Улсын нийслэл Улаанбаатар хот утаанд идэгдээд хэдийнээ 10 гаруй жилийн нүүрийг үзлээ.
Зундаа өмхий үнэр үнэртэж, өвөлдөө утаанд боогдох шахсан Нийслэлийн иргэд энэ байдалдаа дасчихсан гэхэд хилсдэхгүй. Дасахаас ч өөр аргагүй. Өвлийн эд тачир хүйтнээр ганц хоёр нь утааг эсэргүүцэж жагсаал хийхээс хэтрэхгүй. Харин хавар, намар, зун нь хэлээ хазаж, амаа үдүүлчихсэн мэт хэвээр.
Улаанбаатар хотын утаа Монголын агаарын чанарын стандартаас 14 дахин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын стандартаас 35 дахин хол давсан гэдгийг олон жилийн өмнө Дэлхийн банкнаас сануулж байсан. Тэгтэл өнгөрсөн онд Монголын агаарын чанарын стандартаас 20 дахин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас 45 дахин давсан гэсэн үзүүлэлт гарч байжээ. Харин энэ жил чухам хэд дахин их гэж тоо гарч “цус харвуулах” бол гэдгийг үнэхээр тааж мэдэхгүй.
Өнгөрсөн онд 8,2 тэрбум төгрөгийг утааны эсрэг үйл ажиллагаанд зарцуулж байсан. Түүнийгээ шөнийн цахилгааныг тэглэх, сайжруулсан зуух, түлш зэрэгт зарцуулж байсан ч Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол нэг хувиар ч буурсан үзүүлэлт гараагүй. Нэг ёсондоо төсвийн хөрөнгийн 8.2 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн гэхэд болно. Харин энэ оны хувьд БОАЖ-ынсайд Н.Цэрэнбатын саналаар агаарын бохирдлыг бууруулахын тулд 193 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөх болсноо мэдээлсэн. Мөн тэрээр өнгөрсөн сард агаарын бохирдолтой тэмцэхийн тулд шинэ агентлаг байгуулна хэмээн хурал хийж түүнийгээ УИХ-ынзарим гишүүдэд танилцуулсан. Уг шинэ агентлаг нь агаарын бохирдлыг бууруулахын тулд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг нэгтгэн, нэгдсэн удирдлага дор ажиллахявдал аж. Тэгэхээр агаарын бохирдолтой тэмцэх олон байгууллагууд бус нэг удирдлага дор үйл ажиллагаа явуулах ганцхан агентлагтай болно гэсэн үг гэв. Мөн дээрх хороо агаарын бохирдлын бууруулахад нийт 199 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн ч Сангийн яам 193 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн аж.
Шинээр байгуулагдах агентлагийн хувьд УИХ-ын зарим нэг гишүүдэд дэмжигдээд нэгддэг юм байж. Харин утаанд төсөвлөгдөх 193 тэрбум төгрөг тэр хэмжээгээрээ утааны эсрэг чиглэсэн үйл ажиллагаанд зориулагдах болов уу. 2007 оноос хойш утааг бууруулах нэр дор хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд олон бий ч тэр бүр ач тусаа өгсөн удаа байхгүй. Манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд нь төдийлөн үр дүн муутай хирнээ, өртөг ихтэй байгаагаас харахад гоё ганган нэртэй төсөл хөтөлбөрүүд санаачлан хэдэн тэрбумаар нь төсөвлүүлэн хувьдаа завшдаг гэдгийг өнгөрсөн жилүүдэд амжилт олж чадаагүй хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүд нотлох биз. Харин энэ жилийн хувьд 193 тэрбум төгрөгт чухам ямар ямар төсөл, хөтөлбөрүүд багтаж, утааг бууруулах ажил хийгдэх бол гэдгийг харах л үлдлээ.
Эх Сурвалж: Ene.mn
Бэлтгэсэн: Т.НОМУН