Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид тойргийнхоо иргэд сонгогчтой уулзалт хийж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин Хан-Уул дүүргийн IV хорооны иргэдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тойрогтоо хийсэн ажлаа тайлагнаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, холбогдох хүмүүсээс хариулт, тайлбар авч мэдээлэл өглөө. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагад гэр хорооллын төвийн бүсийг инженерийн дэд бүтцэд холбогдсон өндөр давхрын орон сууцны хороолол болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Уулзалтаар Яармаг орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй орон сууц хороолол болон цаашид дахин төлөвлөлт хийх ажлын талаар иргэдэд танилцуулж, саналыг нь сонсов. Иргэдийн зүгээс “Нэг хашаанд 2-3 айл, өрх хамт байх тохиолдол бий. Эдгээр айл нь газраа чөлөөлж өгөхөд айл, өрх бүрт орон сууц өгөх үү, газрын үнэлгээг хэрхэн хийх вэ. Төвийн бүсэд байгаа айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбож өгвөл бид өөрсдөө хашаандаа амины орон сууц бариад амьдрах хүсэлтэй байна” гэх мэтчилэн санал хэлж байв.
Харин тус хорооны 34 дүгээр сургуулийн захирал элсэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа, 2020 оноос гурван ээлжээр хичээллэх хандлагатай болж байгааг хэллээ. Иймд сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх шаардлагатай гэдгийг ярьсан. Өргөтгөлийн зураг төслийн зардлыг төсвийн тодотголоор оруулж өгөх хүсэлт тавив. Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ахлан мэргэжилтэн Д.Хан-Уул “Сургууль цэцэрлэгийн стандарт нором гэж байдаг. Хуучны зарим сургууль, цэцэрлэгийг өргөтгөх гэхээр стандартын шаардлага хангахгүй байх тохиолдол гардаг. Тийм тохиолдолд өргөтгөх боломжгүй юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр өргөтгөл хийх болон нураах ажил хийдэг юм. Хөрөнгө мөнгө, төсөв нь шийдэгдсэн тохиолдолд бид шинээр барилга барьж өгч болно” гэв. Мөн түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтөөр нэмж сургууль, цэцэрлэг барих тухай батлагдсан байгаа гэх мэдээллийг өглөө.
Ийнхүү иргэд өөрсдийн тулгамдаж буй асуудлаа хэлж шийдвэрлүүлэхийн зэрэгцээ өөрсдөө нэгдэж хэрэгжүүлэх боломжтой ажлуудад уриалга гаргаж нэгдэхийг хүсэв. Тодруулбал, иргэд өөрсдийн хөрөнгөөр хороондоо зуун мод суулгасан ба өргөжүүлж цэцэрлэгт хүрээлэн болгох хүсэлтэй байгаагаа онцлов. Мөн хорооны өндөр настан гудамж талбай хоорондох шороон замд өөрсдийн бололцоогоор хөрөнгө гаргаж хайрга авч цацаж замаа сайжруулъя хэмээн бусдыгаа идэвхитэй оролцохыг уриалж байв.
Н