Японы сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн буюу цэцэрлэгийн багш, “Сүжеташанд” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Кимико Такахашитай ярилцлаа. Тэрбээр “Монсудар” хэвлэлийн газраас жил бур уламжлал болгон зохион байгуулдаг “Соён гэгээрлийн өдрууд” арга хэмжээний үеэр “Насанд хүрэх нь” сэдвээр 10 цуврал лекцийг монгол эцэг, эхчүудэд тавих юм. Түүний эхний лекцийн сэдэв “Эрүүл бие ба сэтгэл”-ийн тухай байсан юм.
-Өөрийгөө танилцуулна уу. Монголд ирээд хэр удаж байна вэ?
-1998 онд Монголд анх удаа ирээд Дарханд хоёр жил амьдарч байлаа. Ингээд 2004 оноос хойш Улаанбаатарт амьдарч байна. Манай “Сүжеташанд” төрийн бус байгууллага сургууль цэцэрлэгт явж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог.
-Японд мэргэжлээрээ хэр удаан ажилласан бэ?
-Цэцэрлэгийн багшаар найман жил ажилласан. Монголд үүнээс илүү хугацаатай ажилласнаар илүү их туршлага хуримтлуулж байна.
-Монгол болон япон хүүхдийн ялгаа хэр их байна вэ?
-Анх удаа Дарханд ажиллахаар очоод хүүхдүүдийг яагаад японоор ярихгүй байна вэ гэж гайхаж байлаа. Тавхан жилийн амьдралын туршлагатай хүүхдүүдийн хувьд өөр хоорондоо тийм ч их ялгаа байхгүй. Амьдарч буй орчин, хэл ярианы хувьд өөр шүү дээ. Энэ нь цаг агаартай холбоотой байж магадгүй. Монголд зуны дэлгэр цагт цэцэрлэгүүд хаачихдаг. Энэ үед хүүхдүүд гэртээ тоглоод л байж байдаг. Японд бол цэцэрлэг нь зун илүү олон цагаар ажилладаг.
…Чөлөөгүй өссөн хүүхэд насанд хүрсэн хойноо аливаа зүйлийг хүнд тохируулж, хүнээс хамаарч хийдэг, сэтгэдэг болчихдог. Бүтээлч чадвар дутагддаг. Хүүхдээ ямар ч хамаагүй үнээр үгэндээ оруулж, эрхшээлдээ байлгаснаар хожим засах боломжгүй том алдаа, харуусал дагуулж болохыг эцэг эхчүүд анхаарах нь зүйтэй. Үүнийг хийчихвэл гоё амттай чихэр өгнө гэж хүүхдээ хуурах нъ хамгийн буруу арга. Үүнээс илүүтэйгээр хүүхдэдээ ямар нэг зүйлийг өөрийнхөө төлөө хийх нь зөв зүйтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй…
-Монгол хүүхдүүдтэй ажиллаад удаж байгаа юм байна. Хүүхдүүдэд ямар чадвар сургахыг зорьдог вэ?
-Одоо арай өөр болж байна. Хэдэн жилийн өмнө Монголд боловсрол, боловсрол, боловсрол гэдэг байсан. Ингээд маш их дуу, шүлэг цээжлүүлдэг. Энэ нь буруу биш ч хүүхдийнхээ насанд тохирсон амьдралын дадал туршлагын талаар бага орж байсан. Одоо арай өөр болж байгаа. Хүүхэд чөлөөт цагаас их зүйл сурч, хөгжиж байдгийг багш нар мэддэг болсон. Гэхдээ хангалттай хэмжээнд хүрээгүй л байна. Япон хүүхдүүдэд дуу, шүлэг заадаг ч хүний амьдралын анхан шатны чадавхуудад анхаардаг. Жишээ нь, таван настай хүүхдийг балаа зөв зүйтэй барих, зурах зэрэг чадварт сургаж байна.
-Та “Эрүүл бие ба сэтгэл” лекцийг эцэг, эхчүүдэд хүргэлээ. Гол агуулга нь юунд чиглэж байна вэ?
-Хүний бүхий л чадвар, үйлдэл, харилцаа эрүүл бие ба сэтгэл дээр суурилан төлөвшдөг учир “Насанд хүрэх шат” арга хэмжээгээ энэ сэдвээр эхлүүлж байна. Жишээ нь, гадаа хүйтэн учраас малгай, бээлийгээ өмсье, машин бариад явж байхад хаалга онгойлгож болохгүй гэдгийг ойлгох нь хувь хүний амьдралын чадвар. Миний урд явж байгаа залуус шүлсээ хаях нь надад маш эвгүй санагддаг. Хэрэв тэр залууд бага насанд нь “Миний ард хүн явж байгаа учраас шүлсээ хаяж болохгүй” гэж зааж сургасан бол тэгэхгүй байх байсан. Цэцэрлэгийн хүүхэд энэ бүхнийг ойлгох чадварт бага багаар суралцах ёстой. Тэгснээр амьдралдаа хэрэгжүүлнэ. Халуун цай ууя гэхэд ээж нь үлээж өгөөд сургачихвал тэр хүүхэд цаашид ч хэн нэгэн үлээгээд өгнө гэж бодно шүү дээ. Эсрэгээрээ “Халуун цай шүү, үлээгээд уугаарай” гэж хүүхдэдээ зааж ойлгуулах хэрэгтэй.
-Япон, монгол ээжүүдийн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх арга барил хэр өөр байдаг вэ?
-Би жилдээ нэг юм уу, хоёр удаа Япон руу явдаг. Японд очоод жаахан хүүхдийн ээжийг харахаар монгол ээжүүдээс илүү их стресстэй байгаа мэт санагддаг. Чи ганцаараа амьдарч байгаа биш олон хүнтэй нэгэн зэрэг хамт амьдрах хэрэгтэйд илүү анхаардаг. Олон хүн дундах би-гийн тухай япон ээжүүд их анхаардаг. Монгол эцэг, эхчүүд хүүхдэдээ “хайртай” гэж маш тодорхой хэлж чаддаг.
-Монгол ээжүүд хүүхэдтэйгээ харьцахдаа юуг анхаарах хэрэгтэй бол?
-Хүүхдээ чөлөөтэй байлгах гэдэг нь замбараатай, хариуцлагатай байхыг хэлнэ. Хүүхэд угаасаа дүрэм журамгүй өөрийн дураар байх дуртай тул чөлөөтэй гэдэг нь юу гэсэн үг болохыг эцэг, эхчүүд багш нар ойлгуулах нь чухал. Юм бүхнийг эсэргүүцэж, өөрийнхөөрөө зүтгэхийг эрх чөлөө гэж туйлшрах нь өрөөсгөл ойлголт юм. Эрх чөлөөгүй өссөн хүүхэд насанд хүрсэн хойноо аливаа зүйлийг хүнд тохируулж, хүнээс хамаарч хийдэг, сэтгэдэг болчихдог. Бүтээлч чадвар дутагддаг. Хүүхдээ ямар ч хамаагүй үнээр үгэндээ оруулж, эрхшээлдээ байлгаснаар хожим засах боломжгүй том алдаа, харуусал дагуулж болохыг эцэг эхчүүд анхаарах нь зүйтэй. Үүнийг хийчихвэл гоё амттай чихэр өгнө гэж хүүхдээ хуурах нь хамгийн буруу арга. Үүнээс илүүтэйгээр хүүхдэдээ ямар нэг зүйлийг өөрийнхөө төлөө хийх нь зөв зүйтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
-Сүүлийн үед гар утсыг хүн бүр л ашиглаж байна. Бага насны хүүхдээ гар утсаар тоглуулах нь хэвийн үзэгдэл болсон шүү дээ.
-Намайг анх Монголд ирэхэд айл бүрт гар утас байгаагүй. Цаг үе өөр байсан. Хүүхдийн утас гэж Японд байдаг. Танихгүй хүнээс ирсэн утсыг авах боломжгүй. Мөн байршил тогтоогчтой утас байдаг юм билээ. Хүүхэд бол эцэг эхийн толь. Гэр бүлийн уур амьсгал, эхнэр нөхрийн харилцаа гээд бүхий л зүйл тэдний хүмүүжилд нөлөөлдөг. Хүүхдийнхээ хажууд бусадтай харилцахдаа үг бүрээ цэгнэх хэрэгтэй. Хэн нэгэнд худал шалтаг тоочих нь хүртэд хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байдаг. Тиймээс гар утас хэрэглэх нь муу гэдгийг өөрсдөө ойлгож, зарцуулах хугацаагаа ч багасгах хэрэгтэй.
-Монголд амьдрахад хэр байдаг вэ. Та монголоор их сайн ярих юм?
-Хүнд асуудал байхгүй дээ. Японд байхдаа гурван сарын хугацаанд монгол хэл сурах гэж уйлах үе ч байсан. Гэхдээ би тэр хэцүү бүхнийг даваад гарсандаа баяртай байдаг. Тухайн үед шантарч хойш суусан бол би энд ингээд яриад сууж байхгүй байсан. Сэтгэл хүрэхгүй бол хүн юу ч, хийхгүй. Би Монголд очоод ийм зүйл хиймээр байна гэсэн сэтгэл минь өнөөдрийн намайг бүтээсэн.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин