2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон. Монголын засаг төрийн эрхийг дүүрэн атгасан. Ийм нэгдмэл цул улс төрийн хүчин дуулвал дуу нэг, дугтарвал хүч нэгийн жишээг үзүүлж одоо л нэг том төслүүдийг хөдөлгөж, олон улсад Монголын нэр хүндийг өргөх боломж бүрдлээ гэж ард түмэн үзсэн.
Өө тэгсэн өнөө 65 нөхөр чинь юун Монголыг хөгжүүлэх, харин эсрэгээрээ Монголын парламент маань хямарч үзээгүйгээрээ хямарч байна. Ер нь Монголын парламентын засаглал тун эгзэгтэй үедээ ирлээ. Яагаад гэвэл ард түмэн УИХ гэсэн нэр сонсонгуут зүхдэг боллоо. Сүржигнэж байгаа юм биш, ард нийтээрээ ийнхүү парламентын засаглалаа зүхээд, тарахыг шаардаад, нэр бүхий тодорхой гишүүдийг заналхийлээд ирвэл ямар нэг үйлдэлд хүрнэ. Энэ бол сайн юм ерөөсөө биш.
Шулуухан хэлэхэд өнөөдөр олон түмний дийлэнх нь Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүчтэй хүний эрэлхийлэл, угтаа бол нэг хүний дарлалд орцгоох тухай ярьж эхлэв. Ганц хүчтэй удирдагчтай байхын сайны тухай амтай болгон ярьж, “Эцэг болон хайрлагдсан Чойбалсан” гэх алдарт дууг төв талбай дээр хоороороо дуулах шахуу юм болох нь. Үүнийг энэ парламентын 65 гишүүн нийгэмд бий болгов. Тулхтай, туршлагатай, 90 жилийн түүхтэй МАН энэ удаагийн сонгуульд хэтэрхий олон залуу хүнийг оруулж ирсэн нь ийнхүү урьд хожид парламентын түүхэнд байгаагүй хийрхэл, хэнээрхэл, цэцэрхэл, дэлхийд алдартай хүмүүсийн хэлсэн сайн үгсийн цуглуулгуудыг бий болгов. Энэ удаагийн парламент их улс төрд нас ямар чухлыг харуулж байна. Тэдний хийрхэл дэндлээ. Яг голоороо хоёр хуваагдчихаад үзэж тарсаар одоо хоёр дахь Ерөнхий сайдаа унагаж, их хуцвал Их хурлын даргаа авч хаях солиоролдоо оров. Оронд нь юу ярьж байна гэхээр “Манай нам лидергүй болчихлоо” гэж ярьцгааж байна. Тэгж яривал хамгийн олон лидертэй нам. Өөрийгөө өвгөн гэж цоллоод байгаа С.Баярыгаа авчирч тавихгүй юу. Тэгж яривал Миеэ яачихаад байгаа юм. Нямаагийн Энхболд Монголын улс төрийн ноён нуруу биш юм уу. Ийм нүжигнээн ихтэй цаг үед гялалзсан, тодорсон хүн гарч ирээд эмхэлж цэгцэлж байсан түүх байдаггүй юм. Алсын хараатай, аядуу тайван, бүх эрх ашгийг нэг огтлолцол дээр аваачдаг улс төрч л хэрэг болдог. Үүнийг дэлхийн улс орны практикаас харж болно.
Элдэв үг хэлж, шүүмжилж, парламентын засаглалыг зүхэж буй хүмүүс парламентын засаглалын үр шимээр л ийм эрх чөлөөг эдэлж байгаа гэдгээ огт ойлгохгүй байна. Ингэж өнөөдрийн Монголын төр засаг дахь бузар булайг уудалж, зах зухаас нь ард түмэндээ хүргэж чадаж байна гэдэг бол парламентын засаглалтай байгаагийн наад захын давуу тал гэдгийг олон хүн ойлгох ёстой.
Монгол Улс яагаад парламентын засаглалыг сонгосон талаар ерэн оны АИХ-ын депутат байсан хүмүүс одоо хэлдэг. Хоёр их гүрний дунд орших манайх шиг улс нэг хүний гарт төрийн эрх мэдлийг төвлөрүүлбэл аль нэг талынх нь хараат болох өндөр магадлалтай. Тийм замналаар явж ирсэн өчигдөрхөний түүх байна гэж. Тийм учраас олноороо хэлэлцэж төрийн хэргийн шийдвэрийг гаргаж байвал алдаа бага гарна гэж ерөнхийд нь үзсэн байдаг. Дээр нь элдэв хуйвалдаан нь илэрнэ, шийдвэр гаргах түвшний тэр олон хүнийг худалдан авахад хэцүү гэхчлэн хар бор олон л зүйлсийг ярилцацгааж байгаад парламентын засаглалыг сонгосноо ярьж байдаг юм.
Бас нэг олон нийтэд ярьдаггүй асуудлыг хэлэлцсэн байдаг юм. Тэр үеийн депутатуудын дийлэнх нь МАН-ын гишүүд байсан. Тэд ярилцахдаа хэрэв нэг хүн төрийн эрх мэдэх засаглалын тогтолцоог хийчихвэл бид хэзээ ч сонгуульд ялахгүй. Ардчиллынхнаас аль нэг нэр хүндтэй нь ялаад яваад байх юм байна. Тийм болохоор бид төрөөс шахагдах юм байна. Харин парламентын засаглалыг сонгочихвол бид ямарч байсан тойргоо тойгдоод олон хүн орж ирж төр барьж байх магадлалтай гэж ярилцацгаасан байдаг юм. Ерөнхийдөө бүдүүн хадуундуу ойлголтоор л тэдний ярьсан гол үзэл санааг бичээд байна. Ингээд бид парламент ёсыг сонгосон юм аа гэж ярьцгаадаг юм.
Үнэндээ парламентын засаглал шийдвэр гаргахдаа удаан байдаг ч бурууддаггүй. Үүний баталгаа бол өнөөдрийн бидний амьдрал. Хүмүүсийн амьдралын түвшин нийтээрээ дээшилсэнийг мэдэж байгаа. Саяхан л хувьдаа машинтай байна гэдэг зүүд байлаа. Тийм атал яагаад ард түмэн өнөөдөр уурлаад байгаа юм. Ганцхан л юм бий. Тэр нь манайх шиг баялагтай, манайхаас ч бага баялагтай орны иргэд баян амьдарч байхад бид ядуу байна гэсэн бухимдал. Үүний буруутан нь өнөөдрийн төр засаг болж харагдаад байна. Үнэн ч юм. Ийм парламенттай улс урагшаа ахих уу. Манайхыг сонирхож байдаг гадны хөрөнгө оруулагчид энэ бүгдийг мэдэхгүй суух уу… олон юм байна аа. Нийгмийн сэтгэл зүйн энэ их бухимдал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс нэг эвгүй мэдэгдэл хийсэн нь “Ганц хүний засаглал”-ыг бүр ч дэвэргэчихлээ л дээ. Ерөнхийлөгч: Өнөөдөр Монгол Улс муу, ядуу байгаа явдал нь нам даа ч бус, хүндээ ч бус, системийнхээ тогтолцоондоо байна аа гэж мэдэгдсэн нь нийгмийн эмзэг газрыг олоод хатгачихсан хэрэг болов. Энэ үг нийгэмд айхавтар нөлөөлж байна.
Бид тэртээ ерээд оны эхэнд Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бол өнөөдөр наад зах нь станы орны ерөнхийлөгч нар шиг зөвхөн эргэн тойрныхон нь, ах дүүс нь, найз нөхөд нь хагартлаа баяждаг. Бусад нь хувхай хоосон гуйлгачингууд улс орноороо ядуу сууж байх байлаа. Энэ мэтээр ганц хүний гарт улс орон байвал ямар их гай барцад авчирдаг жишээ баримтыг үй олноор нь дурдаж болно. Үүнийг ард түмэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж ойлгож байна. Саяхан ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин телевизээр ярихдаа “Хоёр хөрш маань дэлхийтэй зодолдоод эхэллээ. Орос Европын холбооны хоригт орсон. Хятад худалдааны дайнд орчихсон. Ийм үед энэ хоёр илүү ойр байх ёстой. Гэвч дунд нь Монгол Улс байна. Дунд нь байгаа талбартаа Америкийн эрх ашгийг байлгах уу. Ийм үед ардчиллын хамгийн том ололт гурав дахь хөршийн бодлого хаана явна” гэсэн утгатай зүйлийг ярьсан. Ухаж бодвол маш том зүйлийг хэлээд байна.
Тийм болохоор бид яавч Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй. Өнөөдөр Монгол Улсыг авч яваа МАН-ын 65 гишүүн хоорондоо хэрэлдээд орон гэрээ буулгах нь шиг байна. Шулуухандаа бол Монгол Улсыг нураах нь. Балчирууд чинь хоорондоо хэмлэлдээд эхэлсэн энэ цаг үед МАН-ын тулхтай, төрийн төлөө зүтгэж явсан хөх харчууд цуглаж ярих цаг болсон юм биш үү. Монголд өнөөдөр буй болоод байгаа улс төрийн зохиомол хямралыг танай намын УИХ-ын гишүүд хийгээд эхэллээ. Зохиомол хямрал зохиогчтой л байж таарна. Өөрсдөө жүжигчид нь болчихсон яваагаа танай намын 65-ын хүүхдүүд мэдэхгүй явна. Хийсэн мэхийг нь дагуулж өөрийн барилдаанаа хий гэсэн үг байдаг юм. Өөрсдийгөө том, шударга, мундаг улстөрчид болчихсон гэж МАН-ын 65-ын бүлгийн залуус бодож яваа байх. Гэтэл та нарыг дагуулж тонгороод байгааг мэдэх цаг нь болжээ. Эцсийн дүгнэлтээ хэлье, МАН-ын 65 гишүүний хоорондын ужиг, увайгүй зодоон энэ хэвээр үргэлжилбэл ард түмний дургүйцэл туйлдаа хүрч “Энэ муу 76 новшоор юугаа хийдэг юм. Ганц сайн Путинтэй болъё” гэснээр Монголын парламентын засаглалын “хойдохыг унших” юм байна. Тэгээд засаглалын дараагийн хувилбарыг сонгож таарна… Монголын улс төрийн зохиомол хямрал ийм л үр дүн рүү явж байна. Бас нэг аймаар замын зураглал харагдаж байна. Ирэх хаврын бэлтгэл гэж хэлж болох юм даа. Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрэхэд гудамжинд эмх замбараагүй байдал үүсгэж Онц байдал зарлаж Үндсэн хуулийн үйлчлэлийг бүрэн зогсооно. Тэгээд Монгол Улсыг нэг удирдлагад оруулах замаар л цааш явчих вий дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин