МЭДЭГДЭЛ
Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн оролцогч цаг бусаар, харамсалтайгаар амь насаа алдсантай холбоотой гарч буй олон төрлийн, эх сурвалжгүй, ташаа мэдээлэлд албан ёсны мэдэгдэл хүргүүлж байна.
Талийгаачид тохиолдсон явдалд “Боловсрол” телевизийн уран бүтээлчид төдийгүй “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгч, оролцогч, нийт багийнхан гүнээ харамсаж байгааг юун түрүүнд дахин илэрхийлье. Бид энэхүү харамсалтай үйл явдал болсныг мэдсэн өдрөөс өнөөдрийг хүртэл талийгаачийн гэр бүлийнхэнтэй байнгын холбоотой байгаа болно. Таалал төгссөн гэсэн мэдээг авмагц телевиз болон нэвтрүүлгийн багийнхны төлөөлөл ар гэрийнхэнтэй нь очиж уулзан эмгэнэл илэрхийлсэн юм.
Бид талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж нэвтрүүлгээ зогсоон завсарласны дараа гэр бүлийнхнээс ирүүлсэн хүсэлтийн дагуу харилцан ярилцаж талийгаачийн дүрсийг хасахгүйгээр дахин цацаж эхлэхээр болсон.
Хэргийн учрыг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд үнэн шалтгааныг илрүүлж эцсийн дүгнэлт гарахыг гэр бүл болон телевизийнхэн бүгд хүлээж байгаа. Энэ хугацаанд эх сурвалжгүй, худал хуурмаг мэдээлэлд автан телевизийн багийнхан, шүүгч, нийт уран бүтээлчид, гэр бүлийнхнийг гүтгэн доромжилж, нэр хүндэд халдаж байгаа үйлдэл нь хэрээс хэтэрч байгаад туйлын харамсаж байна.
Цаашид телевиз, нэвтрүүлгийн багийнхныг үндэслэлгүй гүтгэх, худал мэдээлэл тарааж гэр бүлийнхнийг нь үл хүндэтгэх зэрэг ёс зүйгүй, хууль бус үйлдэл гаргасан этгээдүүдийг хуулийн байгууллагад хандан шалгуулж хариуцлага тооцох болно гэдгээ илэрхийлж байна.
Тодруулбал, нэр бүхий сошиал суваг болон мэдээллийн сайтуудаар ор үндэсгүй, баталгаат эх сурвалжгүй мэдээлэл тархаж байгаа тул зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэх болно. Иймд үзэгч та бүхэн уг хэргийн дүгнэлт эцэслэн гараагүй байхад төрөл бүрийн таамаг дэвшүүлсэн сэтгэгдэл бичиж бусдын нэр хүндэд халдах улмаар худал мэдээлэлд автаж цааш түгээхгүй байхыг телевиз болон талийгаачийн ар гэрийнхний зүгээс хичээнгүйлэн хүсье.
Хүндэтгэсэн: Боловсрол телевиз, талийгаачийн гэр бүл