Оросын цэрэг техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч дарга Владимир Дрожжов дөнгөж саяхан Монголын Засгийн газрын урилгаар ажлын айлчлал хийжээ. Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга хурандаа Х.Батбилэгтэй Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зуржээ. Монгол улс Оросоос Т-90А танк, БТР-80, БМП-2 хуягтууд, Зенит пуужингийн хосолмол С-300 “Фаворит”, цэргийн нисдэг тэрэг РЛС, Олон зориулалттай дөрөвдүгээр үеийн сөнөөгч онгоц Су-27-ийг 12 ширхгийг тус тус авахаар болж байгаа юм байна. Энэ мэдээг Оросын өөрийнх нь албан мэдэгдлээс олж авлаа.
Зенит пуужингийн “Фаворит” цогзолбор бол 75-200 км-ын хооронд ямар ч өндөрт нисэж буй дайсны байг онилж биш хөөж эгшин зуур устгах чадвартай гэнэ. Дөрөвдүгээр үеийн Су-27 буюу НАТО-ын ангилал нэрлэлээр Flanker-B нь агаарын тулалдаанд дэлхийд ноёлох хэдхэн төрлийн сөнөөгчийн нэг гэнэ. Т-90А танк нь Оросын зэвсэглэлд дөнгөж 2004 оноос орж ирсэн бүрэн автомажсан хамгийн орчин үеийн техник.
Цэргийн сургууль хийгээд үзэхэд Монголын арми хүн хүчний хувьд ч, зэвсэг техникийн хувьд ч, байлдааны сургуулилтын хувьд ч тун гологдож байна гээд Монголын армид дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэж Маршал Д.Устинов үзэн Монголд айлчилж Монголын армийг өөд татах талаар хэлэлцээ хийсэн нь дөчөөд жилийн өмнөх хүйтэн дайны үе билээ. 1979 оны гуравдугаар сарын 6-нд Улаанбаатарт болсон энэ хэлэлцээгээр зөвлөлтүүд Монголын армид тэрбум рублийн зэвсэг техник нийлүүлэхээр болсон байна. Ингээд 1983 оны есдүгээр сарын байдлаар 731 сая рублийн зэвсэг техник нийлүүлжээ. Зөвхөн Т-54 маркийн танк 400 ширхэгийг нийлүүлсний үнэ 237 сая рубль болж байлаа. Үүнээс гадна цэргийн объект байгуулах, сургалт явуулахад нэмээд 343 сая рубль зарцуулсан байна. Энэ бүхэн нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, түүнийг дагасан бүхэл бүтэн хот, дэд бүтцийг нийлүүлсэн нийт хөрөнгө оруулалтаас давж байлаа. Тэр жилүүдэд улсын төвлөрсөн төсвийн бараг гуравны нэг нь цэрэгт зарцуулагдаж байсан нь дэлхийн дайны үеийнхээ хэмжээнд очжээ. Монгол нь дэлхийн хамгийн милитаржсан улсын нэг болов.
Энэ шуугиант үйл явдлын хүрээнд олон хүнийг СССР-т цэргийн мэргэжилтнээр бэлтгэсэн юм. Тэгсэн ч монголчуудад СССР-ээс авсан цэргийн зэвсэг техник нь ихдээд байлаа. Нийт 800 танктай болсон монголчууд түүнд хүрэлцэхүйц офицер, мэргэжлийн хүнгүй байв. 1981 онд Монголд дахин ирсэн Устинов энэ байдлыг хараад “хүн хүрэлцэхгүй бол эмэгтэйчүүдээ цэрэгт татахгүй юу” хэмээн хэлсэн байдаг. Хүйтэн дайн зогсож, Монгол улс төвийг сахих гадаад бодлого баримтлах болсноор энэ олон танкийг консервацид оруулан хадгалсан. Зэвсэглэлд байсан Миг-21 сөнөөгч онгоцуудыг ч энэ жишгээр хадгалсан.
Одоо энхийг сахиулагч Монголын арми энэхүү шинээр ирж буй хамгийн орчин үеийн зэвсгээр яах гэж байгаа юм бол? Өөрснийх нь тайлбарлаж байгаагаар стратегийн ордуудаа хамгаалах зориулалттай гэнэ. Сөнөөгч онгоц, зенит пуужин, танкаар уурхай хамгаалдаг улс гүрэн энэ дэлхийд байдаг эсэхийг мэдэхгүй. Дайны үед тэгдэг байж магадгүй. Хэрэв эдгээр зэвсгээр байлдааны ажиллагаанд орох гэж байгаа бол Орос, Хятад, Казакстан гурваас өөр Монголын цохилтод өртөх газар нутаг огт байхгүйг газрын зурагнаас хараад ойлгочихмоор. Үнэгүй өгч байгаа гэж бүлтэрч магадгүй. Тийм бол яах гэж? Юунд зориулж? Одоо хадгалчихсан 800 танкаа яаж ч чадахгүй байгаа шүү дээ.
Орчин үеийн нэг онгоцыг ашиглахад цаана нь хэдэн зуун хүн үйлчилгээнд татагдаж ажлын байртай болдог гэнэ. Техникийн запаас, ашиглалт, нисэх газруудын хянах төхөөрөмжүүд зэрэг нь онгоцны өөрийн өртгөөс давдаг гэж цэргийн мэргэжилтнүүд хэлж байна. Нэг ширхэг Су-27 онгоцны жолоодлогын багийг сургаж бэлдэхэд Орост өөрт нь 4-7 сая доллар ордог гэж Оросын батлан хамгаалахын сайтад бичсэн байна. Энэхүү хүнд бөмбөгдөгч онгоц 9 тонн шатахуун ачаалдаг, нисгэгчийг формд нь барьж байхын тулд жилд 100-120 удаа нислэг үйлдэж байх ёстой юм байна. Яваандаа энэ зэвсгээр НАТО-ын эсрэг байлдана гэхээр эсгий хийх газар нохой хэрэггүй баймаар? Хамгаалалтын зориулалттай юм гэхэд Орос, Хятад хоёрын хязгааргүй уудам зайг даваад Монголын нутаг руу онгоц нисгэн уурхай дэлбэлж чадах техникийн бололцоо өнөөдөртөө дэлхийн аль ч оронд байхгүй. Нэгнээс нь байлдааны хүчирхэг зэвсэг авахаар нөгөө тал нь хардаад эхэлдэг нь өнөөгийн цэрэг-улс төрийн практикт тогтсон уламжлал. Гэхдээ Михаилд өөрийн бодол байгаа байх л даа.
Өөр нэг сонин жишээ хэлье. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал Монгол улс дангаараа социализм байгуулж барахгүй нь гэж үзээд СССР-ийн холбоонд нэгдэхээр шийджээ. Жамбалдорж гэгчээр бичүүлсэн өргөдлөө маршал Чойбалсанд өгч үүнийг Сталинаас асуугаад зөвшөөрөл аваад ир гэж шахсан байдаг. 1944 онд Туваг СССР-ийн бүрэлдэхүүнд оруулсан гавъяаныхаа төлөө Тувагийн удирдагч Салчиг Тогоо Лениний одонгоор шагнуулж, генерал цол хүртсэн нь энэ санаачлагын цаад шалтгаан ч байж болох. Сталин саналыг үзээд “Монголия не Тыва, это историческая великая страна” гэж хариулсан хэмээн гэрч Ширэндэв гуай өгүүлсэн байдаг.
1950 онд өөрийн найз нараар мөн ийм санал бичүүлээд өргөдлийг Чойбалсанд үзүүлэн шахахад маршал уурлаж “Ингэвэл монгол үндэстэн устаж үгүй болно” гэж загнахад “Юу боллоо гэж устах вэ дээ” гэж Цэдэнбал зөрүүдэлсэн баримт үлджээ. Дараа нь 1953 онд Сталинийг нас барсан явдлыг тохиолдуулан дахин улс орноо харь гүрэнд нийлүүлэх өргөдөл бичүүлээд Улс төрийн товчооны гишүүдээр гарын үсэг зуруулжээ. Энэ үед тусгаар тогтнолоо хамгаалагч Чойбалсан нэгэнт тэнгэрт хальсан учир хэн ч саад хийхгүй гэж бодсон хэрэг. Товчооны гишүүдээс Улсын бага хурлын дарга партизан Бумцэнд гарын үсэг зураагүйгээр барахгүй бусдыгаа загнан ихэд ууралсан аж. Москвад өргөдлөө өөрийн биеэр авч очин өргөн барьтал Гадаад яамны сайд Молотовт зэмлүүлэв. “Та нар хэтэрхий хариуцлагагүй байна, Монгол улс манайтай нэгдэхээр болбол дэлхий даяар Зөвлөлтийн империализм гээд шуугиад эхлэнэ шүү дээ. Өргөдлөө буцааж ав” гэжээ. Үнэн хэрэгтээ дайнд ялагч их гүрнүүд Каир, Тэгэран, Ялт, Подстамын гэрээгээр дэлхийг нарийвчлан хувааж хэнд юу ноогдохыг нь яг таг тогтоочихсон байхад СССР хүсээд ч Монголыг өөртөө нэгтгэх бололцоогүй болчихсон гэдгийн Чингисийн удмынхан ойлгосонгүй.
Хожим Молотов бүх албан тушаалаасаа хусагдаж, намаасаа хөөгдөн Монголд элчингээр ирсэн хойноо Цэдэнбалд аминчилж “Монгол улс СССР-ийн бүрэлдэхүүнд орно гэдэг цагийн хувьд эрт байна. Бид Казакстаныг авчихаад одоо болтол бүрэн эзэмшиж бараагүй байна. Танай тал удаа дараа хүсэлт тавьж буй боловч ингэх цаг нөхцөл үнэхээр болоогүй байна” гэж ятгажээ. Үүнийг хамт байсан Гадаад яамны орлогч сайд Ёндон гэрчилдэг. Харин Молотов элчин байхдаа Монголын хойд хил дагуу асар их нутгийг тулган шаардаж СССР-т нэгтгэхдээ үүнийг тас эсэргүүцсэн Гадаад Яамны сайд С.Аварзэдийг “Та нар улсаа тэр чигээр нь бидэнд өгнө гэж гуйгаад л явж байсан. Үүнтэй харьцуулахад жаал газар бидэнд өгч социалист системийг бэхжүүлэхэд нэмэр болохоос юунд татгалзаад байна!” хэмээн загнажээ.
Монгол улс ШХАБ-д элсэхээр боллоо гэдгийг Хятадын Гадаад явдлын сайд Ван И-гийн амнаас дэлхий анхлан сонслоо. 1990 онд Монгол улс шинэ гадаад бодлогоо тунхагласан нь халуун хүйтэн дайнд туйлдан зөрчилдөж ядарсан энэ дэлхийд монголчууд цаашид альхан талдаа явахаа энэ дэлхийд заралсан хэрэг юм. Алив цэрэг-улс төрийн маргаанд оролцохгүй, дэлхийн бүх улсуудтай найрсаг харилцаж хамтран ажиллана, хоёр хөрштэйгээ эгнэгт сайн харилцаатай байхаас гадна гурав дахь гэж нэрлэж болох хиллэдэггүй бүх оронтой хэзээ ч дайсагналцахгүй гэж тунхаглав. Энэ зарчмыг өдий хүртэл аль ч Засгийн газар зөрчөөгүй, бодлогоо хатуу баримталсаар ирлээ.
Тэгснээ гэнэт шинээр хуваагдахаар зэхэж буй өнөөгийн хямралт дэлхийд геополитикийн ялгарал үүсч эхэлж байхад нэгээхэн том бүлэглэлд элсэхээр огцом гэнэт шийдвэр гаргадагийн цаад шалтгаан юу вэ? Саяхан хуралдсан Эдийн засгийн чуулгад Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монгол улс ШХАБ-тай улам идэвхитэй хамтран ажиллаж одоогийн төвшнөөсөө шат ахиулна гэж хэлсэн. Үүнээс болж Ерөнхийлөгч хувь хүнийхээ хувьд Монгол Улсыг ШХАБ руу түлхэж байна гэсэн ойлголт таржээ. Үнэндээ Ерөнхийлөгч ШХАБ-д элсэнэ гэж хэлээгүй, идэвхитэй харилцаагаа улам шат ахиулан идэвхийлнэ гэсэн санаа байх. Нөгөөтэйгүүр элсүүлэх гэж зүтгээд ч түүнд тийм эрх, хуулийн бололцоо байхгүй. Тэгээд ч чукча не дурак, арай ч тэгтлээ балайрах хүн биш гэдгийг нь мэдэх юм байна.
Гэнэтийн санаачлага Монголын Засгийн газрын тэргүүн Хятадад айлчилсан явдлаас үүдэлтэй. Нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн сураг ийм алхам хийхэд түлхсэн бололтой. Энэ бол Монголын ДНБ-ий 8 орчим хувь юмуу даа. Оюутолгойн Монголд жилд үлдээж байгаа мөнгөн дүнтэй тэнцэж байна. Нэг сарын өмнө “ШХАБ ба Монгол” өгүүлэл бичсэнд энэ байгууллагад элсэхэд ямар бэрхшээл учирч болох тухай тодорхой өгүүлсэн учраас үүнийг давтан улиглаад хэрэггүй байх. Мөн Монголын гадаад бодлогод оройлон ажиллаж энэ талын сайтар ойлголттой болж мэргэшсэн Гадаад харилцааны сайд асан Гомбосүрэн, Чойнхор, Мөнх-Оргил болон бусад олон дипломатууд энэ талаар эсрэг саналтай байгаагаа хэр баргийн хүн ойлгочихуйц тодорхой тайлбарласан.
Гэтэл элсэхгүй бол Монгол улс одоохон сөнөх гээд байна гэсэн “мэргэжилтнүүд” нэг бус бололтой. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Бид ШХАБ-д элссэнээр эдийн засгийн ямар ч ашиг тус гарахгүй нь ойлгомжтой. Гэхдээ ардчиллаас болоод бид хамгийн дотно хамсаатан, их хөрш Оросыгоо олон жил гомдоож итгэлийг нь алдсан. Одоо ШХАБ-д элсэж итгэлийг нь сэргээх хэрэгтэй. Энэ бол манай геополитик” гэж Гадаад яаманд болсон зөвлөлгөөн дээр хэлж байх юм. Гадаад яамнаас энэ талаар “мэргэшсэн” гэх төрийн байгууллагууд болон Их сургууль, Академийн хүрээлэнгүүдээр “судалгаа” хийлгээд үүнээ товхимол болгон тарааж байна. Тэндэхийн мэргэжилтнүүд ШХАБ-д ороод эдийн засгийн ашиг төдийлөн байхгүй болохыг даруухнаар зөвшөөрсөн мөртөө элсэхийн ач холбогдлыг энэ талын судалгаа өргөжих, судлах хүрээлэн сургууль байгуулах, ШХАБ-ын төв байгууллагад төлөөлөгч суулгах зэрэг олон ашиг тусыг ихэд магтаад элсэхийг дэмжижээ. Орон тоо л их гарах бололтой юм, өөрсөдөд нь.
ШХАБ-ын ууган гишүүн Казакстан Каспийн тэнгисийн өөрт хамаарах бүсд АНУ-ын хоёр ч боомтыг цэргийн зориулалтаар нээснээс болж Оростой муудалцаад эхэллээ. Энэ хоёр орон ШХАБ дотор маргалдаад эхлэхэд гишүүн бид аль талд нь орох вэ? Узбекстанд байсан Америкийн цэргийн баазыг тухайн үедээ оросууд шахаж байгаад үгүй болгосон. Гэтэл Узбекийн шинэ Ерөнхийлөгч Вашингтон орж нутагтаа цэргийн баазыг сэргээхээр гэрээ хийчихлээ. Гишүүн бид тэднийг дэмжих үү, “больж үз муу шаар аа” гээд үзэж тарах уу? Энэтхэг, Пакистан хоёр байлдаад унавал (одоо Кашмирт бие рүүгээ буудалцаад л байна) аль талд нь орох вэ? Энхийг сахиулах уу? Иран элсэнэ гээд хөөцөлдөж байна, тэд Израил, Саудын Арабтай байлдахаар нь бид аль тал руу нь хонь үхрийн махаа явуулах вэ?
