Байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийд ашиг орлогоороо өнөөг хүртэл тэргүүлсээр ирсэн алдарт “Apple“ компаны үүсгэн байгуулагч Стив Жобс 2011 онд хорт хавдраар өөд болсон билээ.  

Хүн төрөлхтний түүхэнд үнэлж барамгүй өөрчлөлт авчирсан түүнийг хувь хүний хувьд тийм ч сайнгүй эр байсан гэдгийг хамтран ажилагсдын түүх, болон гэр бүлийн амьдрал нь батлан харуулдаг байна. Стив Жобс 1970-аад оны үед Крисан Бреннан гэх бүсгүйтэй гэрлэж 5 жил хамт амьдарсан ч Крисан Бреннаныг бие давхар байх хугацаанд хосууд салцгаасан юм. Крисан Бреннан “Амжилт Стивийг мангас болгосон хэмээн хэлсэн удаатай.

Хосуудын дундаас төрсөн охин Лиза Бреннан Жобс эцэгтэйгээ таагүй харилцаатай байсан гэдэг.  Стив хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй ч ядруухан амьдрах эхнэр охин хоёртоо ямар нэгэн байдлаар тусламж үзүүлдэггүй байжээ. Лиза бага насандаа ээжийнхээ хамтаар байрны түрээс өгөх мөнгөгүй учир 13 удаа хөөгдөж байв. Стив сүүлд шүүхийн шийдвэр гарсны дараа охиныхоо тэтгэмжинд сар бүр 500 доллар өгдөг болсон байна. Тэрээр Крисанаас салсны дараа 1991 онд Лаурэн Поувэлл гэх эмэгтэйтэй гэрлэж гурван хүүхэдтэй болсон билээ.

Лиза хүндээр өвдсөн аавыгаа эмнэлэгт байх хугацаанд нь үргэлж эргэдэг байсан ч Стив түүнийг хатуу ширүүн үгээр гомдоож охиноо хүлээн зөвшөөрхийг хүсдэггүй байжээ. Гэсэн хэдий ч “Apple компани 1983 онд “Lisa Macintosh нэртэй компьютерийг үйлдвэрлэн гаргасан нь олон хүнд охин Лизагийн нэрээр нэрлэсэн хэмээх таамаглалыг төрүүлсэн байна. Стив охиныхоо нэрээр өгөөгүй хэмээн үгүйсгэсэн ч хожим үнэн болох нь батлагдсан юм.  Түүний тухай өгүүлэх “Бүрэн цадиг номонд ч энэ тухай өгүүлдэг билээ.

Өдгөө 40 настай Лиза Бреннан Жобс тэрбумтан эцэгтэйгээ таагүй харилцаатай байсан талаар өгүүлэх “Small Fry“ нэртэй номоо түүнийг нас барсны дараагаас эхлэн бичиж эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 4-нд худалдаанд гаргахаа мэдэгджээ.

Тэрээр уг номоо 2011 оноос хойш 7 жилийн хугацаанд бичиж буй бөгөөд хүн төрөлхтний түүхэнд өөрчлөлт авчирсан эцгийнхээ хар бараан талыг илүүтэй тодотгосон гэдгээ нуугаагүй юм. Ирэх сард нээлтээ хийх уг ном дэлхий нийтэд багагүй хүлээлт үүсгэж буй аж.

www.Seen.mn