Энэ бол ихэд оносон зүйрлэл. Тэр дундаа енөөгийн зарим залууст бур ч их хамаарна. Саяхан хөдөөнөөс нэг танил маань ярилаа. Зарим малчин оюутан хүүхдээ их, дээд сургуульд сургах гэж байдаг мал, хөрөнгөө цөлмөж дуусч байна гэнэ. Оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөр, хоол унд, орон байрны зардлыг арайхийн төлдөг байсан тэдэнд бас нэгэн дарамт нэмэгджээ. Зарим оюутан хичээл, сургуульдаа явахад унаа машингүй бол сурах аргагүй болж байгаагаа гэр бүлийнхэндээ хэлэхэд малчид хотон дахь хэдэн мал уруугаа орсоор байгаад модоо барихад хүрээд байгаа гэнэ. Байсан хэдэн малаа оюутны төлбөр, унаа машинд өгсөөр ягтаа тулж буй ийм зовлон нэг биш малчин өрхөд тохиолдох болжээ. Эцэг, эх нь үр хүүхдээ гэж байдгаа барж байхад оюутан нэрээр хотод суурших болсон зарим нь машин унан гангарч, баар цэнгээний газарт мансууран суух нь ч бий. “Үрийн санаа ууланд” гэдэг л энэ байх. Өмнөх үеийн оюутнууд эцэг, эхийн гар харахгүйгээр хувцас хунар, хоол унд, орон байраа өөрөө зохицуулж явсаар сургуулиа дүүргэдэг байсан сан. Тэд арай л өөр амьдрах арга ухаантай мэт. Ар гэрийнхнээ мөнгө төгрөг, эд малын дарамтад унаган олигтой сурсан ч юмгүй дипломтой ажилгүйчүүд болж буй нь энэ нийгмийн эмгэнэл юм. Хүн “Элсхийсэн хувцастай, өлсхийсөн ходоодтой явбал ажлаа ч сайн хийнэ, эрүүл мэнд явна” хэмээн ахмад үе маань хэлж сургасан нь бий. Гэтэл хэт тансаг амьдрал, их мөнгө, эд баялаг хүнийг /залуус/ бэлэнчилдэг, биеэ оторлодог, аливаад үрэлгэн ханддаг, эцсийн бүлэгт аав, ээжээ ч хайрлахгүй хүн болдог. Дэлхийн баячууд хүртэл үр хүүхдээ өөрсдийнхөөрөө амьдарч сураг гээд хөрөнгөнөөсөө хувь хүртээхгүй байхад Монголчууд үр хүүхэд минь гэсээр модоо барьж байна. Зөв амьдрах, сурч боловсрох зүг чигийг зөв хүн л өөрөө олно.
Н.Бөхдамбий
Эх сурвалж: “Монголын үнэн“ сонин