Далхаагийн Норов бол монгол хэлт уран зохиолын ертөнц дэх маш хүчтэй хүүрнэлч, хүний сэтгэлийн утсыг чивчрүүлж чивчрүүлж байгаад төгсгөлд нь тон хийтэл татан тавьж, дүрүүдийн сэтгэл зүйн нарийн чанд хөврөлөөс уягдан эрчлэгдсэн уншигчийн сэтгэлзүйг ч бас донсолгон элдэвлэж чаддаг увидастай зохиолч. Түүнийг зарим уншигчид энэ цаг үеийн монголын хүүрнэл зохиол дахь хамгийн “зэвүүн“ дүрүүдийг бүтээсэн “зэвүүн“ зохиолч гэх нь ч бий. Түүний зохиол бүтээлд “зэвүүн үнэн“, “сэтгэлийн уянга“ аль аль нь тэнцүү байдгаас зохиолууд нь уншигчийн сэтгэлд тэгтлээ тод үлдэж, гүн сэтгэгдэл үлдээдэг биз ээ. Энэ удаад бид манай хүүрнэл зохиолын тулхтай төлөөлөгч, энэ цагийн нэгэн этгээд содон зохиолч Далхаагийн Норовын “ТЭЖЭЭВЭР ТЭРГҮҮТ ШИЛМЭЛ БҮТЭЭЛИЙН ЧУУЛГАН“ номоос уншсан хүний сэтгэлийг эрхгүй сэрхийлгэх дараах эшлэлүүдийг хүргэж байна.
1
Борог амьдралын хөх харгуйгаар бүдчин барин гэлдрэхэд нь яршигтай санагдах өдөр олон боллоо. Амьдрал хэмээгчийг үлгэр домгийн гайхамшигт ертөнц мэт бодож, тэр л ертөнцөд дураар зугаацан, үнэрлэж амтлахаас эхлээд таван мэдрэхүйгээрээ таалан хүртэхийн мөрөөсөлд богтлуулж, ухаангүй дурлалын урихинд ороод, зөн зүүдний тэнгэрт, торомгор охины хар нүдний хүслэнгийн гялбаа мэт харцанд буй бие минь халуу төөнөн шатаж, зүрхээ шимширтэл хайрлаж явсан минь саяхан мэт. Гэтэл одоо ухаангүй бүү хэл ухаантай дурлахаа ч болио юу даа.
2
Нөмрийг нь бодож, хогтой жалга сахиж хэвтсэнээс нүцгэн хярын оройд гараад даарч явсан минь дээр биз дээ.
3
Үхэл гэгч нь хүний биеийг огоорч, хорхой шавьжны сарвуунд ч болтугай хувилахуйн чанар мөн болбоос энд чухам тэр мөхлийн амт мэдрэгдэх ажгуу. Хүн устаж болно, харин оюун ухаан устахгүй гэдэг худал нь энд мэдэгдэнэ. Энд урьдаар оюун сэтгэл нь үхэж, зөвхөн хүн дүрстэй амьтан үлдээд эцэст нь зүс хувирган гүзээ шороодмуй. Хувь заяаны энэ зогсоолд ирэгсэд амьдрахуйн эцсийн энэ амтыг танимагц бушуухан тонилгохыг бурхан багшаас гуйн залбирсаар харахад бараа нь ухаан бүдрэм, сонсох дуу нь ад зэтгэрийг санагдуулам болох агаад эрлэгийн элчийг барьж авах гэсэн мэт гэтэн мяраан сүүтэгнэн тэмтчих нь чөтгөр бахдам.
4
Алиман сарны бүдэнт нүүрэнд ээжийн минь царай тодорч, түүдгийн гэрэлд тал сүүдэртсэн хүүгийнхээ нүүрийг хараад байх шиг. Гитарын утас чичигнэн цурхирахад бараан ойн навчис доргиж ээжийн тухай дуунд уяран, хүйтэн шүүдрээ унагаж байна уу гэж бодогдлоо. Ээжийнхээ тухай сайхан дуулмаар санагдан хоолой цээлшээд ирэв. Хэдэн арван хоног цээжин дээр дарж бөглөрүүлэн байсан бараан юм гэнэт зад үсэрч, дотор сэтгэлд хуралдсан гуниг харуусал, атаа хорсол, жигшил зэвүүцэл, ер юм бүхнийг минь угаан ариулж байна уу даа гэмээр байлаа.
