хол зөрөөгүй болов уу?
-Миний хувьд энэ жил тавын давааны барилдаанд л сэтгэл жаахан дундуур үлдлээ. Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарыгаа улсын цолонд хүрчих болов уу гэж бодож байсан юм. Учир нь бид их хичээсэн, зүтгэсэн. Хүн өөрөө хөдөлмөрлөөгүй байж хий хоосон горьдоод, найдаад сууж болохгүй л дээ. Ш.Мөнгөнбаатар маань уйгагүй бэлтгэл хийж, ямар их хөдөлмөрлөснийг нь мэдэх учраас шавийгаа цол авч чадаагүйд сэтгэл тиймхэн байгаа. Түүнээс бол Б.Пүрэвсайханыгаа улсын заан болно гэдгийг нь би мэдэж байсан. Бид долоо давах хэмжээний бэлтгэл хийсэн учраас тэр. Мөн Э.Оюунболдыгоо энэ жилийн наадамд түрүүлж чадахгүй гэдгийг ч гадарлаж байсан.
-Яагаад тэр вэ. Хүмүүс арсланг энэ жил дахиад түрүүлэх магадлал ихтэй гээд байсан шүү дээ?
-Манай хүн энэ жил Улсын наадамд түрүүлэх хэмжээний бэлтгэл хийж чадаагүй юм аа. Нэг жилийн хугацаанд 1000-аад цагийн ачаалал авах ёстой гэсэн ерөнхий онол байдаг. Түүндээ хүртэл бэлтгэл сургуулилалт хийгээгүй гэсэн үг.
-Наадмын өмнө бөхийн хүрээнийхэнтэй уулзахад цөөнгүй хүн Ш.Мөнгөнбаатарыг улсын цолонд хүрчихээсэй гэж байсан. Түүний өмнөөс олон хүн харамсаж байгаа нь тавын давааны дараагаар анзаарагдсан л даа.
-Багш, шавь хоёр өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хангалттай хэмжээнд хийсэн л гэж хэлэх байна даа. Цол авах хэмжээний бэлтгэл хийсэн учраас итгэж байсан. Түүнээс биш “Хугацаа нь болчихсон юм даа”, “Зааланд сайн барилддаг юм чинь болчих байлгүй” гэсэн үүднээс би хүлээгээгүй юм.
-Яалт ч үгүй тухайн өдрийн аз, од гэж байдаг тухай бөхчүүд ярьдаг. Тавын давааны барилдааны дараа та хоёрын дунд ямар яриа өрнөсөн бол?
-Хажуугаас нь барилдаан үзэж суугаа үзэгч олон, аав, ээж, гэр бүлийнхэн болон бэлтгэсэн багшаас илүүтэй тэр хүнд хамгийн хэцүү байх нь ойлгомжтой. Гэхдээ л гутарч гуниад, доошоо хараад суучихаагүй. Тавын давааны дараа Ш.Мөнгөнбаатар надад их сүрхий үг хэлсэн. “Багш аа, зүгээр ээ. Дахиад наадам байгаа шүү дээ” гэхэд нь их баярласан. Өөрт нь хэчнээн хүнд байлаа ч итгэл хүлээлгэсэн олон түмний сэтгэлийг чилээхгүй юм сан гэсэндээ л тэгж байгаа хэрэг. Энэ бол бөх хүнд байх л ёстой ухаан, хүмүүжил юм.
-Энэ жилийн наадмаар түрүүлж, үзүүрлэсэн Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва нарын бөхчүүд өнгөрсөн өвөл таны удирдлагад бэлтгэл сургуулилалт хийсэн гэж сонслоо. Энэ талаар тодруулахгүй юү?
-Тийм ээ. “Дэлхийн монголчуудын глобаль сан” нийгэмлэгээс монгол туургатнуудын дунд томоохон төсөл хэрэгжүүлээд, үндэсний бөхийн багш дасгалжуулагчаар нь би ажилласан юм. Боксын тамирчдыг гэхэд олимпын аварга Э.Бадар-Ууган хариуцаад явж байгаа. Уг төслийн хүрээнд өнгөрсөн намраас энэ хавар хүртэл Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Хэнтий, Ховд аймгийн зарим бөхийг бэлтгэл хийлгэсэн. Тухайлбал, Архангайгаас Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва, Говь-Алтайгаас Н.Ганбаатар, Хэнтийгээс Э.Оюунболд, Ховдоос Б.Пүрэвсайхан, Өвөрхангайгаас Х.Гантулга, Завханаас Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй залуучууд энэ төсөлд хамрагдаж, бэлтгэл сургуулилалтаа үр дүнтэй хийсэн нь сая наадмаар батлагдлаа.
-Олон хүний түрүүлчихээсэй гэж хүсэн хүлээдэг байсан Ч.Санжаадамба заан энэ жил улсын наадамдаа түрүүлж, аварга боллоо. “Санжаа энэ жил ямар ч хийгүй болчихож” хэмээн наадамчид ярьж байсан. Таны хувьд түүнийг түрүүлнэ гэдэгт хэр итгэлтэй байв?
-Миний бодлоор Ч.Санжаадамбад ганц хоёр зүйл л дутуу санагдаад байдаг байсан юм. Нэгдүгээрт, сэтгэлзүйн бэлтгэл. Хоёрдугаарт, золгооны барилдаан хийхдээ жаахан дутагдалтай тал ажиглагддаг байсан. Энэ хоёр дээр л голлон ажилласан даа. Үр дүнгээ ч өгсөн гэж бодож байгаа.
-Ч.Санжаадамбын сэтгэл зүйн бэлтгэлийг хэрхэн хийлгэснийг тань сонирхож болох уу?
-Бэлтгэлийг сэтгэл зүйн, техникийн, биеийн ерөнхий хөгжлийн, тактикийн гэж дөрөв ангилдаг. Ч.Санжаадамбын хувьд сэтгэл зүйн болон техникийн бэлтгэл дээр нь илүү анхаарах шаардлагатай байсан. “Золгооны барилдаанаа сайн хийгээд сурчихвал чиний сэтгэл зүйн бэлтгэл аяндаа болно” гэж түүнд зөвлөж, бэлтгэл хийлгэсэн. Учир нь наймын даваа бол гар, хөлийн үзүүрээр уначих бөхчүүд шалгарч үлдэггүй, ихэвчлэн золгооны барилдаанаар хэн давах нь шийдэгддэг.
-Шөвгийн наймд Ч.Санжаадамба, Э.Оюунболд хоёрыг тунахад танд ямар байсан бол?
-Хэн илүү бэлтгэлтэй байгаа нь давна даа л гэж бодож байсан.
-Уучлаарай, Э.Оюунболд арсланг барилдахаар гарахад та түүнд аминчилж ямар нэг зүйл захисан уу?
-Юу хэлэх вэ дээ. Хоёр хүнийг адилхан бэлтгэчихээд нэгэнд нь очиж тэгээрэй, ингээрэй гэх онцгүй. Ч.Санжаадамба, Э.Оюунболд хоёрыг барилдахад би “Өөрсдийнх нь бэлтгэл, ухаан мэдэг” гээд дэвжээний баруун талд очоод суучихсан. Тэнд Н.Батсуурь арслан, Б.Пүрэвсайхан хоёр барилдаж байсан юм. Унаган шавь минь юм болохоор Б.Пүрэвсайханыгаа давах болов уу гээд горьдоод сууж байлаа.
-Наймын даваанд С.Мөнхбат аварга Г.Эрхэмбаяр аваргыг амласныг та юу гэж бодож байгаа вэ?
-Хоёр талтай л даа. Аварга хүн эрэмбээрээ хэнийг ч амлаж авах эрхтэй боловч нөгөө талаас наадмын ерөнхий уур амьсгалыг бодолцож байж ам авах нь зүйтэй. Наадамчин олноо хүндэтгэх үүднээс тэр юм.
-Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва начин хоёрын барилдааны талаар танаас асуухгүй өнгөрч боломгүй нь. Таныхаар тэднийг дахин барилдуулах шаардлага байсан уу?