ШХАБ-ын хүрээн дахь олон улсын гэрээний жагсаалт гээд 51 гэрээ бий. Энэ бол гишүүн орнуудын хүлээх хариуцлага, үүрэг юм. Хэрэв интернэтээс олох гэж байгаа бол “Перечень международных заговоров, подписанных в рамках Шанхайской организации сотрудничество” гээд хайгаарай. Эдгээр гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч буй бол одоо хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулиндаа нэлээд завсар оруулах ёстой болж байгаа харагдаж байна билээ. Хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээ дотоодын хуулиас дээгүүр үйлчлэлтэй байдгийг эрх биш гадарлах болов уу. Юутай ч энэ бол УИХ-ын мэдлийн асуудал. 1958 онд Молотовын шахалтаар Монгол улс хойд хилээсээ нэлээд газрыг Орост өгөх гэрээнд гарын үсэг зурах тулгалтад автахад уг асуудлыг хариуцаж асан Аварзэд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуутай уулзан яах эсэхийг асуужээ. Төрийн тэргүүн өвгөн за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Гэхдээ “Хүү минь, хамгийн гол нь хойч үеэрээ хараалгуулах юм л битгий хийж үзээрэй” гэж сургамжилжээ. Гэрээнд гарын үсэг зурахыг Цэдэнбал шаардахад Аварзэд “Чадахгүй. Яагаад гэвэл би монгол хүн” гэж хариулсан гэх.
Евроазийн гаалийн холбоо гэх Москва төвтэй “Олон улсын байгууллага” байх. Анхны гишүүн нь Орос, Белорус, Казакстан гурав. Дараа нь Киргиз, Армян нэгдсэн. Украины Ерөнхийлөгч асан Янукович Европын холбоотой ойртохоос татгалзаж Евроазид идэвхийлнэ гэснээс болж тэнд хувьсгал гарч, амь зулбан зугтсан мань хүнийг мөнхийн урвагчаар заралсан. Евроазийн гишүүн болохыг эсэргүүцсээр нэрд гарсан нэгэн саяхан Армянд ард түмний дэмжлэг аван төрийн толгойд гарчихлаа. Гишүүн болсон Белорусын Ерөнхийлөгч Лукашенко элссэндээ толгойгоо шаан, үүнээс болж оросуудад турж үхтлээ шулуулж байгаагаа гайхан Путиныг нэрээр нь дуудан хараах боллоо. Гэтэл энэ байгууллагын албан сайтад “Монгол улс Евроазийн гаалийн холбоонд элсэхээр ярилцаж байгаа” гэсэн байх юм. Энэ бол шинэ юм биш, Гадаад яамны орлогч сайдаар богино хугацаанд ажиллаж асан нэгний тухайн үеийн санаачлага, хөөцөлдөөн. Одоо тэр нөхөр ШХАБ-д элсэх олон нийтийн хөдөлгөөн маягтай юм санаачилсан бололтой, ач холбогдол гэгчийг нь амаа цангатал ярьж явна.
Саяхан Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга гэх өөрийгөө геопалитикч гэж нэрэлдэг цоглог гар Москва орж Оросын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн удирдлагатай уулзжээ. Тэрээр гурван амлалт өгсөн гэх. 1. Монгол улс СНГ-д элсэнэ. 2. Монгол улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад элсэнэ. 3. Крымын хойг бол Орос улсын салшгүй хэсэг гэдгийг Монгол улс хүлээн зөвшөөрнө. Оросууд шоконд орчихоод тодруулж асуугаад байна. Дэлхийн 200 тусгаар улсаас хэнээс нь ч ийм том гэнэтийн бэлэг тэд хүлээж аваагүй яваа шүү дээ. Баярлаж буй ч чихэндээ итгэхгүй байгаа аж. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага гэдэг нь хуучин СССР-ийн бүрэлдэхүүнд байсан 9 улсын 1992 онд байгуулсан нэгдэл. Удалгүй гурав нь хаяад гараад явчихсан.
Энэ мэдээллийг Оросын болон Монголын хариуцлагатай хүмүүс шивнэж хэлсэн. Согтуу л байгаагүй юм арай үгүй байлгүй гэж бодож байна. Тэгээд ч нарийн бичгийн дарга гэдэг нь манай хуулиар гурван даргын уулзалтыг зохицуулж, бичиг цаасыг нь янзалж, гадуур дотуур хөөцөлдөх ажлыг нь амжуулж явдаг түшмэл болохоос улсаа төлөөлж амлалт өгдөг эрх мэдэлтэн биш л дээ.
Дээрх мэдээлэл үнэн ч бай худал ч байсан ер нь бид хаашаа яваад байнаа? Галзуурахад ганц хуруу дутлаа гэж үг байдаг. Заагладаг ганц хуруу нь одоо байгаа юм уу?!
БААБАР