5
Энд юм бүхэн бий шиг атал юм бүхэн байхгүй. Хайрлах, дурлах, хүсэх тэмүүлэх, алдах онох, бүтээх эвдэх гээд амьд ахуйн олон юм энд үгүй. Зөвхөн хүлээх дурсах буй.
6
-Арван зургаа, долоо хүрсэн охид хөвгүүд харчуудыг битүүхэн сэртэндэж, жиг жуг гэлцэн хов хөөцөлдсөөр нэг л мэдэхэд хэн нэгний нь дурлалын урхинд ороолдож, гарах тэнхэлгүй болно. Тэгмэгц хайр сэтгэлээ илчлэлцэж үнэнч явах тангараг өргөж, бушуухан эр эм болж, хорвоогийн жаргал эдлэхийг яаравч бас худал ичингүйрэн үнэнч эсэхийг нь турших инээдэмт жүжиг зохион тоглож, түүндээ
итгээд уйлж гуньж, зүрхээ шимшрүүлж үздэг юм. Үүнийгээ үнэнч дурлал гэж бодох бөгөөд жүжиг дуусмагц хурганы хурга шиг нялцгай хүүхэд гаргаад, жинхэнэ дурлах насны цээнд хүрэхэд аль аль нь гэр бүлийн амьдрал гэдгээс уйдаж амжсан, эрд нь өөр хүүхэн сайхан санагдах болоод, эм нь хүүхэдтэйгээ хаягдахгүйн тулд хардаж сэрдэж, уйлж дуулж, хэрүүл хэлцээ болон гүйсээр нэг мэдэхэд гуч хүрч сарнимхай амьдралд дасацгааж, найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх нь олширч, үнэнч дурлал байдаг ч болоосой гэж ам нийлэн гашуудаж, хэн нэг нь тэр үнэнч сэтгэлийг нь хулгайлаад авчихсан шиг л харуусна. Тэгээд хар санаатны гайгаар үнэнч дурлалыг эдэлж чадахгүй болж чухам түүнээс болоод өөрсдөө шалиглаж байгаа мэт санацгаах атлаа өөрийнхөө өрөөсөн гутлын паянг сонсмогц туйлаас жигшин тохуурхана. Тэгсэн атлаа нялуун гуниг нэвт шингэсэн дуу аялж, хуурамч дурлалын тачаангуй үйлийг амьдын жаргал хэмээн үхэн хатан хөөцөлдөж амралтын газар танилцсан зуурдын тачаалт янагаасаа хагацан ядаж, нулимс унаган, өөрийгөө гэнэн балчир ариун тунгалаг бүсгүй анх удаа л ийнхүү чамд хөл алдлаа гэж ажиггүй шивэгнэж, харих замдаа зүрх шимшрүүлэн шаналавч шөнийн бор хоногт эр нөхрийнхөө толгойг тас тэвэрч, чамайг их санаснаас болж үхэх шахлаа гэж үнэнээсээ хэлж чаддаг эхнэр болдог юм даа. Техникийн боол болж байгаа хүмүүст үнэнч дурлал хэрэггүй. Дурлал мөхөх болно гэж хэллээ.
-Яана аа гэж бүсгүй үнэнээсээ айн дуу алдав.
7
Би өвөл газрын амийг хадгалан харгалздаг, зун өвлийг санагдуулан хүйтнээр цоргидог шанд ус шиг л байхыг хүсдэг, газрын амь хөрсөндөө биш, гүндээ байдаг гэдэг биз дээ?
8
Хүслээ хазаарлаж, өөртөө дайсан шиг хандаж, тэгснээрээ бусдад ч мөн тийм байж, эрхшээлдээ оруулж байх нь миний гол хүсэл юм. Тэгэхгүй бол би өөрөө өөртөө эзэн байж чадахгүй, их л бол юм бүхэнд уусдаг давс шиг арчаагүй амьтан болно. Бусдад уусах юм бол би хүн биш дуураймал болно. Гэтэл бодоод байвал энэ хачин амьдрал намайг сэмэлж, уусгаж байна бус уу?
