Кувейт улс гэрийн үйлчлэгч нарыг хамгаалах шинэ хуулийн төслийг боловсруулаад байгаа юм.

Уг заалтын дагуу Кувейт улсад ажиллаж буй гэрийн үйлчлэгч нар 7 хоногийн нэг өдөр амрах эрхтэй болох бөгөөд гадаад пасспортаа гэрийн эзэнд хадгалуулалгүй өөрийн биедээ үлдээх боломжтой болох аж. Харин уг хуулийн төсөл яригдаж эхэлхэд тус улсын цахим ертөнцийн од, make up artist, блоггер бүсгүй Сондос Алкаттан өөрийн үзэл бодлоо инстаграм хуудаснаа хуваалцсан нь хоёр сая дагагчид төдийгүй дэлхий нийтийн дургүйцлийг төрүүлжээ.

Тэрээр: “Тэдэнд паспортыг нь хадгалуулах бол би гэртээ  харгалзагчтай байж болох уу? долоо хоногийн нэг өдрийг үр бүтээлгүй өнгөрөөнө гэдэг илүү муу үр дагавартай хэмээгээд хэрвээ тэд зугтаж, өөрсдийн нутагтаа буцчихвал хэн надад миний мөнгийг буцаан төлөх вэ? Үнэндээ энэ хуультай би санал нийлэхгүй байна… би Филиппиний шивэгчдэд дургүй” гэжээ. Түүний энэ мэдэгдлийн дараа олон мянган хүмүүс үзэл бодол нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүнийг “Гаднах төрх нь үзэсгэлэнтэй ч дотор хүн нь үгүй юм” хэмээн олон хүмүүс шүүмжлэх болсон байна. Сондос Алкаттан энэхүү бичлэгээ өнгөрсөн даваа гарагт инстаграмм хуудаснаа байршуулсан бөгөөд тухайн өдрийн орой гэхэд түүнтэй хамтран ажилладаг хэд хэдэн компаниуд гэрээгээ цуцлахаа мэдэгдэж түүний оролцсон олон тооны сурталчилгааны бичлэгүүдийг онлайн сувгаасаа устгаснаа мэдэгджээ.

Кувейт улсад ажилладаг олон зуун Филиппин гэрийн үйлчлэгчид хүнд нөхцөлд ажилладаг бөгөөд тэдний эрх нилээдгүй зөрчигддөг байна. Өнгөрсөн онд Персийн буланд ажиллахаар ирсэн 29 настай Филиппиний ажилчин Жонна Даниэлийн цогцос гэрийн эзний өрөөнөөс олдсон юм. Түүнийг Ливаны үндэсний Надрей Астам Асаф ажилд авсан бөгөөд хожим нь түүнийг тарчлаан зовоож, амь насыг нь бүрэлгэсний төлөө Кувейт улсын шүүх түүнд цаазаар авах ял оноосон юм.

www.Seen.mn