Энэ сарын 2-нд кино театруудад нээлтээ хийсэн шинэ уран бүтээлийн нэг “Асрагч аав“ инээдмийн уран сайхны кино үзэгч олноо хүрээд удаагүй ч хүн бүрийн үзэхийг хүсч буй кино болж чаджээ.
Уг бүтээлийн найруулагчаар Ц.Амартүвшин, продюсерээр жүжигчин Д.Хүрэлхүү буюу бидний сайн мэддэгээр Хүрлээ өөрөө ажиллажээ. Үүнээс гадна кино зохиолыг ч тэрбээр өөрөө бичсэн байна. Кино бүтсэн талаар өөр сонирхолтой мэдээлэл ч их байна. Жишээ нь дүрүүдэд Д.Хүрэлхүү, Г.Нарансолонго Р.Нандинцэцэг У.Хүслэн гэх уран бүтээлчид тоглосноос гадна Хүрлээгийн охин Г. Сүрэн ч энэ бүрэлдэхүүнд багтжээ. Тэрбээр өмнө нь мөн охин Г.Намуунтайгаа кинонд тоглож байсан билээ.
Ингэснээрээ жүжигчин аав хоёр охинтойгоо кинонд тоглосон анхны тохиолдол гэдгээрээ ч Монголын кино салбарт сонирхолтой баримтын нэг болж чаджээ.
Киноны үйл явдалын талаар товч дурьдвал, чинээлэг гэрийн эзэгтэй Сарнай Асрагч зуучлалын компани дээр ирж ажилд орохоор ирсэн хүмүүсээс ярилцлага авна. Тэрээр олон бүсгүйчүүдтэй ярилцсан ч цорын ганц эрэгтэй болох Гочоог ажилд авахаар сонгоно. Гочоо асрагч хийхээр айлд очиход эрх дураараа өссөн дөнгөж арван жилээ төгсөөд буй Индра, дэггүй нь дэндсэн бага ангийн сурагч Анар нар угтаж авна. Тэдний хөгжилтэй, баяр хөөр дүүрэн, адармаатай, эмгэнэлт түүхийг “Асрагч аав” киноноос та бүхэн хүлээн авч үзээрэй.
Инээдмийн төрлийн энэхүү кино дэлгэцнээ гараад удаагүй ч үзэгч олны зүгээс сайн уран бүтээл болсныг илтгэн цахим орчинд олны танил эрхмүүд өөрсдийн үзэл бодлоо хэрхэн илэрхийлснийг уншигч олноо хүргэж байна.