Энэ хүүг Брэдли Ловэри гэдэг. Тэр хорвоод ирээд 20 сарын дараа neuroblastoma буюу мэдрэлийн эсийн дутмагшлын (би ингэж орчуулж ойлгов) хавдартай гэсэн хүнд оношийг сонссон юм. Гэсэн ч Брэдли өнөөдрийг хүртэл 4 жил хагасын турш хүнд өвчнийхөө эсрэг тэмцсэн. Тэр байтугай 2 жил химийн эмчилгээ хийлгэсний дараагаар эдгэрч, 18 сарын хугацаанд “эрүүл хүү”-гийн амьдралаар амьдарсан. Гэхдээ л өвчин илүү аюултай байлаа. Брэдли өнөөдөр хорвоог орхисон.
Ердөө 6-хан жил амьдарсан ч гэлээ энэ хугацаанд тэр олон зүйлийг дэлхий дахинд, спорт сонирхогчдод тэр дундаа хөлбөмбөгийн дэмжигчдэд ойлгууллаа.
Английн Сандерланд клубын дэмжигч Брэдли 2016 оны 9-р сард мөрөөдлөө биелүүлж, Английн Премьер лигийн хүрээнд Эвертон клубын эсрэг Сандерландын ахлагч Жермэйн Дефогоор хөтлүүлэн талбайд гарч, цэнгэлдэхэд цугласан дэмжигчид түүнд зориулж 1 минут алга ташсан. Түүнд зориулсан “Цор ганц Брэдли Ловэри” гэсэн дууг Сандерландын дэмжигчид гаргасан билээ.
Хамгийн гол нь түүний хүнд өвчнийхөө эсрэг тэмцэхийн төлөөх “Брэдлигийн тэмцэл” хэмээх хандивын аянд одоогийн байдлаар 1 сая гаруй £ цугларчээ. Одоо ч цугларсаар. Өнөөдөр энэ мөнгөөр түүн шиг өвчнөөр шаналж, зовж буй олон хүүхдүүд эмчиллүүлсээр, аав ээждээ илүү урт хугацаанд ч болов эрхэлж байна.
Тэр Жэрмэйн Дефогоор хөтлүүлэн Английн шигшээ багийн тоглолтонд хүртэл маскотоор оролцсон. Тэр цэнгэлдэхэд цугласан 40,000 хүнээр өөрийнхөө дууг дуулуулсан. Тэр өөрийнхөө насыг уртасгаагүй ч бусдын насыг уртасгасан хандивын аяныг эхлүүлсэн. Түүнд Зул сарын баяраар 250,000 гараар бичсэн захидал ирсэн. Тэр спорт сонирхогчдод эв нэгдлийг илгээсэн. Тэр амьдрах, хайрлах, ухаарах, оршихуйн тухай сануулсан.
60-иад жил амьдраад ч хэнд ч юуг ч ухааруулж чадаагүй хүн байхад 6 жил амьдрахдаа 6 тэрбум хүнд олныг ойлгуулсан хүн ч байх юм.
“Гүн нойрс доо хүү минь, сахиусан тэнгэрүүдтэй хамт хөх тэнгэрт дүүлэн нис”