-Дүрс бичлэгээс харахад Р.Пүрэвдагвын тохой үл ялиг түрүүлж хүрсэн байсан. Гэхдээ олонхоороо шийдсэн цэцийн шийдвэр байхад би янз бүрийн юм яримааргүй байна. Нэгэнт бөхийн дүрэмдээ “Цэцийн шийдвэрийг дагана” гээд заачихсан байгаа. Тиймээс бид тэр шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй. П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёрыг унах мөчид цаана нь Б.Одхүү начин хайнцлаа гээд хоёр эрхийгээ гозойлгож байгаа дүрс бичлэг байна лээ. Тэгэхээр цэцүүдийн нүдэнд яалт ч үгүй зэрэг унасан байх нь. Б.Одхүү бол цэцүүдийнхээ хамгийн залуу нь учраас хараа сайн байгаа. Магадгүй хоёр бөхийн толгойн талаас нь дүрс бичлэг хийсэн бол цэцийн шийдвэртэй адил дүр зураг харагдах байсан болов уу гэж бодсон.
-Дахиж барилдсан хоёр бөхийн нэг нь бөөн баяр болоод туг тойрч байхад нөгөө нь нулимстай хэвтэж байсан. Тэр дүр зургийг харахад танд ямар байсан бэ. Р.Пүрэвдагва бол танай сургуулийг төгссөн, таны шавь шүү дээ?
-Р.Пүрэвдагва хэдийгээр барьцаа алдсан ч барилдааны төгсгөлийг сайн хийсэн. Шодож, өөрийнхөө талд барьц сонгочихоод унавал хайран л даа. П.Бүрэнтөгс арслангийн тухайд гэвэл түүнийг залуу бөхчүүдэд үлгэр болохуйц жудагтай, сайн бөх гэж боддог. Унасан байтугай, давсан хүн сэтгэл хөдлөлөө буруугаар илэрхийлэх тохиолдол байдаг. Тиймээс наадамд түрүүлнэ гэж яригдаж байсан бөх наймын даваанд маргаантай унахад өөрийн эрхгүй бухимдсан байх.
-Р.Пүрэвдагвыг одоо хүртэл “шороотой бөх” гэх мэтээр ярьсаар байна. Түүнд мэдээж амаргүй л байгаа байх. Та Р.Пүрэвдагватай холбоо барьсан уу?
-13-нд бид утсаар ярьсан л даа. Одоо нэгэнт бүх зүйл болоод өнгөрсөн учраас би элдэв юм яримааргүй байна. Маргаантай барилдааны талаар олон дахин ярих тусам байдал хурцдаж мэднэ. Тиймээс би өнөөг хүртэл энэ талаар байр сууриа илэрхийлээгүй. Наадмын дараа цөөнгүй хүн миний амыг харж байх шиг байсан. Гэхдээ би цахим хуудаст нэг ч сэтгэгдэл бичээгүй.
-Ингэхэд та өөрөө наадамд дахиад зодоглохгүй юм уу?
-Хэлж мэдэхгүй байна. Одоо Завхан аймгаасаа хэдэн сайн бөх төрүүлчих юм сан гээд ажиллаж байна. Сая наадмаар миний гарын шавь Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ улсын харцага болсонд баяртай байгаа. Ард нь дахиад хэд хэдэн залуу бий.
-Улсын харцага цолонд хүрчих юм сан гэх бодол танд төрж байгаагүй хэрэг үү?
-Би чинь одоо 46 настай хүн. 30 хүрээгүй байхдаа багш дасгалжуулагч болсон. Залуудаа начин цолоо баталчих юм сан гэж боддог байлаа. Гэхдээ үнэнийг хэлэхэд олон шавьтай учраас жилийн жилд хэн нэгнийг нь дэмжих зорилготой ээлжилж тахимаа өгсөөр таарчихлаа.
-Та шавь нартайгаа өөрөө ноцолдоод, бэлтгэлийг нь хийлгэдэг юм уу?
