Монгол Улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдлээ. Тодруулбал, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Францын хөрөнгө оруулалттай ураны “ Бадрах Энержи ” компанид ажилладаг франц иргэний лабораторийн шинжилгээний хариу эерэг гарчээ.
Уг иргэн 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн. Тус иргэний шинжилгээний хариу гарсны дараагаас Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам шаардлагатай арга хэмжээг авч ажилласаар байна. Өвчтөний нэгдүгээр хавьтлыг тогтоох ажлыг шөнийн 03.00 цагаас эхлүүлж, эхнээсээ хамт байсан хүмүүсийг тусгаарлаж эхэлжээ. Халдвар илэрсэн иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн байранд тусгаарлаад байгаа аж. Өнөөдөр 06.00 цагт Шадар сайдын өрөөнд Онцгой комисс шуурхай хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа.
-Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: Урд шөнө 02.00 цагд гадаадын нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн мэдээлэл ирсэн. Энэ хүнтэй хамт нисч ирсэн, буудалд байсан, хамт хооллосон, ажлын байран дээр хамт байсан хүмүүсийн нэрийг гаргаж, холбогдож, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргалаа. Мөн өнөө өглөө буюу гуравдугаар сарын 10-ны 07.00 цагаас гуравдугаар сарын 17-ны 07.00 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа. Энэ хоорондо бүхий л шаардлагатай бэлтгэл ажлыг хийнэ.
Франц иргэнтэй эхэлж уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 102 хүнээс шинжилгээ авах шийдвэрийг гаргалаа
-Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн. Давтан шинжилгээ хийж баталгаажуулна. Энэ хүн ирээд Дорноговь аймагт ажилласан. Эхний уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 102 хүнийг олж шинжилгээ авах үүргийг Улсын онцгой комиссоос өгч байна. Гамшгийн тухай хуулиар нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж илрүүлэх ажлыг тусгай хүчний байгууллага хийх ёстой. Одоогоор эхний очсон газруудыг тогтоож, ариутгал хийгээд байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг эрт өгч байна. Энэ хүн Дорноговь аймагт тусгаарлагдсан. Сорьц зөөвөрлөгдөн ирж ХӨСҮТ-д оношилгоог хийсэн. Тиймээс шөнийн 04.00 цагаас ХӨСҮТ-ин хоёр баг шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг авч, Дорноговь аймаг руу явсан. Тэнд мөн орон нутгийн эмч нар ажиллаж байна. Халдвар илэрсэн гаднын иргэний биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Халуунтай байгаа ч өөр олон зовуур илрээгүй байна.
-Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан: Улсын онцгой комисс өглөө 06.00 цагт хуралдаж Улаанбаатар хот болон аймаг сумдаас гарах болон хот хоорондын зорчигч тээврийн орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 17-ны 07.00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Манай улсад олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын урсгал, авто замын хойд хилийн урсгал нээлттэй байгаа. Цагаан сар өнгөрсний дараа орон нутгийн зорчигч тээвэр, хуваарьт нислэг, суудлын галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбоотойгоор нэгдүгээр хавьтлын хүмүүс ийм тийшээ тархсан байж магадгүй учраас замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.