9
Үхэл гэгч нэгэн хүний мөнх нойрссоноор төгсдөг юм биш, тэр хүний нөхөр дайсан хоёрын сэтгэлд оршин байдгийг үзэв. Тэрхүү үхэл өнчин хоцорсон бяцхан охиных нь зүрхэнд, цал буурал болсон хөгшин эхийн нь сэтгэлд, төрсөн ахын нь тойрч займчсан үгэнд, аманцар бэргэний шулуухан асуусан асуултад нуугдан байгааг үзэв. Энд найрлан суугаа, муу бүхнийг умартан зайлуулсан амгалан царайтай энэ хүмүүсийн харцанд, өглөөхөн охин нь булаан авсан цэнхэр дээлийн шаглаасанд, Хишгээ хүүхний хонио хариулж явсан буурал царамд байгааг мэдэв.
Ийнхүү үхэлтэй улаан нүүрээрээ учирснаа мэдэв. Гэмгүй царайлан худал ярьж суугаа энэ Базарын цээжинд байгаа үхэлтэй учирснаа мэдэв. Ээж нь таг дуугүй, аймаар царайлан бор даавууны өөдөснөөс захиа гарган өгч -Үүнийг чи яах гэж бичсэн юм. Ямар тангаргийн тухай бичсэн юм гэж тулган асуугаад хуурай цийлгэр нүдээр дальдартал ширтсэн үед үхэлтэй учрав.
10
Эрээн бараан, цоорхой сэмэрхийтэй, бас нүүж хувирч, салж нийлж байгаа тэр үүлс яг миний сэтгэл шиг санагдлаа.
11
Сэтгэлд уйтгар хөвөлзөнө. Харих ч дур хүрэхгүй. Харивал ганцаардаж бүр уйдна. Ажил, ном хоёроор зүрхээ дарна. Уйдахыг хүчээр дарж, юунд ч болов, мөс шиг хүйтэн байх чадвараа алдаж байна уу?
12
Хөөтэй нэгэн банди ийнхүү үл мэдэх сонин баяр түгшүүрийг хослуулан, зүрхнийхээ нэг л содон лугшилтыг дөнгөж мэдрэн зогсоог тэр хэрхэн мэдэх билээ.
13
Бүх хүмүүс юмыг мартагнаж, саатаж, цэнгэл наадамд жолоо султгаж, ташуурч чаддаг байхад би хормын төдий ч алмайрч мартагнаж чаддаггүй. Хүмүүс бие сэтгэлээ зөнд нь тавьж оюун ухааныхаа хөвчийг суллаж, амарч цэнгэж чаддаг байхад би огтхон ч чадахгүй. Өчүүхэн зүйлийг ч гэсэн ямагт учир утгатай болгож, өөрийгөө болон бусдыг сэжиглэн хардаж, ажиглаж, түүнд хэрхэн хариулахаа бодож байдаг. Энэ бол миний зовлон, миний дутагдал.
14
Би ийнхүү бэртэгчин уярангуй жүжиг найруулан тоглуулсандаа бах ханаж байвч атаа хорсол цээжинд сэрэв. Харин янагийн жүжгийн гол дүрд тоглосон хоёр маань одоо яахаа мэдэхээ байж бодолд дарагдан сууна.
15
Бүсгүй уйлж унжиж биеэ зөнгөөр нь тавьсан бол надаар хамгийн хатуу цээртэй үг хэлүүлэх байлаа. Тэгээгүй учраас зүрх огшиж, нулимснаас гашуун цусаа бүх биеэр түгээх шиг болов.
-Чамайг зовоочихов уу даа, найз нь. Дахиад тэгэхгүй. Миний найз тайвшир! гээд Цэнгэл цүнхнээсээ цаасанд хулдсан нимгэн юм гаргаж ширээн дээр тавиад
-Сүүлд үзээрэй! гэснээ огцом эргэж надаас зугатах мэт түргэн гарлаа. Би гөлрөн суусаар хэзээ хойно үлдээсэн юмыг нь задаллаа. Бяцхан цээж зургийнхаа ард “Нохой мэт үнэнч“ гэж бичсэн байлаа.
Эх сурвалж: Ub.Life