-Том цолтой бөхчүүдтэй би одоо барилдаж, ноцолдох боломж бага. Харин оюутан залуучуудтай барилдааны бэлтгэл хийдэг. Тэгж байж тухайн суралцагчийн бие бялдрын таван чанар, авьяас билгийг нь таньж мэдэх, түүнд нь тохирсон сургалтын арга зүй боловсруулах боломжтой.
-Анхнаас нь тухайн бөхийн онцлогийг мэдчихвэл түүнд нь тохирсон бэлтгэл хийлгээд суурь нь сайн тавигдана гэсэн үг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Тэр хүүхдийн онцлогийг мэдчихээд, өөрт нь тохирох сургалтын арга техник боловсруулснаар бага зардлаар, богино хугацаанд амжилт гаргах боломжтой. Амжилт гаргах боломж багатай залуусын тухайд гэвэл амьдралыг нь бодоод багш хүн шударгаар эртхэн үнэнийг нь хэлэх хэрэгтэй гэж би боддог. Хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үр дүнгүй зүйлд гарздахын оронд хэрэгтэй газраа чадах ажлаа хийгээд явбал өөрт нь тустай. Тиймээс “Би бөх болмоор байна” гээд ирсэн цөөнгүй залууг “Уучлаарай, миний хүү өөр замаар явсан нь дээр” гээд буцааж, төрийн албан хаагч, хүчний байгууллагын ажилтан болгохоос эхлээд, МСҮТ-үүдэд оруулах зэргээр өөрсдөд нь тохирох замыг сонгож өгсөн.
-Та Монгол үндэсний бөхийн сургалт дасгалжуулалтын арга зүйг судалдаг хүн. Судалгааны ажлаа үргэлжлүүлээд л байна уу?
-Тийм ээ. Өнгөрсөн өвөл “Монгол үндэсний бөхийн барилдааны сургалт, дасгалжуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан. Үндэсний бөхөөр хичээллэж буй залуучууд ид барилдаж байхдаа богино хугацаанд, бага зардлаар хэрхэн амжилт гаргаж болохыг судалсан сургалт, дасгалжуулалтын арга барил гэсэн үг юм. Үүний тулд хүмүүжил, сахилга бат, зохион байгуулалт, судалгаанд суурилсан сургалтын бодлого маш чухал. Энд нэг зүйлийг онцолмоор байна. Манай сургуулийн эрхэм зорилго бол юуны түрүүнд нийгэмдээ зөв бие хүнийг төлөвшүүлж, бэлтгэн гаргахад чиглэдэг. Аварга, арслан төрүүлэх бол дараагийн асуудал. Бид хувь хүний хүмүүжил төлөвшлийг сургалтаас нэгдүгээрт тавьдаг учраас өдгөө суралцагч, төгсөгчдөөс маань олимп, дэлхийн аварга, улсын цолтой 30 шахуу бөх төрөөд байна. Өөрөөр хэлбэл, хаана сахилга бат байна, тэнд амжилт байна гэсэн үг.
-Өөрөө амжилт гаргах нэг хэрэг. Харин бэлтгэсэн шавь нар нь амжилт гаргахаар түүнээс илүү баярладаг уу. Та хэзээ хамгийн их баярласан бэ?
-Одоогоор би тэгтлээ их баярлаж чадаагүй л байна. Яагаад гэвэл шавь нарынхаа төлөө гаргасан хөлс, хүч, сэтгэл, зүтгэлийн минь дэргэд тэдний амжилт санасанд арай л хүрээгүй байна. Тиймээс би одоо ч залуучуудаас илүү их амжилт хүсэн хүлээдэг.
-Өнгөрсөн жил Э.Оюунболдыг түрүүлэхэд ч тэгж баярлаагүй гэж үү?
-Түрүүлэх хэмжээний бэлтгэл хийлгэсэн учраас “Овоо доо, миний хүү” гэж л бодсон. Түүнээс биш тэгтлээ хөөрч баярлаагүй. Учир нь Э.Оюунболдоос би илүү их амжилт хүлээдэг. Тэр өөрийн хүч бололцоог бүрэн шавхаж, гаргах ёстой амжилтаа гаргасан тохиолдолд л би баярлана.
2016 он.