Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд найрамдах Казахстан улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд Астана хотын захирагч А.Кульгиновтой уулзлаа.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол, Казахстаны ард түмэн түүх, соёл иргэншил, зан заншил зэрэг гүнзгий хэлхээ холбоотой. Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа” хэмээгээд цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, ялангуяа Хөшгийн хөндийд баригдах “Шинэ зуун мод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудалд хамтран ажиллах, хоёр улсын дотоодын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахыг цохон тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ковидын дараах нийгэм, эдийн засаг, худалдааны салбарын тулгамдаад байгаа асуудлуудын талаарх хамтын ажиллагааг улам идэвхижүүлнэ гэдгийг хэллээ.